“Чонон сүлд” романыг уншсан нэгэн найзад маань зохиол эхлээд уйтгартай, нуршуу санагдаж хойш тавих гэж байсан ч нэг мэдэхэд салахын аргагүй сонирхолтой болсон хэмээн ярьсан юм. Харин олон монгол уншигч энэхүү зохиолыг нэг амьсгаагаар уншсанаа хүлээн зөвшөөрсөн билээ. Хоёр жилийн өмнө Монголд хэвлэгдсэн “Чонон сүлд” өнөөдөр ч бестселлерт дээгүүрт давхисаар, хүмүүсийн сонирхлыг татсаар…
Хятадын Соёлын хувьсгалын ид үеэр оюутан Лю Зяминийг 1967 онд Бээжингээс Өвөр Монголын тал нутаг руу илгээснээр энэ бүхэн эхэлсэн юм.
Соёлын хувьсгалчид нүүдэлчдийн тал нутаг руу малчдын хүнд хүчир ажилд туслуулахаар хорин сая оюутныг илгээсний нэг нь “Чонон сүлд” романы зохиолч. Тал нутагт нүүдэлчин ард түмний дунд 11 жилийг өнгөрүүлсэн Лю Зямин Хятадын уламжлалт тариачны соёлоос илүү хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалж, харилцан шүтэлцээтэй амьдардаг нүүдэлчдийн соёл, малчин ард түмний амьдрал гүн сэтгэгдэл үлдээсэн аж.
Дэлхийн 30 гаруй орны хэлнээ орчуулагдсан “Чонон сүлд” роман 2010 онд Д.Болдбаатарын орчуулснаар монгол хэлнээ хэвлэгдсэн юм. Зохиолч “Чонон сүлд” роман нь монгол уншигчдын гарт очиж буйд туйлын талархаж, “Монгол чонын соёл уугуул оюун санааны эх нутаг болсон Монголын талд очиж байна” хэмээсэн байдаг. Лю Зямин хагас намтарчилсан зохиолоо бичихэд 30 жил зарцуулсан бөгөөд 2004 онд Зян Рун хэмээх нэрээр хэвлүүлсэн юм.
2004 онд Хятадад хэвлэгдсэнээсээ хойш 20 сая хувь борлогдсон энэ ном хэвлэгдсэн тоогоороо Мао Зедуны “Жижиг улаан дэвтэр”-ийн дараа хоёрдугаарт оров. “Чонон сүлд” романы сүр дуулианыг ашиглах гэсэн олон зохиолч “Чонон сүлд II” хэмээх хуурамч ном гаргасан байдаг. Үүнийг зүгээр хараад сууж тэсээгүй Зян Рун 2007 онд албан ёсоор мэдэгдэл гаргаж, зохиолч өөр зохиолын судалгаа хийж байгаа боловч “Чонон сүлд” романд үргэлжлэл байхгүй гэж мэдэгдсэн билээ.
Гэсэн хэдий ч “Чонон сүлд” зохиолын цуу одоо ч тасраагүй бөгөөд тун удахгүй дэлгэцийн бүтээл болж, дахин “төрөх” гэж байна. “Чонон сүлд” романыг дэлгэцийн бүтээл болгохоор зориглон хөдөлсөн хүн нь Францын найруулагч Жан Жак Анно. Найруулагч Жан Жак Анно Өвөр Монгол дахь киноны зураг авалтдаа яаран өнгөрсөн тавдугаар сард болсон Каннын кино наадамд удаан саатаагүй билээ.
Жан Жак Анно зохиолч Зян Руныг уран бүтээлийн анд нөхөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд тэднийг “Чонон сүлд” холбосон аж. Зян Руныг Бээжингээс Өвөр Монголын Шилийн голын аймаг руу илгээсэн тэр жил Жан Жак Анно Камерун руу цэргийн албанд мордож байжээ. Зян Рун Монголын тал нутгаас оюун санааны эрх чөлөөг олж авсан бол Жан Жак Анно Камерунд дахин “төрсөн” юм. Жан Жак Анно энэ тухай “Камерунд үзэж харсан, туулж өнгөрүүлсэн бүхэн миний амьдралыг үзэх үзлийг эрс өөрчилсөн. Түүнээс өмнө би Латин, Грек хэл мэддэг, дундад зууны түүх судалсан боловсролтой, бардам франц хүн байлаа” хэмээн дурссан байдаг. Жан Жак Анно хүн байгалийн хоорондох харилцан шүтэлцээг олж харж ойлгосон шиг Зян Рун Монголын тал нутаг, чононд хайртай болсноо нүүдэлчин соёлын ухамсарт илүү үнэ цэнэтэй зүйлс байгааг ойлгож ухаарсан хэмээжээ.
Жан Жак Анногийн бүтээлд Францын артхаус донж маяг болон Холливудын киноны хатуу амбиц аль аль нь байдаг. Түүнийг монгол үзэгчид “Нууц амраг” (Вьетнам), “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” (Түвд), “Ах дүү хоёр ”(Кампуч) зэрэг бүтээлүүдээр нь сайн мэдэх билээ.
1997 онд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” хэмээх бүтээл дэлгэцэнд гарсны дараа киног Хятадад гаргахыг, найруулагчийг нь Хятадын хилээр нэвтрэхийг хориглож байсан юм. Кинонд 1950-аад оны үед Хятадын цэргүүд Түвдэд хяналтаа тогтоохоор зэрлэг балмад авирлаж буй тухай дүрсэлсэн нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй юм.
Хачирхалтай нь 2009 онд Жан Жак Анно “Чонон сүлд” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор Бээжингийн “Хориотой хот” студитэй гэрээ байгуулахад Хятадын эрх баригчид эсэргүүцээгүйгээр барахгүй China Film Group төслийг дэмжихээр болсон билээ.
Хятад-Францын хамтарсан “Чонон сүлд” 3D кинонд 38 сая ам.доллар төсөвлөсөн нь Францад төдийгүй Хятадын киночдын хувьд том төсөл юм. Зураг авалтыг нь энэ ондоо багтаан дуусгаж, 2014 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа “Чонон сүлд” киноны продюсерээр Хонконгийн продюсер Билл Конг, Жан Жак Анногийн эртний хамтрагч Завиер Кастано нар ажиллаж байгаа.
Жан Жак Анно Кампуч дахь “Ах дүү хоёр” киноны зургийг авахын тулд баавгай, бар сургаж, тэжээж байсан шигээ энэ удаа тал нутагт хүч чадал, ухаанаараа гайхагдсан амьтны зураг авахын тулд 18 сар чонотой тулж ажиллажээ.
Киноны гол дүрд Хятадын киноны шинэ үеийн жүжигчин Фэнг Шаофэн, Дуо Сяо нар шалгарчээ. Фэнг Шаофэн нь Хятадын болон Хонконгийн телевизийн цуврал кинонуудаас гадна “Тай Чи 0”, “Үүл салхи хоёр” зэрэг кинонд тоглосон өсч яваа залуу жүжигчдийн нэг юм байна. Дуо Сяогийн хувьд “Хайрын нахиа” киноны дүрээр кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин аж.
Зохиолч Зян Рун “Чонон сүлд” романд хятад хүн хэлснийг үг дуугүй биелүүлдгийг хүмүүсийг хонин сүргийн сэтгэхүйд хүлсэн Хятадын уламжлалт тариачны соёлтой холбон тайлбарласан нь асар их шүүмжлэл дагуулсан билээ. Гэсэн хэдий ч эх болсон байгаль дэлхийтэйгээ нарийн шүтэлцээтэй нүүдэлч, малчдын амьдралын ухаан, ахуй соёл, зан заншил нь ухаанаараа гайхагдсан талын чононоос улбаатайг ойлгуулсан энэ зохиол нүүдэлчдийн соёл, чонын соёлын талаарх өрөөсгөл ойлголтыг өөрчилсөн юм.
Харин одоо “Чонон сүлд” дэлгэцийн бүтээл болж, чонын соёл дэлхийг байлдан дагуулахыг харах л үлдлээ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №016
Холбоотой мэдээ