Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тэр бусдын буруугаас болж нуруу болон аарцагны ясаа маш хүндээр хугалж гэмтээсэн харамсалтай явдал болсон билээ. А.Пүрэвмаа айлын ганц охин бөгөөд дээрээ ганц ахтай загвар өмсөгч залуухан бүсгүй. 8 дугаар сарын 20-ны өдөр тэрбээр Япон улсыг зорих онгоцны билет бичүүлж арлын оронд мэргэжилээ дээшлүүлэхээр явах байсан юм. Гэвч тэр гайт өдөр согтуу хүний балагаар тэр хүнд гэмтэж нийт 7 удаа хүнд хагалгаанд орж өдий хүртэл өвчин шаналалтайгаа тэмцсээр л байна. А.Пүрэвмаа арлын орныг зорьж алс хол эх орныхоо нэрийг гаргаж ирээдүйд нэртэй загвар өмсөгч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан билээ. Гэвч тэр гайт өдөр түүний мөрөөдөл талаар болсон ч тэрбээр өчигдөр тайзан дээр тэргэнцэртэй  гэрэл цацруулан гарч ирсэн юм. А.Пүрэвмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл төв ТББ”-ийн ажилтан болж өчигдөр болсон тэргэнцэртэй иргэдийн загварын шоунд ийн оролцсон юм.

Шоу болохын өмнөх орой Пүрэвмаа найзууддаа санаагаа хуваалцсан байна.

“Маргааш тайзан дээр гарна. 2 жилийн дараа дахин анх удаагаа гарах гэж байна. Сэтгэл хөдөлж баярлахаасаа илүү сэтгэл өвдөж байна. 2 жилийн өмнө өндөр өсгийттэй тас тас алхаж явдаг байсан бол маргааш тэргэнцэр дээр сууж тайзан дээр гарна. мэдээж би алхаж чаддаг таягтай сайн алхдаг шүү. Бусад тэргэнцэртэй охидоо хүндлээд мөн төгсгөлд босож зогсож тайзны тоглолт харуулах гэж л тэр. Энэ шоу бол тэргэнцэртэй залуусын дуу хоолой нөлөөлөл юм. Энэ нөлөөллийн нүүр царай болж байгаа болохоор хүндлэлж тэргэнцэр дээр сууж байгаа юм шүү. Би тэргэнцэр дээр суугаагүй хөл дээрээ босож ирсэн болохоор маш эмзэглэж байнаа. Тэргэнцэр дээр суухгүй гэж дэндүү их хичээсэн хичээдэг болохоор. Маргаашыг бодхоор сэтгэлд хүнд байнаа. Миний монголын сайхан залуус битгий бэртэж гэмтээсэй энэ надаар дуусаж байгаасай гэж залбирж байна”  хэмээн тэрбээр уг шоу болохын өмнөх орой нь цахим хуудаснаа бичсэн байсан. Харин өчигдөр оройн тэр үдшийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг А.Пүрэвмаа байлаа.

А.Пүрэвмаа хэлэхдээ “60 гарсан ээжээрээ асруулж байгаа ч гэсэн би удахгүй босно, өөр шигээ хүмүүсийн төлөө маш их зүйлийг хийж бүтээх болно” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Түүнийг гадаадад гарч сайн эмчлүүлж хагалгааны зардал мөнгөө бэлэн болговол эрүүл болж хөл дээрээ босоход найдвар байгаа гэж эмч нар хэлсэн байна.

Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Гэмтэж бэртсэн гээд сэтгэлээр унаж, зүгээр суулгүй, өөрийгөө ялан дийлж, өвчинтэйгээ тэмцэж яваа А.Пүрэвмаад туслахыг хүсвэл та дараах хаягаар орно уу. Puujee_riko@yahoo.com.  Мөн “Түгээмэл төв ТББ”-тай холбогдож болно. Төвийн утас: 7018-6665

Эх сурвалж: www.GrandNews.mn






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж