Сонгуулийн өмнөх өдөр зөөврийн хайрцгаар санал авна

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өмнөх өдөр зөөврийн хайрцгаар санал авна

Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбаттай уулзаж, зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажлын талаар тодруулж ярилцав.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдахад цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг хэзээ авах вэ?

-Санал авах өдөр санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг 2013 оны 6 дугаар сарын 25-ны мягмар гарагийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заасан. Тухайлбал,

  • дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
  • захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
  • байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;
  • батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч;
  • хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны төв байгууллагын харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч;
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй зэрэг сонгогчдын саналын зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм.

-Эдгээр сонгогчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгье гэвэл хэзээ, хаана, хэнд хандах вэ?

-Нэгдүгээрт, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгч чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд бичгээр гаргана.

Сонгогч хүсэлтдээ эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар гарын үсэг, санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан, биеийн эрүүл мэндийн байдлын тухай тодорхой бичиж эмч, эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргасан байх шаардлагатай юм.

Хоёрдугаарт, санал авах өдөр нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогчдын тодорхойлолтыг баг, хорооны засаг дарга нь, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгогчдын тодорхойлолтыг цагдаагийн байгууллага, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэл, хил хамгаалах тусгай анги, салбарт алба хааж байгаа сонгогчдын тодорхойлолтыг тухайн цэргийн анги, нэгтгэл, тусгай анги, салбар тус тус өөрийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа сонгуулийн хэсгийн хороонд 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө гаргаж хүргүүлнэ.

-Тэгвэл тухайн сонгогч өөрийнх нь саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах эсэхийг яаж мэдэх вэ?

-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх тухай сонгогчоос ирүүлсэн хүсэлт, холбогдох байгууллагын тодорхойлолт, магадлагааг ирүүлсэн даруйд нь хэсгийн хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ тухай сонгогчид болон холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

Харин сонгогчийн хүсэлтэд дурдсан үндэслэл, шалтгаан, эмч, эмнэлгийн байгууллагын магадлагаагаар сонгогчийн биеийн эрүүл мэндийн байдал нь түүнийг санал авах газар хүрэлцэн ирэхэд саад болохгүй нь нотлогдож байна гэж үзвэл хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно.

Хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн  жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан маягтын дагуу тусад нь гаргаж сонгогчдын нэрийн жагсаалтыг хуралдаанаараа хэлэлцэн батлах юм.

-Ер нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг яаж зохион байгуулдаг юм бэ?  

-Хэсгийн хороо хуульд заасны дагуу гаргасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн санал авах чиглэл, хуваарийг баталдаг.

Ингээд санал авах чиглэлээ гаргана. Чиглэлийнхээ дугаар, санал авахаар очих газрын нэр, сонгогчийн оршин суугаа газрын хаяг, нэр, ирж очих чиглэл, хоорондын зай, зарцуулах хугацааг цаг, минутаар нарийн тооцож гаргасан байх байх ёстой.

Түүнчлэн санал авах хуваарийг гаргахдаа чиглэл тус бүрээр санал өгөх сонгогчийн тоо, саналын хуудасны тоо, саналын хайрцагны тоо, дугаар, лацны дугаар, хэсгийн хорооны гишүүн, тээврийн хэрэгслийн нэр, улсын дугаарыг нэг бүрчлэн бичиж үйлддэг.

Ингээд 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан санал авах зөөврийн хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж лацдсаны дараа санал авах зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагны тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал авах хуваарь, хайрцаг болон лацны дугаарыг тусгасан мэдээллийг тусгасан тэмдэглэл үйлдэж түүнд хэсгийн хорооны бүх гишүүн гарын үсэг зурдаг.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин байгаа газарт нь очиж авдаг. Энэ ажиллагаанд сонгуульд оролцож байгаа намуудын 2-оос доошгүй тооны ажиглагчид оролцож хяналт тавих боломжтой.

-Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хорооны гишүүд унаанд сууж явахдаа сонгуулийн дүнд нөлөөлөх оролдлого хийдэг гэсэн хардлага гарч байсан?

-Сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайргцаар авах ажлыг хэсгийн хороо өөрийн унаагаар гүйцэтгэдэг. Таны асуултад дурьдсан элдэв хардлага, сэрдлэг гаргахгүй байх зорилгоор хэсгийн хорооны гишүүдийг унаанд сууж буухдаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, лац, саналын хуудас, сонгогчдын нэрийн жагсаалт зэргийг ажиглагчдад харуулж, хянуулж байх талаар журамласан.

-Сонгогч хэдийгээр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн ч санал өгөх үедээ ямар бичиг баримттай байх ёстой вэ?

    
-Сонгогч өөрийн иргэний үнэмлэхээ бэлдсэн байхад хангалттай. Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, тэмдэглэл хийж саналын хуудас олгоно.

Саналаа өгч байгаа газар нь санал авах байр биш ч хэсгийн хорооны гишүүд тухайн сонгогчийн саналаа нууцаар гаргах боломжийг хангасан санал тэмдэглэх бүхээгийг бэлтгэн авч очих ёстой. Санал өгөх үед санал авч байгаа газар нь тухайн сонгогчийн орон байр бол тухайн сонгогчийн гэр бүлийн гишүүн, тухайн газар нь эмнэлэг бол хүнд өвчтөн байхыг зөвшөөрөх бөгөөд бусад зөвшөөрөлгүй этгээд, нэр дэвшигч байхыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Сонгогч саналаа тэмдэглэхдээ юуг анхаарах ёстой вэ?     

-Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахаар очсон хэсгийн хорооны гишүүд тухайн сонгогчид саналаа саналын хуудсанд хэрхэн тэмдэглэх талаар зааварчилгааг ийнхүү тэмдэглэх зааврын хамт өгнө.

Харин сонгогч бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналын хуудаст өөрөө тэмдэглэл хийж чадахгүй бол өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаа авч болно. Хараагүй сонгогчдын хувьд брайль үсэг бүхий тусгай хавтасны тусламжтайгаар саналаа саналын хуудаст тэмдэглэх боломжтой.

Сонгогч санал тэмдэглэсэн саналын хуудсаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.

Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийхээс өмнө хэсгийн хорооны гишүүнд мэдэгдэж хураалган, дахин нэг саналын хуудас авч саналаа өгч болно гэж хуульд заасан.

Хэсгийн хорооны гишүүн санал өгсөн сонгогч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн хүмүүсийн саналыг хэзээ тоолох вэ, дүнг нь яаж гаргадаг юм бэ?

-Сонгуулийн санал авах өдөр буюу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 07:00 цагт нээж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн хүмүүсийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Ингээд 22:00 цагт санал хураалт дууссаны санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын дүнг хэвлэн авч хэсгийн хэмжээнд дүнг гаргана.

 Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж