Машин унахын хэрэг алга

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Машин унахын хэрэг алга

Жаахан байхад хөдөөнөөс хотод орж ирэхэд нээх сайхан санагддаг байж билээ. Ургаа мод нь хүртэл манай нутгийнхаас гоё харагдаад, автобус унаа, гудамжаар хөлхөх хүмүүс нь хүртэл өнгөлөг байж. Харин одоо хөдөөнийхөн хотоо голоход хүрээд байна. Өвөл ирэхээр утаанд нь бачуураад, зун тоос шороонд нь төөрчих гээд бушуухан нутаг буцахын санаа болж байгааг харахаар ичмээр. Зам засвар, шигам сүлжээний шинэчлэлийг  урин дулааны улиралд хийхээс аргагүй гэж сэтгэлээ тайвшруулах боловч хаа сайгүй бөмбөг дэлбэрсэн мэт сэндийчиж сандаачсаныг харахаас тэнүүн талд дураар амьдрах хөдөөгийнхөн бүү хэл цаг, орон зайд хавчигдаж сурсан хотынхон ч цухалдахад хүрч байна. Ойрын өдрүүдэд, тодруулбал наадам өнгөртөл машин унахын ч хэрэг алга. Хаа сайгүй түгжирч гацаад шатахуун барахын дээр дураар дургисан жийптэнгүүд хаалт, хашилтыг хэмх дайран зүтгэх нь цухлыг уур болгон дэврээж, түгжрэх зуураа зодоон хийж цаг нөхцөөх үзэгдэл хаа сайгүй давтагдаж байна. Сүүлдээ хоёр жолоочийн зодоон хорин хүний хагаралдаан ч болох янзтай. Ийн бухимдаж, үрчлээгээ нэмж байхын оронд алхаад, илүүдэл жингээ хасъя гэж хүүхнүүдээ уриалах байна.

Зам засвар, шугам сүлжээний өргөтгөлийг сурвалжлахаар хотыг баруунаас зүүн тийш нэг удаа туулахад л зун цагийн Улаанбаатарын өнгө төрхийг зураглахад нэг иймэрхүү. Энэ жил нийслэлийн 18 байршилд нийт 106.6 километр замыг нийт 350 тэрбум төгрөгөөр засварлаж, шинэчлэхээр төлөвлөжээ. Түүний  154 тэрбумыг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс,  80 тэрбумыг Хөгжлийн банкны санхүүжилтээр,  200 сая ам.долларыг Чингис бондоос гаргаж, автозамаа засах юм. Яг одоогийн байдлаар КТМС-иас  Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэл, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилт, Сэлбийн гүүрний хойд урсгалын өргөтгөл, Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд "ЭСТО" ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн Саппорогийн тойргийн шинэчлэл өнөөдөр дуусч нээлтээ хийж байна.

Мэдээж замаа засч байгаа нь засахгүй залхуурч сууснаас хамаагүй дээр. Гэвч ард олны халааснаас татвар болон гарч буй, ирээдүйд ч та бидний л хөрөнгөөр төлөгдөх бондын мөнгөний үр дүн ямар байгааг хөндөхөөс аргагүй нь. ШУТИС-ын харъяа КТМС-ийн урд талын гудамжийг Доржийн гудамж гэдэг. Доржийн гудамжны замыг ерээд оны эхэн үед анх тавихдаа тухайн үеийн автомашины ачаалалд тохируулан хоёрхон урсгалтай байгуулжээ. Уг замаар ттроллейбус явахаар тооцоолж зам дагуу цахилгаан тээврийн шугам хүртэл босгосон байжээ. Гэвч цагийн саалтад тус зам хотын гол зам болон хувирч ачаалал эрс нэмэгджээ. Замын хоёр талаар хоосон зай үлдэхгүй болтол нь хашаа хатган айл өрх албан байгууллага олнооро суурьшжээ. Гэтэл эл замын урсгалыг талдаа гурав болгон өргөтгөхөөр зураг төсөл боловсруулжээ. Тиймээс замын хажуугаар байрласан албан байгууллагын голдуу хашааг буцаан татуулах, зам дагуух цахилгаан, холбоо, дулааны шугам, гэрлийн шон, бохирын хоолой зэргийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дөрөвдүгээр сараас эхэлжээ. Тэр зуураа  Сансрын аюулгүйн тойргийн эргэн тойрон дахь замыг шинэчлэн урсгал нэмсэн юм. Одоо аюулгүйн тойргоос зүүн тийш Тэргэл төв хүртэлх замыг хаан  мэргэжлийн хэллэгээр бол трасс шилжүүлэх, сувагчлах ажлыг хийж байгаа юм байна. Нийт 2,8 км үргэлжлэх эл замын засвар наадам хүртэл үргэлжилнэ. Гэвч газар дээр нь очоод ажихад наадмын наана амжих эсэх нь эргэлзээтэй харагдлаа. Талбай дээр нэг хоёр техник, гурав дөрөвхөн хүн ажиллаж байгааг хараад бахархаж, баярласан сэтгэл унтарч орхисныг нуух юун. Өглөөний найман цагт нар хэдийнээ мандаж, ид хөдөлмөрлөдөг үе. Бага үдээс эхлэн нар шатаад эхлэхээр ямар ч хүний ажиллах эрчим буурдаг. Гэтэл өглөөний найман цагт гүйцэтгэгч Бэринг компаний инженер техникийн ажилчдаас огт харагдсангүй. Харин туслан гүйцэтгэгч барилгын компанийн хоёр хүн хаалт хашилт давж засч буй зам руу нэвтэрсэн жолооч нарыг зохицуулах /үнэндээ бол хэрэлдэж байсан л даа / ажлыг хийсэн шиг угтсан юм. Зам хаана гэдэг зорчигчдын хувьд том бэрхшээл. Зөвхөн унаа машинтнуудад төдийгүй нийтийн тээврээр зорчигчдын тухайд ч тойрч, түгчирч цаг алдах, халуунд бүгчим унаанд удаан сууснаас ядарч туйлдахаас эхлээд ихээхэн хүндрэлтэй байдаг. Гэтэл олон хүнийг тйим байдалд оруулан байж хааж хашилт хийсэн замын засвар нэг л алгуур назгай байна. Энд тэнд ганц нэг хүн хийсэн больсны завсар хөдөлж харагдах нь зам засварын хугацааг уртасгах арга хайсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Төлөвлөсөн ажил хойшлох нь хэнд ч ашиггүй баймаар. Ажил олгогчдын хувьд бүр ч халгаатай. Ажиллагсдын цалин хөлс тэр хэрээр нэмэгдэхийн дээр дараа дараагийн ажлын үүд хаалга хаагдах аюултай санагдана. Хөгжингүй орнуудад бол газар үороо зам засварын ажлыг маш богино хугацаанд амжуулдаг. Манай шиг бүтэн, хагас сараар зам хаана гэсэн ойлголт үгүй. Ихдээ л 3-7 хоног хаагаад нээсэн зам нь танигдахын аргагүй хувирсан байдаг. Ийн эрч хүчтэй ажиллаж буйн гол хөшүүрэг нь ажиллах хүчин. Чадварлаг, дайчин ажилчин ангийг бэлтгэж,  дээд мэргэжилтнүүдээс дутахааргүй цалинжуулж чаддагийн дээр өдөр шөнийн ээлжээр шахуу ажилладагт хамаг учир нь байдаг ажээ. Манайд шөнийн ээжлийн ажил бараг л мартагдсан. Эмнэлгийн эмч, сувилагч нарыг эс тооцвол шүү дээ. Хаа нэгхэн үйлдвэрүүд шөнийн цахилгааныг хямдаар ашиглах гэж шөнө ажилладаг. Тэгвэл зам засвар, шугам сүлжээний ажлаа өдөр шөнийн ээлжинд шилжүүлж, өглөө үдшийн сэрүүнийг ашиглахгүй бол албан тасалгааныхантай адил 9-18 цаг, уртдаа л 20 цаг хүртэл ажиллаад байх юм бол хотын замыг бүхэлд нь засч сайжруулахад нэгэн зун байтугай, нэгэн зуун ч хүрэлцэхгүй нь байна шүү. 

Иж бүрэн шинэчлэхгүй ч хэсэгчлэн засварлах зам цөөнгүй. Тэдгээрт гарсан эвдрэл гэмтлийг нөхөж цойлдох маягаар засдаг нь нууц биш. Гэтэл хотын хамгийн төв гудамж болох 3,4 дүгээр хорооллын замд л гэхэд хаа сайгүй өрөмдсөн нүх гаргасан ч нөхөөсөө хийлгүй олон хонож байна. Нөгөөтэйгүүр хуулж буй хуучин замын зузаан таван см-ээс хэтрэхгүй байгаа нь гайхал төрүүлнэ. Хуучирч муудсанаас нимгэрсэн үү, анх тавихдаа хулхидсан уу хуулж хаясан замын зузаан 10 см-т лав хүрсэнгүй. Стандартаар бол 10 см-ээс нимгэн байх учиргүй, хүчитгэн зузаатгахад л таван см-ийг нэмж давхарлах учиртай гэж инженер техникийнхэн хэлдэг. Тэгэхээр шинээр тавьж буй хучилтын зузаан, асфальтын чанар стандартад хүрч буй эсэхийг байн байн нягталахад илүүдэх юун.

Монгол орны халуун хүйтэн, хүмүүсийнх нь хатуу ширүүн гарын аяыг хамгийн олон жил тэсвэрлэсэн зам бол Нарны зам.  Зам гэж ямар байдгийг 10-аад жил нэг ч нөхөөсгүйгээр өнөөдөртэй золгосон Нарны замаас харж болно. Харин монгол, хятадуудын тавьсан зам жил хүрэхгүй хугацаанд цоорч, цөмөрч, нөхөөс шидээс болоод байгаагийн учрыг тодруулах цаг болсон баймаар. Зам дээр тогтсон бороо цасны усыг зайлуулах шугамгүйгээс болж амархан эвдэрч байж болох талтай ч  номыг нь сонссон хүмүүс үүнийг мэдэхгүй байна гэж үгүй баймаар. Ямартай ч энэ жилийн засварын ажил ирэх жил дахин давтахгүй байгаасай гэж залбирнам.

Харин зорчигчдын хувьд наадам хүртэл хааж хашсан зам, овоолж босгосон шороон дундуур машины хүч, жолоочийн урыг шалган уралдах уу, түр зуур унаагаа тавих уу гэдгээ шийдэх л үлдэж.


Хороолол доторх болон зуслангийн замыг засаасай

“Деломонт” компанийн ажилтан Д.Ариунболд:

-Зам засварын ажил алагтай, цоогтой байх шиг байна. Зарим газарт маш сайн засч байна. Харин энэ нөхөөсүүд бол хөрөнгө үрсэн ажил мэт санагддаг. Офицер, ботаникийн замууд нэлээд муудсан байсан. Ашгүй засаад эхэллээ. Төв замаа засчихаар хороолол дундах зам гологдоод эхэлдэг. Тиймээс хороолол дундах богино замуудыг засварлах хэрэгтэй санагддаг.

Баянгол худалдааны төвийн ажилтан Х.Энхтайван:

-Зам сайхан болж байна. Манай худалдааны төвийн арын замд гол түгжрэл үүсгэдэг тойргийг шууд дөрвөн зам болгосон нь  түгжрэлийг бууруулж байна. Одоо бол Парадокс руу эргэдэг хойшоо чиглэсэн урсгал түгжрэхээс зүүн, баруун, урагш чиглэлийн зам  түгрэхээ больсон. Одоо зуслан чиглэлийн замыг засаасай гэж бодож байна.

Д.ЦЭЭНЭ

Аль замыг хэн засч байгаа вэ?

Нийслэлийн
авто замын салбарт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг
зургадугаар  сарын 18-ны байдлаар нийслэлийн Автозамын газраас гарган
танилцуулж байна. Энэхүү мэдээллээс та бүхэн өөрт хамгийн ойр замын
засварын ямар компани гүйцэтгэж байгааг мэдээд зогсохгүй, хэрхэн
гүйцэтгэж байгаад нь хяналт тавиарай. “Но”-той, “ноц”-той зүйл тохиолдох
аваас “1111” буюу ховч утсанд хандахаа мартуузай. Тэнд өгсөн мэдээлэл
хамгийн түрүүн Ерөнхий сайдын чихэнд хүрдэг юм билээ шүү.

  • Доржийн гудамж буюу Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз захын
    уулзвар хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж,
    Сансарын аюулгүйн тойргийн хучилтын ажлыг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар
    тус тойргоос зүүн тийш Тэргэл төв хүртэлх авто замын хөдөлгөөнийг 6
    сарын 21 хүртэл хязгаарлаж, дулааны шугам сүлжээ шилжүүлэх, сувагчлах
    ажил явагдаж байна. 7 сарын 05-ныг хүртэл Аюулгүйн тойргоос Хил
    хамгаалах алба хүртэлх 750 метр замын хучилтын ажлыг хийж, замын зорчих
    хэсгийг нээх төлөвлөгөөтэй. Гүйцэтгэгч: “Беринг” ХХК.
  • Зүүн 4 замаас Офицеруудын ордон чиглэлд БЗД-ийн Тамгын газраас
    Эскадрилийн хөшөө хүртэлх 300 метр замын урд урсгалыг хааж, хучилтын
    ажил хийж байна. 7 сарын 09 хүртэл тус замын хойд урсгалд хучилт хийх
    тул хэсэгчлэн хаана. Гүйцэтгэгч: “Ялгуусан” ХХК.

  • Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын
    хөдөлгөөнийг 6 сарын 20-нд нээхээр хучилтын ажил хийж байна. Он
    дамжуулан хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч: УБЗЗАК.

  • Сэлбийн хойд гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна.
    Дамжих хавтан, явган хүний замын хавтан, 9 тулгуурын 8-ын цутгалт бүрэн
    дууссан бөгөөд угсралтын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч: “Мотор сервис”
    ХХК.

  •  Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул ОУХТ-өөс Чулуун-Овооны тойрог
    хүртэлх 2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд замын
    өргөтгөлийн суурь хучилтыг хийсэн. 6 сарын 23-наас 28-ны хооронд урсгал
    тус бүрээр өнгө хучилт хийнэ. Гүйцэтгэгч “Эрдэнэ зам” ХК.

  •  БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр
    авто зам, авто машины нүхэн гарц хийх ажлыг “Туулын гүүр далай” ХХК
    гүйцэтгэж байна. 6 сарын 25-наас 7 сарын 01-ний хооронд нүхэн гарцны
    угсралтын ажлыг хийхээр бүтээцүүдээ талбайд татаж байна.

  •  Нарны замын баруун хэсэг буюу Төмөр замын Депогийн уулзвараас 10-р
    хорооллын уулзвар хүрэх 1 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг “Монгол
    Сата интернэшнл” ХХК он дамжуулан хийж байна. Борооны ус зайлуулах
    лоткиг талбайд татаж, явган хүний замын ажил хийж байгаа бөгөөд 6 сарын
    23-наас 29-ний өдрүүдэд хучилтын ажил хийхээр төлөвлөсөн.

  • Дунд гол, Үйлдвэрийн гудамжны 4 км авто зам буюу 19-р хорооллын арын
    авто замын ажлыг “Си Эф Си групп” ХХК гүйцэтгэж эхэлсэн. Замын зүүн
    хэсэгт Гандийн гудамжнаас Энхтайваны гүүрэн доогуур 500 метр замыг хааж,
    дулааны 2 компенсаторыг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх,
    сувагчлах, түүнчлэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд
    голд тулц бетон хана хийх ажлууд, замын хөрс хуулалт хийгдэж байна. 6
    сарын 25-нд хөдөлгөөн нээхээр төлөвлөсөн.

  • Олимп, Гэндэнгийн уулзварыг /Хуримын ордны зүүн уулзвар/ шинэчилж, 4
    замын уулзвар болгох ажил 80 хувьтай үргэлжилж байна. 6 сарын 18-нд
    баруун хэсэгтээ хучилт авна. Цахилгааны 20 кабель шугамыг шилжүүлэн
    хүчитгэх ажил хийгдсэн. Гүйцэтгэгч: “Ринг роуд” ХХК.

  •  Хорин хоёрын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл,
    шинэчлэлтийн ажлын хувьд Моносын уулзвараас баруун тийш 5 км авто замыг
    “Тэгшт Плант” ХХК, “Эрдэнэ зам” ХК-ийн түншлэл урсгал тус бүрээр, үлдсэн
    хэсгийг “Бэрх зараа” ХХК гүйцэтгэж байна. Замын өргөтгөлийн хэсэгт
    суурь хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 7 сарын 05-нд замын зорчих
    хэсгийг бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй.

  • ХД, 3-р хороо, Буяны 2 км авто замыг “Мижид” ХХК хийж байна.
    Далангийн үе хийгдэж байгаа бөгөөд замын трасст орсон 7 айлын хашааг
    татах дутуу байгаа юм. Нийт ажлын явц 20 хувь байна.

  • Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто
    замыг шинээр барих ажлыг “ОДНД” ХХК 65 хувьтай гүйцэтгэж байна. Замын
    эхлэл хэсгийн Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хууичн эцэс
    хүртэлх 1.6 км авто замын зорчих хэсгийн хучилт дутуу бөгөөд 6 сарын
    18-ны 22 цагаас эхлэн уг хэсэгт замын хөдөлгөөнийг хааж, хучилтын ажил
    хийхээр боллоо. 8 хоногийн хугацаанд хучилтын ажлыг гүйцэтгэснээр замын
    нийт уртад зорчих хэсгийн ажил бүрэн дуусах юм. Явган хүний зам,
    гэрэлтүүлгийн ажил явагдаж байна.

  • Баянхошууны 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг “Хувай
    Монголиа” ХХК 85 хувьтай гүйцэтгэж, зорчих хэсгийн ажлыг бүрэн хийгээд
    байгаа юм. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдэж
    байна.

  • Хойд зуслан чиглэлийн 14 км авто зам буюу Дамбадаржаагийн постоос
    хойш Хандгайт чиглэлд шинэ технологиор гадаргуун боловсруулалт хийж
    эхэлсэн бөгөөд эхний 4 км авто замын зүүн талын урсгал бэлэн болсон.
    “ЭСТО” ХХК урсгал тус бүрээр хэсэгчлэн ажил явуулж байгаа тул замын
    хөдөлгөөнийг бүрэн хаахгүй.

  • Бэлхийн 5 км авто замыг шинэчлэх ажлыг “Оч наран” ХХК, “Үйлсийн зам”
    ХХК-ийн түншлэл он дамжуулан хийж байна. 6 сарын 20 хүртэл хойд
    хэсэгтээ хучилт авахаар түр зам гаргаж, хөдөлгөөн хаасан.

  • Сэлхийн чиглэлийн 4.5 км авто замын ажлыг “Пи Си Эф” ХХК гэрээ
    байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд замын трасст орсон 1 айлын хашаа татах
    дутуу. Карерын асуудал шийдэгдэхгүй удаашралтай байгаа нь зам барилгын
    ажилд саад учруулж байна. Хөрс хуулалтын ажил явагдаж байна.

  • Шарга морьт – Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто
    замын ажлыг “Жэй Кэй Си” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд 6
    сарын 21-нээс эхлэн уулзвараас хойш 900 метр замыг хааж, замын
    өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах 2 төмөрбетон хоолойн
    угсралтын ажлыг хийнэ. Уг замын хөдөлгөөнийг 7 сарын 10-нд нээхээр
    төлөвлөж байна.

  • Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 500 метр замын
    ажлыг “Хангайн зам” ХХК он дамжуулан гүйцэтгэж, 45 хувийн явцтай байна.
    280 метрт хучилт хийсэн. 80 метрт цахилгааны шугам шилжүүлэх ажил
    явагдаж байна. Замын трасст орсон 9 объектыг шилжүүлэх шаардлагатай.

  • Хасбаатарын гудамж буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас Эх нялхсын
    баруун талаар Өргөө кино театрын хойгуур 3, 4-р хорооллын эцэс хүрэх 2.3
    км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна. “Хансуун зам” ХХК уг
    ажлыг он дамжуулан гүйцэтгэж, замын зорчих хэсгийг хучиж дууссан.
    Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна.

  • Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км
    авто замын ажлыг “ЭСТО” ХХК 2014 онд хүлээлгэн өгөх гэрээтэйгээр
    гүйцэтгэж байгаа юм. Баянзүрхийн товчоо чиглэлээс далангийн ажил,
    ухмалын ажил болон гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн
    ажлууд явагдаж байна.

  • Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто
    замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж, түр зам
    гарган зам барилгын ажил хийж байна. Ажлын явц 45 хувьтай. Түргэний
    голын 36.75 у/м засвар хийх гүүрийн захын болон завсрын тулгуурыг
    хүчитгэж, далангийн дүүргэлт, ухмалын ажлуудыг гүйцэтгэж байна.

  • Яармагийн гүүрнээс Нисэх – Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас
    Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн
    ажлыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК он дамжуулан 38 хувьтай
    гүйцэтгэж байна. Цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж, 4 км-т хашлага
    суурилуулсан.

 

  • Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүрэх 1.7 км авто
    замын ажлыг хийхээр “Эко тогтол” ХХК гэрээ байгуулсан. Энэ нь өнгөрөгч
    онд ашиглалтад оруулсан Далан давхрын урдуурх шинэ замын үргэлжлэл болох
    юм. Эхний 900 метр замыг бүрэн хийж дууссан. Дараагийн 800 метр замын
    трасст орсон 16 айлын хашаа, байшин, дэлгүүрийг шилжүүлэх шаардлагатай
    боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийгдсэн газрын үнэлгээг
    иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул замын ажил зогсоод байна.

  • Хорин хоёрын товчоог хоёр салгаж, Дархан чиглэлд болон баруун
    аймгууд руу салах чиглэлд Шалган бүртгэх хоёр товчооны байр барих, зам
    тавих ажил хийгдэж байна. Нэгэн зэрэг 10 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
    хүчин чадалтай хоёр товчооны зам барилгын ажил 75 хувьтай явагдаж байгаа
    бөгөөд “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж