”Тавантолгой”-н нүүрс тээвэрлэх эрхийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

”Тавантолгой”-н нүүрс тээвэрлэх эрхийг хязгаарлана

Энержи  ресурс, Тавантолгой­гоос урд хөрш рүү нүүрс тээвэрлэх ажил өдөр, шөнөгүй үргэлжилж нүүрс тээвэрлэх даац, замын ачаалал зэрэг олон стандарт зөрчигдөж байгаа билээ. Харин Авто тээврийн газраас энэ замыг засварлах хүртэлх хугацаанд нүүрс тээвэрлэхийг нь хориглохоор болжээ. Энэ талаар Авто тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга С.Батболд ингэж ярьж байна.

-Энэ замын тухайд хэвлэлүүд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Асуудлыг яагаад ийм хожуу гаргаж тавих болов?

-Бид өмнө нь зогсоох оролдлого хийж байсан. Үүний хариуд холбогдох газруудаас улс орны эдийн засагт оруулах хөрөнгө, тэнд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, сул зогсолт зэрэг эрсдэлтэй  асуудлыг тавьдаг байсан. Түүнээс биш бид өнөөдөр сэрээд үүнийг зогсоож байгаа юм биш.

-Осол аваар их гардаг юм билээ?

-2010 онд Ухаа худагаас Гашуун сухайт руу явах замд 33 удаа зам тээврийн осол гарч 30 монгол, гурван хятад иргэн нас баржээ.

-Одоо тэнд байдал ямар байна  вэ?

-Яг одоо тэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар ажиллаж байна. Мөн манай Авто тээврийн газраас хяналт шалгалт хийж байгаа. Ер нь тэнд өдөр, шөнөгүй тээвэрлэлт хийгээд битүү шороон зам болчихсон байгааг хүн бүр мэдэж байгаа. Замын өргөн нь километр орчим үргэлжилж, маш олон салаалсан. 

-Замын асуудлаас гадна тээвэрлэлтийн хувьд даац хэтрүүлэх байдал хяналтаас гарсан?

-Уг нь 44 тонноос хэтрүүлэхгүй байх ёстой. Гэхдээ бодит байдал дээр 100 тонныг  ачиж байна. Үүнийг бид хориглохоор цаад байгууллагаас нь “44 тонноор тээвэрлэлт хийхэд ашиггүй байна. Бусад оронд 200, 300 тонноор нь ачдаг” хэмээн эсэргүүцдэг. Бусад оронд энэ төрлийн тээврийн хэрэгслээ тусгай замаар явуулдаг. Харин манай зам ямар билээ. Тиймээс ашигт малтмал тээвэрлэх тусгай зам, ачааны даацтай холбоотой стандартуудад өөрчлөлт оруулна. 

-Уурхайн тээвэрлэлтийг зогсоохоор урд хөрш рүү гаргах нүүрсний хэмжээ эрс багасах уу?

-Бид зөвхөн уурхайгаас Цагаанхад хүртэлх замын тээвэрлэлтийг зогсоосон. Гаалийн талбай дээр овоолсон багагүй хэмжээний нүүрс бий. Түүнийг өдөрт 350-400 удаа машинаар зөөхөд сар гаруйн хугацаа өнгөрөх байх. Энэ хооронд замын нөхцөл байдал сайжирна. Ерөнхийдөө Ухаа худаг-Гашуун сухайт-Ганц модны чиглэлийн замыг ирэх наймдугаар сард дахин нээнэ.

-Энэ хугацаанд гарах эдийн засгийн алдагдлыг нь бодож үзсэн үү?

-Түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Уурхайгаас гарч байгаа нэг машин нүүрсийг 25-40 мянган төгрөгөөр үнэлдэг. Тэгэхээр өдөрт хэчнээн машин нүүрс тээвэрлэн өнгөрдгийг тооцвол багагүй тоо гарах байх. Гэхдээ энэ замд анхаарал хандуулж, ашигт малтмалын олборлолтоо бодохоос илүү тэнд ажиллаж байгаа ажиллагсад, оршин суугчдын нөхцөл байдлыг анхаарах нь зөв болов уу.

Т.Есөн-Эрдэнэ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж