
Хуульчдын нэгдсэн бүртгэлийн ажлын явцад хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн нийтлэг зөрчил цөөнгүй илэрчээ. Тиймээс хуульчийн гэрчилгээтэй нь бусад баримтаар нотлогдож байвал бүртгэх боломжтой юм байна.
Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ өргөдлийн маягтын дагуу гаргасан хүсэлт, хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Нэгдсэн бүртгэлд хамрагдсанаар хуульчдын холбооны гишүүнчлэл, шүүхэд төлөөлөх буюу өмгөөллийн эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхөрлөл байгуулах мөн Хуульчдын холбооны анхдугаар чуулганд оролцох эрх нээгдэнэ. Хэрэв хуульд заасан хугацаанд Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болно.
Анхааруулахад, хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирэх, хэрэв гадаад болон хөдөө орон нутагт байгаа бол шуудангаар, эсвэл өөрийн итгэмжлэгдсэн төлөөгчөөрөө дамжуулан хуульд заасан материалаа бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой. Бүртгэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 206 тоотод явагдаж байгаа бөгөөд долдугаар сарын 15-ны өдөр дуусна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.jurist.gov.mn, www.legalinfo.mn буюу Хуульчдын нэгдсэн мэдээллийн сангаас авах боломжтой талаар Хууль зүйн яамнаас мэдээллээ.