Иран ардчилалд тэмүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Иран ардчилалд тэмүүлж байна

Иран сүүлийн  гучаад жилийн хугацаанд анх удаа төвийг сахисан ерөнхийлөгчтэй боллоо. Тэр бол Хассан Рүхани. Энэ эрийг сайн уу, муу юу гэдгийг одоо хэлэхэд тун бэрхтэй. Ямар ч байсан улстөрийн нөлөөлөл нь багасаагүй Ахмадинежад гэж лут нөхөр ард нь бий. Гэсэн ч тэр түүнийг үл тоон АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суухаа албан ёсоор зарлажээ. Ираныг тэр номхоруулах уу гэсэн асуулт одоо АНУ-ын урд торойж байна.

Тэр ялсан

Ираны сонгуульд оролцсон 37 сая гаруй хүний 18 саяынх нь саналыг тэр цуглуулж чаджээ. Үнэндээ энэ удаагийн Ираны сонгуулийг урдаас тааварлах боломжгүй байсан гэдгээрээ онцлог. Ийм хүчтэй өрсөлдөөн дундаас түүнийг гарч ирсэн болохоор хүлээлт тэр хэмжээгээ байх нь тодорхой. Хамгийн түрүүнд тэр иргэний эрхийг хангана гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед улстөрийн үзэл санаагаар олон хүнийг нарсанд суулгасан ч зарим хэргийг дахин мөрдөөд буруугүй нь тогтоогдвол наранд гаргахаа мэдэгдээд байгаа. Гэхдээ тэрээ можахист хүн. Можахистүүдийн бүлэглэл түүнийг гарсанд баяртай байгаа. Харин шийт болон суннитууд хаашаа орох вэ гэдэг нь ээдрээтэй бөгөөд эргэлзээтэй асуудлын нэг болоод байна. “Иран улсын хандлага бол дэлхий нийтийг дайснаараа дуудах хандлага биш. Иргэншсэн, хүний эрхийг дээдэлсэн үндэстэн болох нь бидний замнах ёстой замнал, хандах ёстой хандлага. Энэ хандлагыг төлөвшүүлэхийг төлөө би хичээж ажиллах болно” гэж ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Хассан Рүхани ярьжээ. Хамгийн түрүүнд тэд Ирантай хэлэлцээрийн ширээний ард сууж, нээлттэй хуралдах тухайгаа мэдэгдээд байгаа. Ираны цөмийн зэвсгийн бодлого, хоёр орны сэвтээд байгаа харилцаа, эдийн засгийн эргэлт гээд өмнөхөөсөө арай илүү цар хүрээг хамарсан сэдвээр тэд ярилцана. Гэхдээ АНУ хүлээн зөвшөөрөх үү гэдэг эргэлзээтэй. Харин тэд төвдөхгүй болов уу? Дөнгөж Ахмадинежад ширээнээсээ буусан даруйд Ирантай хэлэлцэх нь тийм ч таатай сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэхгүй. Сүүлийн арван жилийн хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байсан Сем авгачууд шууд хүлээж авч ч болох юм. Гэхдээ энэ бол тийм ч баталгаатай хувилбар биш.


Иранд юу байхгүй вэ?

Ардчилал ирнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Ираны мораль угаасаа ардчилсан үзэл биш. Тэдний шүтдэг шашин, олон мянган жилийн соёл зан, заншил нь ардчилсан үзэл санаатай нийцэхгүй. Гэхдээ Ираны шинэ иргэд ардчилалыг цэцэглүүлэхийн төлөө тэмцэж байгаа. Исламын шашинтай бусад улсаас Иран улсын дүрэм, журам арай л хөнгөн. Тиймээс ардчилал нэвтрэх боломжтой. Гэхдээ Ахмадинежадын босгосон том хана хэрмийг нураана гэдэг амаргүй. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа зургаан эрхмийн мөрийн хөтөлбөрт ардчилалын үзэл санааг дэлгэрүүлэх гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Тэдний гол хүсч байгаа зүйл бол нэгдмэл Иран улсыг бий болгож, ард түмнээ сайн, сайхан амьдралын замд нь хөтлөх.
 
Гэхдээ гадныхан Ираныг нээлттэй болно гэдэгт найдаж байгаа. Учир нь газрын тос, байгалийн хийг ямар нэгэн хаалтгүйгээр авах нь тэдэнд ашигтай. Тиймээс хамгийн том хаалт болоод байсан Ахмадинежад ховхрох нь хөшиг нээгдэж байгаатай ялгаагүй. Тэд ч шинэ ерөнхийлөгчтэй хэрхэн харилцахаа мэднэ. Хэрвээ цөмийн зэвсгийн туршалтаа зогсоовол НҮБ байгууллагаас тавих хориг үгүй болно. Ираны гадаад нэр хүнд өснө. Олон улсын тавцанд дэмжигчид ихсэх нь хувь ерөнхийлөгчид ч ашигтай. Зарим талаараа ард түмэнд нь ч ашигтай байж болох юм.

Хэвлэлийн болоод үг хэлэх эрх чөлөө ойрын жилүүдэд Иранд бүрэн утгаараа орж ирнэ гэдэгт итгэж, найдаад бараг хэрэггүй. Улстөрийн зүгээс хэвлэл мэдээлэл нь тэдний гарт байж гэмээнэ шашны урсгалаар талцсан Ираныг нэгдмэл байлгах гол хүч нь бүрэлдэнэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй болоод эхэлбэл тэртээ тэргүй тэднийг амандаа оруулахыг хүсч байгаа “аварга загас”-нуудад сайхан өгөөш болж хувирах нь дамжиггүй. Тиймээс өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд барууныхан болоод өндөр хөгжилтэй гүрнүүд эрх чөлөөний тухай сайхан үгсийг тэдэн хаяглан шидэлцэх болсон билээ.


Юу байгаа вэ?

Цөмийн зэвсэг бол бий. Аятолла Хомейнигийн үеэс тэд цөмийн зэвсэгт гол анхаарлаа хандуулах болсон. Тэр ч утгаараа олон улсад үүгээрээ сүрдүүлж ямар нэгэн хэлэлцээрийг хийж чаддаг. Сүүлийн хэдэн жилд энэ сүрдүүлгэ үр дүнгээ тийм ч амархан үзүүлж чадахгүй байгаа билээ. Тиймээс л НҮБ болоод АНУ-чууд худалдааны хориг тавьдаг заншилтэй. Гэсэн хэдий ч тэдний туршилтыг бүрмөсөн зогсоож чадаагүй юм. Үүнээс гадна газрын гүн дэх баялаг элбэгтэй. Тиймээс ч гадны улсууд Иран руу нүд, чихээ сунгаж байдаг учиртай. Харин Ираныг Ахмадинежад удирдаж, дээрээс нь цөмийн зэвсгээрээ сүрдүүлж байсан цагт тэд энэ их баялаг тийм ч амархан шумбахгүй нь бас л тодорхой зүйл. Магадгүй тэд азийн элгэн дээрх Иракийн ихрүүдийг бий болгож болох юм.

Наймдугаар сарын 3-нд Рухани албан ёсоор тангаргаа өргөнө. Ингэснээр тэр ирэх дөрвөн жилийн хугацаанд Иракийг барих учиртай. Харин тийм нээлттэй байх уу, өмнөх шигээ хаалттай байх уу гэдэг асуулт хэвээр. Хэрвээ гадныхан Иранд шургалаад эхэлбэл түүний нэр хүнд шалдаа бууж бослого өрнөж болох. Харин тэд хаалгаа алгуур нээж, гадныханд найр тавихгүй тийм бодлогыг ч сонгож магадгүй. Аль нь ч байсан Иран шинэчлэгдэж байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж