СЕХ-г эрхтэй бус, үүрэгтэй болгох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

СЕХ-г эрхтэй бус, үүрэгтэй болгох хэрэгтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Б.Жаргалсайхан: Сонгуулийн Ерөнхий хороог эрхтэй бус, үүрэгтэй болгох хэрэгтэй Тэрбээр “Монгол Улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт улс төрийн намуудын хэлэлцүүлгийн үеэр өчигдөр ийн хэлсэн юм. Энэхүү хэлэлцүүлгийг Иргэний зориг-Ногоон намаас зохион байгууллаа. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацаа тун бага үлдээд байгаа. Сонгуулийн тогтолцооноос гадна сонгуулийг шударга явуулах, мөнгө тараах, хариуцлага, сурталчилгаа зэрэгт хэрхэн хяналт тавих вэ гээд олон асуудал бий. Харин энэ удаа Иргэний зориг-Ногоон намынхан сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хэрхэн хийх талаар Ардын нам, Ардчилсан нам, Үндэсний шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, УИХ-ын зарим гишүүнтэй ярилцлаа. Сонгуулийн тогтолцоог хэлэлцэхэд гацаа үүсгээд байгаа гэх УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Сонгуулийн тогтолцоогоо боловсронгуй болгох хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Мажоритар тогтолцооны сөрөг болон эерэг тал бий. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг нэгтгэсэн. Саналын хуудас тоолох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, дүн гаргах гэсэн гурван асуудлаас бусад нь хэлэлцэхэд бэлэн болчихсон. Манай нам дангаараа уг хуулийн төслийг хэлэлцэхгүй. Тиймээс сайн хэлэлцэж, ярилцах нь зүйтэй. Шинэчилсэн төслийг баталчихаар Үндсэн хуулийн Цэц дээр унах аюултай байдаг” гэдгийг хэлэв. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Бид 1990 онд пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулсан. Түүнээс хойш пропорциональ тогтолцоо байхгүй болсон. Ардчилсан нам анхнаасаа Сонгуулийн тухай хуульд зохицож явахаас өөр аргагүй байсан юм. Пропорциональ тогтолцоогоор явъя гэхээр Үндсэн хуультай зөрчилддөг. Учир нь энэ тогтолцоогоор нам бус УИХ-ын гишүүнийг сонгоно гэдэг. Тиймээс манай нам пропорциональ тогтолцооны элемент оруулъя гэдэг дээр санал нэгдсэн юм. Намуудын санхүүжилтийг ил тод болгох үүднээс манай нам нэр дэвшигчдээс татвар авдаг болсон” хэмээж байлаа. Ийнхүү эрх баригч хоёр нам байр сууриа илэрхийлсний дараа Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан саналаа хэлэв. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийн чухам юу нь яагаад болохоо байчихсаныг гаргаж ирэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл цэг тавих ёстой. Зарим хүн холимог тогтолцоо гэгч дэлхийн хаана ч байдаггүй тогтолцооны тухай ярих хэрэггүй. Харин мажоритар, пропорциональ тогтолцооны чухам аль нь вэ гэдгээ л сайн ярилцах хэрэгтэй юм. Ер нь сонгуулийн булхай иргэний бүртгэлээс л эхэлдэг. Цаашлаад сонгуулийн хэсэг, дүүргийн хороод намын удирдамжаар ажилладаг. Энэ бүгдийг хуулиар зохицуулах ёстой юм. Сонгуулийн ерөнхий хороог эрхтэй бус, үүрэгтэй л болгох дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ удаа сонгууль мажоритар тогтолцоогоор явах байх. Тиймээс ирэх сонгуулийн маргааш сонгуулийн тогтолцооны талаар ярих хэрэгтэй. Мөн Үндсэн хуультай хамтад нь өөрчлөх тухай хэлэлцэх ёстой” гэв. Энэ үеэр Иргэний зориг-Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт “Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд таван сар 10 хоног л үлдээд байна. Намуудын байр суурь ерөнхийдөө ойролцоо байна. Тиймээс хурдан хэлэлцэх хэрэгтэй” хэмээсэн юм.

    Улс төрийн намуудын удирдлага, төлөөллүүд сонгуулийн тогтолцооны талаар санал солилцсон хэлэлцүүлгийн төгсгөлд нэлээд маргаан өрнөв. Монголын уламжлалын нэгдсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд “Эрх барьж байгаа хоёр нам УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа таван хүний амь нас юунаас болж үрэгдсэнийг хэл” хэмээн нэлээд бухимдав. Харин үүний хариуд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Тэр үед юу болсныг хэн бүхэн мэдэж байгаа. Харин одоо сонгуулийн тогтолцооны талаар ярьж байна” гэлээ.   

    Ц.ЭНХЦЭЦЭГ


    Зохиогчийн эрх:
    "Улс төрийн тойм" сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж