Шатахууны үнэ хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ хямдарчээ

Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээлд газрын тосны ханш өссөн үзүүлэлттэй байсан хэдий ч энэ нь шатахууны үнэ ханшид өөрчлөлт үзүүлэх хэмжээний өсөлт байгаагүй бололтой. Харин ч бүр хямдруулах боломж байгаа гэх найдварыг төрүүлж байна. Үнийн дүнг дурьдвал А92 бензин 1350 төгрөг байсан бол 1300 төгрөг, А80 бензин 1190 төгрөг байсан бол 1140 төгрөг болсон байна. Мөн дизель түлш 50 төгрөгөөр буурч 1390 төгрөг болсон байна. Шатахуун түгээх станцуудын ханш бүгд адилхан 50 төгрөгөөр хямдарчээ.

Шатахууны үнийн энэхүү бууралтын талаар Нефть, хий ассоциацын гүйцэтгэх захирал Л.Норовчренчингээс тодруулахад “Дэлхийн зах зээл дээр нефтийн  үнэ хэдийгээр өсөлттэй байгаа ч дотооддоо нийлүүлэх шатахууны үнэд ямар нэгэн байдлаар тохиргоо хийх боломж бидэнд бий. Өөрөөр хэлбэл бид шатахууны үнийг бага зэрэг нааш цааш нь хөдөлгөх боломжтой гэсэн үг. Энэ удаад 50 төгрөгөөр хямдруулах болсонг бага зэрэг гайхаж байна. Гэхдээ үүнээс илүү хямдруулах боломжийг судлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна” хэмээн ярьж байна.

Энэ талаар “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан тухай мэдээлэл хэрэглэгчдийг баярлуулж байна. Харин дэлхий нийтээр газрын тосны үнэ өсч байхад яагаад буулгах болсон шалтгааныг тэр бүр мэдэхгүй байна?

-Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан нефть импортлогч компаниуд шатахууны үнээ хямдруулсан. “Петровис” компанийн хувьд “НИК” компаний 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан АИ-80, АИ-92, дизелийн шатахууны үнийг тус бүр 50 төгрөгөөр хямдруулж хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.

-Тэгвэл зөвхөн Монголд тохиож буй түр зуурын завшаан гэж хэлж болох юм байна. Харин цаашид буюу ойрын үед шатахууны үнэ тогтворжих, эсвэл буурах хандлага ажиглагдаж байна уу?

-Дэлхийн зах зээл дээр баррель нефтийг үнэ 120 ам.доллараас давж, урьд нь байгаагүй дээд хэмжээнд хүрээд байгаа. Манай улсын хувьд импортын шатахууныг дагнаж хэрэглэдэг. ОХУ-аас шууд хараат байдаг учраас цаашид шатахууны үнэ буурна гэж хэлж чадахгүй.

-Хэдийгээр “Роснефть”-ээс өндөр үнийн санал ирдэг ч Засгийн газрын зохицуулалтаар хэрэглэгчдэд учрах дарамтыг багасгаж буйг. Харин үүнд нефть импортлогчид шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ удаад шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан нь Засгийн газрын зохицуулалтаас хамааралгүй гэж ойлгож болох уу?
-Засгийн газраас татварын зохицуулалт хийснээр шатахууны үнийн хэлбэлзлийг тогтворжуулдаг. Харин энэ удаа Засгийн газраас шалтгаалаагүй.

Ямар ч байсан үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг хэмээн байнга хардлагад өртдөг нефть импортлогчид үнээ бууруулж, салбарын ойдоо бэлэг барьжээ. Өөрөөр хэлбэл үгсээд үнээ хямдруулж чаддаг л юм байна. Иргэдтэй уулзахад бүх шатахуун түгээх станцууд нэгэн зэрэг үнээ бууруулсныг мэдээгүй нь олон байлаа. Харин мэдсэн нэгэн нь шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсанд бага зэрэг голонгуй өнгө аястай хандаж байв. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээ, тэр дундаа том оврын автобусын жолооч нар үүнийг хямдрал гэж үзэхгүй байна. “Тэнүүн-Огоо”, “Блюбус” зэрэг хувийн автобус баазын жолооч нар  “Өдөрт 100 литр түлш зарцуулдаг автобусаар нийслэлийн энэ их түгжрэл дунд ажиллах нь автобус бааздаа оруулах ашгийг улам багасгаж байгаа. Тийм болохоор бидний цалинг ажлын бүтээмжтэй уялдуулан тооцдог болсон. Шатахууны үнийг дор хаяж 150-300 төгрөгөөр хямдруулах хэрэгтэй” хэмээн ярьж байна.

Хувиараа тээвэр эрхлэгч Х.Сайнжаргал ийнхүү ярьж байна.

-Би өдөрт 20 мянгад түлш хийдэг. Олдог орлого маань үүнийгээ давахгүй байх нь бий. шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа гээд би баярлаад яах вэ дээ. Эргээд 500 төгрөгөөр нэмэгдэх ч юм билүү. Гэхдээ чиний хэлж буйгаар дэлхий даяараа өсч байгаа бензиний үнэ манайд буурч байгаа нь сайхан л хэрэг байна. Үүнээс илүү хямдрах боломжтой гээд ойлгогдож байна. Гэхдээ удахгүй талх, гурилын үнэ нэмэгдэх сураг сонсогдоно билээ. Тэгэхээр ямар ч ялгаа байхгүй юм биш үү. Нэмэгдлээ, буурлаа гэх ярианд бараг дөжирч байх шиг байна даа.

Т.Есөн-Эрдэнэ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж