
Тэд чинь аз жаргалыг бидэнтэй булаалддаг болохоос хамаг Монголыг хувааж байгаа хэрүүлийн алимыг тоож үнэрлэхгүй. Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Тэр хурдыг дагаад хамаг сайхан бүхэн үнэ хүндээ барж байна. Хэдхээн жилийн өмнө өвөрмөц гоё хоолойгоороо олны хайрыг татаж явсан дуучин Жавхлан өөрийгөө үндэсэрхэг үзэлтэн хэмээн цусаа ханаж 30 хүрэх насандаа солиорч явна.
…Саяхан төрсөн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүнийх нь эргэцээнд сэтгэл минь сэмэрлээ…
…Атгаад хадгалаж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хөх салхи минь аавын үнэртэй …хэмээх сайхан дуугаа сэтгэл гэгэлзтэл дуулсаар явсан бол хэн Жавхланг эх оронч биш гэх юм бэ. Монголчуудын зүрх сэтгэлд үндсэрхэг үзлийн галыг асаахад энэ дуу нь цучил болох байлаа. Гол мөрөн нуур усаа хайрлах сэтгэлээр нэгдэж талархал хүлээж явсан Мөнхбаяр тэргүүтэй залуус мөн л сэтгэлийн хийгээ дарж чадахгүй хүний хувийн өмч рүү буудаж бүр дахиад ч буу агсан бусдыг айлгахаа мэдэгдэж сууна. Хайран залуу нас чинь харамсалтай биш үү. Хайр гэдэг ойлголт зүрхэнд чинь байна уу. Улс төрийн хараалд идүүлж, эрүүл бус болтлоо хийрхэж нүднийх нь хүүхэн хараа томорчихсон яваа та нарыг минь хаврын зөөлөн бороо ч аргадаж дийлэхээсээ өнгөрөө юү. Хавар, залуу нас сэтгэлийн эрх чөлөөг хүсэхгүй байна гэж үү. Хамаг сайхан бүхнийг чинь хуу татан хаяж, залуу халуун сэтгэл зүрхийг чинь улс төрийн бохир хэрүүлээр дүүргэж байгаа хөгшдөөс ангижирвал дээрсэн.
Сурагчийн дүрэмт хувцсаа улаан туузтайгаа хамт орхисон хүүхэд насны сүүлчийн хавар ямар сайхан байгаа вэ. Дараа нь оюутны ширээний ард үдсэн уяхан цэнхэр хаврууд… Ажил амьдралаа эхлүүлж, хайрын болзоонд яарсан гэгээхэн үе. Харин дараа… дараагийн хаврууд… Нийгмийг бүхэлд нь нэг л том хар хүч нөмөрч аваад эргүүлчихсэн юм шиг. Тэр биднийг бахим савартаа тэвэрч хааш нь ч хөдөлгөхгүй амьсгал боогдуулж байна. Алийн болгон ингэж явах вэ. Хавар, залуу нас эрх чөлөөг хүсч байна. Дэлхий ертөнц эргэдгээрээ эргэж байна. Цэцэг навч дэлгэрэн анхны бороо орж, нэг л мэдэхэд намрын уйтайхан өдрүүд хаалга тогшоод хөлийн дор навчис хөглөрөн, уулсын оройгоор будан татан сүүмийж байх юм. Гэтэл бид энэ сайхан бүхнийг тоохгүй дөрвөн уулынхаа дунд хэрэлдэж, утаандаа хахаж цацан, уур уцаартаа боож үхэхээ шахаж байна.
Цаана чинь хавар ирчихэж залуус аа. Хамаг бүхнээ хаяад хайрын болзоонд гүймээр. Хачин гоё нүдэнд навч шиг үймээр. Үлгэр шиг дурлалд итгэж хөл алдан унамаар. Хавар ирчихэж. Анхны бороо орчихож…

"Улс төрийн тойм" сонин