Иран Бразилийг зорих эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Иран Бразилийг зорих эрхээ авлаа

Бразильд 2014 онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн бүсийг төлөөлөн оролцох дөрвөн баг тодорлоо. "В" хэсгээс Японы шигшээ баг Бразил явах эрхээ хэдийн аваад байсан бол өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж үлдсэн багууд тодорлоо.

Ираны шигшээ баг БНСУ-ыг шигшээг нутаг дээр нь 1:0-ийн харьцаагаар ялалт байгуулж, хэсгээ тэргүүлсэн бол, Өмнөд Солонгосчууд удаалж ДАШТ-нд оролцох эрхээ авлаа. БНСУ-ын хувьд өмнөх тоглолтод Узбекстаны багийг 1:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар ийнхүү Бразилийг зорьж байна. 

Хөлбөмбөгийн ДАШТ-д Азийн бүсийг төлөөлөн дөрвөн эрхийг /тав дахь баг өөр тивийн багтай нэмэлт эрхийн төлөө тоглоно/ Япон, Австрали, Иран, БНСУ-ын багууд аваад байна. Нэмэлт эрхийн төлөө Узбекстан, Йорданы багууд хүч үзэж хожсон нь Өмнөд Америкийн бүсээс шалгарсан багтай тоглох ажээ. Энэхүү тоглолт ирэх есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд болно.

“А” хэсгийг Иран 16 оноогоор тэргүүлсэн бол БНСУ, Узбекстаны шигшээ баг 14 оноогоор удаалж, Катар долоо, Ливан таван оноо авчээ.

“В” хэсгийг Япон 17 оноогоор тэргүүлсэн бол Австрали 13, Йордан 10 оноогоор удаалсан бол Оман ес, Ирак тав оноог авсан байна.

Ийнхүү Бразилийг хэсгээ тэргүүлсэн Япон, Ираны шигшээ баг болон хоёрдугаар байраар шалгарсан БНСУ, Австралийн багууд зорихоор боллоо.

Сануулахад, ДАШТ-ний Азийн бүсийн урьдчилсан шатны сугалаанд Монголын шигшээ баг Мьянмартай учраа таарсан. Улмаар эхний тоглолтоо нутгийн дэвжээн дээр хийж 1:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан боловч хариу тоглолтыг Мьянмарт очин тоглохдоо 2:0-ийн харьцаагаар ялагдаж цааш тоглох эрхгүй болсон билээ. Монголын шигшээ багийг ялж, цааш тоглох эрхийг авсан Мьянмарчууд Арабын бүсийн хүчтэй багийн нэг Оманы шигшээд ялагджээ. Оманы шигшээ улмаар шилдэг 10 багт багтсан.

Ч.БОЛ
 



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж