Сибирээс манай нутаг руу шилжин ирж байгаа хүйтэн агаарын улмаас өнөөдөр төвийн нутаг дээр өндрийн бага даралтын орон үүсч, цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгаа тул байгаль, цаг агаарын болзошгүй аюулаас аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг урьдчилан сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү мэдээллийг хийж байна.
Өнөөдөр Төв болон Зүүн аймгуудын нутаг, Говийн нутгийн хойд хэсгээр, 19-нд Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно. 18-нд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн нутаг, Төв, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр, 19-нд Зүүн аймгуудын нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна.
Агаарын температур өдөртөө Говь, тал, хээрийн бүс нутгаар 19-24 градус, зарим газраар 28 градус хүрч халах боловч оройдоо 10-15 градусаар сэрүүснэ. Өнөөдөр Улаанбаатарт хур тунадас орж, салхи 18-20 м/с хүрч, оройдоо эрс сэрүүснэ.
2008 оны 5 сарын 26-нд манай улсын нутаг дээр өндрийн бага даралтын орон үүсч, Зүүн аймгуудын нутгаар өглөөгүүр их дулаан байж байгаад үдээс хойш хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтэрсний улмаас олон арван хүн амь насаа алдаж, улс нийгэм, ард иргэдэд асар их хэмжээний хохирол учирч байсан гашуун сургамж байдаг тул албан байгууллага, ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийг тухай бүр нь шуурхай хүлээн авч, үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
2013.05.17