Үнэ нэмснээр эрчим хүчний салбар сайжрахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Үнэ нэмснээр эрчим хүчний салбар сайжрахгүй

Эрчим хүчний зохицуулах газраас хэдхэн хоногийн өмнө цахилгаан, дулааны үнийг нэмэхээ мэдэгдсэн. Ингэхдээ айл өрхийн цахилгааны үнийг дөрвөн төгрөгөөр, аж ахуйн нэгжийнхийг 10.3 хувиар нэмэхээр болсон. Мөн энэ үнийн нэмэгдэл эдийн засагт нөлөөлөхгүй хэмээн мэдэгдээд байгаа. Эрчим хүчний зохицуулах газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тооцоолсноор цахилгаан дулааны үнийг ийм хэмжээгээр нэмэхэд талхны үнэ 5-6 төгрөгөөр өсөх бололтой. Үүнийг эсэргүүцэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар цахилгааны үнийг нэмэгдүүлснээр иргэдийн амьжиргааны өртөг өсч, аж ахуйн нэгжүүд цахилгааны үнийн өсөлтийг бараа бүтээгдэхүүний үнэд шингээх эрсдэлтэй гэнэ. Өмнө нь Эрчим хүчний зохицуулах газрын шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр эрчим хүчний үнийг дунджаар 17.35 хувь, дулааны үнийг 14.5 хувиар нэмэгдүүлж байсан билээ. Энэ нь “Талх чихэр” “Сүү”, “Мах Импекс”, “Алтан тариа” зэрэг компаниудын цахилгааны үнийг 17.35, дулааны үнийг 14.5 хувиар нэмсэн. Энэ дагуу  тооцоход эдгээр компаниудын нийт зардал 0.7-1.8 хувиар нэмэгдэж байв. Үүнийг нарийвчилбал “Атар” талхны үнэ 10 төгрөг, гурилын үнэ 4-5 төгрөгөөр нэмэгдэх тооцоо байсан аж. Гэтэл бодит байдал дээр тухайн үед нэгдүгээр зэргийн гурилын үнэ томоохон захууд дээр 70-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн талхны үнэ 20 орчим төгрөгөөр өсч байсан.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Цахилгаан, дулааны үнийг нэмж байгааг буруутгах гол үндэслэл тань юу вэ?

-Цахилгаан, дулааны үнийг нэмснээр эрчим хүчний салбарын бэрхшээлээс гарна гэсэн бодлогын зохицуулалт маш буруу. Засгийн газраас өөр арга хэмжээг санаачлан хийх ёстой. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн салбарыг сөхрүүлэх, ажлын байрыг цөөрүүлэх сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Төгрөгийн худалдан авах чадвар 2008-2010 онд ойролцоогоор 26 хувиар буурсан. Энэ нь бараа бүтээгдэхүүний өсөлтөөс үүдэлтэй гэдэг нь тодорхой шүү дээ. Ийм байхад нь цахилгаан, дулааны үнийг нэмж болохгүй.

-Эрчим хүчний зохицуулах газрын тооцоолсноос өөр дүн гарч бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл яах вэ?

-Энэ тооцоолол амьдрал дээр бодитой хэрэгжвэл бид баярлана. Үгүй бол энэ шийдвэрээ цуцлах ёстой. Бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг л тавьж байгаа юм.

-Эрчим хүчний өрийн сүлжээ, бэрхшээлийг өөрөөр шийдэж болно гэж танай холбоо үзэж байна уу?
-Эрчим хүчний салбар бол аль ч улсад хүнд салбарт тооцогддог. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын эрчим хүчний салбар ашиггүй ажиллаж өр, зарлагадаа дарагдсан байж болно. Гэхдээ үүнийг техникийн шинэчлэл, хөдөлмөр зохион байгуулалт, олон улсаас орж ирж байгаа зээл тусламжийг энэ салбарт чиглүүлэх зэрэг арга замаар шийдэх ёстой байсан. Ер нь эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд олон тэрбумыг шингээсэн. Тийм байхад хөл дээрээ босч чадахгүй байгаа нь энэ салбар зах зээлийн нөхцөлд тохирч ажиллаж байна уу гэдэг асуултыг тавихад хүргэж  байна гэсэн үг .

Т.Есөн-Эрдэнэ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж