Гал түймрийн нэн аюултай бүсүүдэд анхаарахыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Гал түймрийн нэн аюултай бүсүүдэд анхаарахыг санууллаа

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, мал, амьтны гоц халдварт өвчин болон шувууны томуу өвчин, БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай хэлэлцлээ. Архангай аймгийн Эрдэнэмандал, Өвөрхангай, Хархорин, Булганы Бугат, Ингэт толгой, Орхон аймгийн Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Орхонтуул, Цагааннуур, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант, Баянчандмань, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтийн Баян-Овоо, Дадал, Биндэр, Дорнодын Чойбалсан, Дашбалбар сум болон Улаанбаатар хотын ногоон бүс түймрийн нэн аюултай зэрэглэлд хүрч, түймэр гарах магадлал өндөр болжээ. Тиймээс ой, хээрийн түймрээс  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даалгалаа. Мөн БНХАУ-д гарсан халдварт өвчнүүдийн тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтмол авахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов. Бог мал төллөж байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлэн богино хугацаанд чанартай хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Дамдиндорж нарт даалгав. Үүнээс гадна шувууны томуу өвчний дээжийг Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын бүсийн лавлагаа авах лабораторид илгээж, онош баталгаажуулах, зэрлэг шувуудын дунд тандалт, судалгаа хийн сэжигтэй тохиолдолд яаралтай  арга хэмжээ авахыг анхаарууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж