Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Мятаршгүй Мадлен

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мадам Мадлен Олбрайт Монголд өнөөдөр хүрэлцэн ирнэ. Москвад өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, Төв Азийн энэ газар оронд ардчиллын “хонх” жингэнэснээс хойш найман жилийн дараа тэрбээр Улаанбаатарт анх хөл тавьж билээ. Тэр бол 1998 он. Хуанлийн хуудас түүхэн мөчлөгийг ийн зааж байх үед Монголд улс төрийн цаг ороо бусгаа байв. Нийтээрээ нийгмийн нэн шинэ тогтолцоонд дөнгөж шилжчихээд байсан он жилүүдэд Монголын ардчилал нялх, бас эмзэг байлаа. Барьц алдаж, бахардаж тэвдмээр энэ үед ардчиллын дууч болсон нэгэн хатагтай хүрэлцэн ирсэн нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Мадлен Олбрайт байв.

    Ази дахь ардчиллын алтан хараацайгаар тодорсонд нь мон­голчуудад баяр хүргэж, зоригжуулаад тэр буцаж билээ.  Харин өнөөдөр 2011 он. “Соцлагерийн сонгодог жишээ­нүүдийн нэг” хэмээн нэр­лэгдэж байсан манай улс ардчилсан Монгол Улс гэдгээ олон улсад хэдийнэ хүлээн зөвшөөрүүлэв. Монголын тухай огт мэдээлэлгүй байсан орнууд “Геополитикийн нэн сонирхолтой орон” хэмээх болжээ. Тийм ээ, манай улс Зүүн хойд Азийн бүсчлэл дэх стратегийн хамгийн чухал түшиц газраар тодорсон энэ үед хатагтай Мадлен дахин ирж байна. Монголын ардчилал эрийн цээнд хүрч, монголчууд уул уурхайн салбарт дэлхийн гигантуудтай “өрөг” тавьж байх зуур тэрбээр дахин ирж буй нь нэн сонирхолтой хэрэг.
    Мадлен Корбел Олбрайт… Хонгор үст бяцхан охиныг эмэг эх нь “Миний Мадленка” хэмээн өхөөрддөг байв. Харин түүнийг хүн төрөлхтөн “Дэлхийн хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг” хэмээн хүндэлдэг. Энгийнээс энгийн дүр төрхийг хүчирхгээс хүчирхэг улстөрчийн имиж болгож чадсан энэ хатагтай бол АНУ-ын хамгийн анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга. Тэрбээр Чехийн нийслэл Прага хотноо 1937 оны тавдугаар сарын 15-нд дипломатч Йозеф Корбелын гэр бүлд төрсөн юм. Эцэг эх нь охиндоо Мария хэмээх нэр хайрлав. Бяцхан Мария Яна Корбеловаг хоёр настай байхад гэр бүлийнхэн нь Англи руу дүрвэжээ. Тэд дэлхийн II дайны дараа эх орондоо эргэн ирсэн ч дахиад л нүүдэл, суудал хийх болов. Учир нь Чех улсын засгийн эрх коммунистуудын мэдэлд шилжсэн учраас дипломатч Йозеф гэр бүлийнхний хамт АНУ-д цагаачилжээ.

    Йозеф Корбел хэмээх чех эр коммунизмыг үл хүлээн зөвшөөрч, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг нэгэн байв. Тиймээс охин Мариядаа өрнөдийн боловсрол эзэмшүүлж, Швейцарь, АНУ-ын Денвер хотын Кент Денвер гэдэг сургуульд суралцуулжээ. Хэдийгээр Корбелынхон 1948 онд эрх чөлөөний аралд анх хөл тавьсан ч 1957 онд Америкийн иргэншилтэй болсон аж. Мария Яна Корбелова Массачусетс мужийн Велеслей их сургуулийн улс төр судлалын факультетийг 1959 онд бакалавр зэрэгтэйгээр дүүргэснийхээ дараа Жозеф Медилла Паттерсон Олбрайт гэдэг сэтгүүлч залуутай амьдралаа холбожээ. Чех бүсгүй Мария “Денвер пост” сонинд цагийн ажил хийж байхдаа анхны хайртайгаа учирсан гэдэг. Тэрбээр Колумбын их сургуулийг 1968 онд магистрын зэрэгтэй төгссөнийхөө дараа эцэг эхийнхээ хайрласан нэрийг Мадлен хэмээн өөрчилсөн билээ. Тэр цагаас хойш найман жилийн дараа философийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм. 

    Гэнэн хонгор чех бүсгүй Мария биш, америкжсан хатагтай Мадлены өмнө нэгэн том “хаалга” онгойв. Ардчилсан намыг идэвхтэй дэмжигчдийн нэг Мадлен сенатч Эдмунд Маскийн фракцид 1972 онд нэгдсэнээр улс төрийн замнал нь эхэлжээ. Тэрбээр Сенатын эрхэм гишүүн Эдмундын хууль зүйн асуудал эрхэлсэн туслахаар 1976-1978 онд ажиллаж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болсон түүхтэй. Чухам энэ үеэс л хатагтай Мадлен Олбрайт хүчирхэг дүр төрх, ер бусын мэдрэмж, оюунлаг чанар, бусдыг байлдан дагуулах чадвараараа улстөрчдөөс ялгарсан гэдэг. Харамсалтай нь яг энэ мөчид Ардчилсан намынхан Цагаан ордонд эзэн суух эрхийн төлөөх тэмцэлд ялагдал хүлээцгээв. Тиймээс Мадлен Олбрайт Жоржтауны их сургуулийн оюутнуудад 1982-1993 онд хуучнаар ЗХУ, Зүүн Европын орнуудын талаар лекц унших болжээ. Олон нийтийн ажил, хөтөлбөр ч удирдан хэрэгжүүлэв. Гэвч мятаршгүй Мадлены хувийн амьдралд таагүй явдал тохиолджээ. Түүний нөхөр Жозеф “Чиний энэ уйтгартай амьдралд тэвчээр алдарлаа. Тэгээд ч би өөр бүсгүйд сэтгэлтэй болсон” хэмээж, тэд хоёр тийш болцгоожээ.

    Ганц бие бүсгүйн амьдралаар амьдрах болсон Мадлены өмнө боломжийн “хаалга” дахин нээгдлээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Билл Клинтоны зөвлөхөөр 1992 онд ажиллаж, хойтон жил нь НҮБ-д АНУ-ыг төлөөлөх болсон юм. Тухайн үед “Дэлхийн Засгийн газар”-ыг тэргүүлж байсан Бутрос Гали ч түүний чадварыг үнэлж, чухал албаа хариуцуулж байлаа. Ирак улс… Хатагтай Мадленд улстөрчийн хувьд зоримог шийдвэр гаргах цаг ирэв. АНУ Иракийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах эсэхэд түүний үг чухал байлаа. Тэрбээр энэ тухай удтал бодсоны эцэст “YES” хэмээн толгой дохисон юм. Түүний шийдвэр ёсоор болж, цэргийн ажиллагааны үр дүнд Саддам Хуссейны дэглэмийг түлхэн унагасан ч Мадленыг дэлхий нийт улстөрч биш, бүсгүй хүнийх нь хувьд шүүмжлэлийн бай болгосон удаатай. CBS телевизийн “60 хором” нэвтрүүлгийн хөтлөгч Лесли Шталь 1996 онд түүнээс ингэж асууж л дээ. “Иракийн дайны үеэр хагас сая хүүхэд амь үрэгдсэн гэж бид сонссон. Хатагтай, энэ юу болж байна вэ. Хирошимад атомын бөмбөг хаяхад амиа алдсан хүүхдүүдийн тооноос хавьгүй их биш үү. Та ийм зүйл болохыг мэдэж байсан биз дээ” гэж. Харин Мадлен “Тийм ээ, энэ тухай олонтаа бодсон. Миний хувьд, маш хүнд сонголт байсан нь үнэн. Бид тийм л үнэ цэнээр Саддамын дэглэмийг түлхэн унагасан юм шүү дээ” хэмээн хариулжээ.
    Гэхдээ дарангуйлагч Саддам Хуссейн мятаршгүй Мадленыг хүндэлдэг байсан. Тагнуулч В.Путин ч түүний өмнө мэхийн ёсолдог. Америкчуудад үнэн голоосоо дургүй Ким Чен Ир Мадленыг 2000 онд Хойд Солонгост айлчлахад амтат дарсаар дайлж байсан удаатай. М.Каддафи, Б.Нетаньяху, Хосни Мубарак… Арьс өнгө, үзэл бодол өөр ч дэлхийн лидерүүд Мадленыг “Хатагтай Төрийн нарийн бичгийн дарга” хэмээн хүндэлдэг билээ. “Дайсантайгаа нөхрийн ёсоор харилц”. Энэ бол хүчирхэг улстөрч Мадлен Олбрайтын философи. Тиймээс “дайснууд” нь түүнд хайртай байдаг юм. Зүүн Европ, Ойрхи дорнод, Балканы хойг, Солонгосын хойг, Африкт нүүрлэсэн хямралын үед дэлхий нийт хэдхэн улстөрчийн харцыг ажиглаж байсны нэг нь яах аргагүй Мадлен Олбрайт.

    Хатагтай Төрийн нарийн бичгийн дарга. Ирэх сард 74 насны төрсөн өдрөө тэмдэглэх Мадлен Олбрайт 2003 онд дурьдатгалаа ийм нэртэйгээр хэвлүүлсэн нь бестселлер болжээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг 1997-2001 он хүртэл хашсан ч дэлхий нийт түүнийг “Хатагтай Төрийн нарийн бичгийн дарга” гэж нэрлэдэг хэвээр. Тийм ээ, хатагтай Төрийн нарийн бичгийн дарга. Энэ бол бяцхан Мадленка АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт болсон их түүхийн илэрхийлэл юм. Мятаршгүй Мадлен улстөрчийн карьераа хэдийнэ орхисон ч улс төр түүнээр “оролдсоор” байна.     

    С.БАТТУЛГА


    Зохиогчийн эрх:
    "Улс төрийн тойм" сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж