“Уимбльдон”-ы шагналын санг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Уимбльдон”-ы шагналын санг нэмжээ

Талбайн теннисний спортын хамгийн нэр хүндтэй, чансаа өндөртэй “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг болох “Уимбльдон”-ы шагналын сан нэмэгджээ. Ингэснээр энэ жилийн “Уимбльдон” тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчид 1,7 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэх талаар зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Энэ нь 2010 оны тэмцээнээс 163 мянган ам.доллараар өссөн дүн бөгөөд тэмцээний нийт шагналын сан 23,8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 6,4 хувиар илүү ажээ.

Өнгөрсөн жилийн финалд Томаш Бердыхийг хожсоноор аваргалж байсан Рафаэль Надаль болон Вера Звонареваг буулган авснаар тэргүүлж байсан Серена Уильямс нар тэмцээний түүхэнд анх удаа нэг сая фунт стерлинг буюу 1,6 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэж байлаа. Гэхдээ “Их дуулга”-ын цуврал тэмцээнүүдээс шагналын сан хамгийн өндөртэй нь Австралийн нээлттэй тэмцээн. Энэ жил тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Новак Жокович, Ким Клейстерс нар тус бүр 2,2 сая ам.доллараар дансаа зузаатгажээ.
Дашрамд сонирхуулахад, 2011 оны “Уимбльдон” тэмцээн зургадугаар сарын 20-нд эхлэх бөгөөд тэмцээнийг зохион байгуулах талбайг шинэчилснээр үзэгчдийн суудлыг 1000-аар нэмэгдүүлсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж