
Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Цахилгаан, дулааны үнийг нэмж байгааг буруутгах гол үндэслэл тань юу вэ?
-Цахилгаан, дулааны үнийг нэмснээр эрчим хүчний салбарын бэрхшээлээс гарна гэсэн бодлогын зохицуулалт маш буруу. Засгийн газраас өөр арга хэмжээг санаачлан хийх ёстой. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн салбарыг сөхрүүлэх, ажлын байрыг цөөрүүлэх сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Төгрөгийн худалдан авах чадвар 2008-2010 онд ойролцоогоор 26 хувиар буурсан. Энэ нь бараа бүтээгдэхүүний өсөлтөөс үүдэлтэй гэдэг нь тодорхой шүү дээ. Ийм байхад нь цахилгаан, дулааны үнийг нэмж болохгүй.
-Эрчим хүчний зохицуулах газрын тооцоолсноос өөр дүн гарч бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл яах вэ?
-Энэ тооцоолол амьдрал дээр бодитой хэрэгжвэл бид баярлана. Үгүй бол энэ шийдвэрээ цуцлах ёстой. Бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг л тавьж байгаа юм.
-Эрчим хүчний өрийн сүлжээ, бэрхшээлийг өөрөөр шийдэж болно гэж танай холбоо үзэж байна уу?
-Эрчим хүчний салбар бол аль ч улсад хүнд салбарт тооцогддог. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын эрчим хүчний салбар ашиггүй ажиллаж өр, зарлагадаа дарагдсан байж болно. Гэхдээ үүнийг техникийн шинэчлэл, хөдөлмөр зохион байгуулалт, олон улсаас орж ирж байгаа зээл тусламжийг энэ салбарт чиглүүлэх зэрэг арга замаар шийдэх ёстой байсан. Ер нь эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд олон тэрбумыг шингээсэн. Тийм байхад хөл дээрээ босч чадахгүй байгаа нь энэ салбар зах зээлийн нөхцөлд тохирч ажиллаж байна уу гэдэг асуултыг тавихад хүргэж байна гэсэн үг .
Т.Есөн-Эрдэнэ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин