
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улс төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, тендер будилаантуулсан бол тав хүртэлх жилийн ял оноох санал хүргүүлсэн. Таны энэ санал Д.Зоригт сайдыг огцруулах санал гаргаад дэмжлэг аваагүйтэй тань холбоотой юу?
-Д.Зоригт сайдын асуудал бол энэ саналын тодорхой жишээ. Тодруулбал, “Аморе интернэшнл” гэдэг 15 сая төгрөгийн дүрмийн сантай, арав гаруйхан ажилчинтай, энэ чиглэлийн туршлагагүй жижигхэн компанид нүүрснээс утаагүй түлш гаргах маш чухал, том төслийг өгчихсөн шүү дээ. Хэрэв Эрүүгийн хуулийг баталж, хэрэгжүүлээд эхэлбэл үүнд хэн нөлөөлснийг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Хууль байсаар байтал хэн нэгэн албан тушаалтан тендерт нөлөөлж, өөрийн эрх ашигт үйлчилдэг компанийг ялуулах тохиолдол байдаг. Магадгүй тэр компаниасаа санхүүжилт авч, сонгуулийнхаа зардлыг гаргуулж, намаа санхүүжүүлж байгаа биз. Үүнээс болоод бизнес эрхлэдэг компаниуд төрийн өндөр албан тушаалтнуудтай “найзалж”, шийдвэр гаргах түвшнийхэнд мөнгө өгөх асуудал байна. Ингээд л тендерийн ажилд зориулагдах ёстой мөнгө өөр зүйлд зарцуулагдаж, төрд их хэмжээний хохирол учирч байна.
-Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулсан дээрх саналыг гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэлэлцэх эсэхийг нь шийдэж байхад гишүүдийн 85 хувь нь дэмжсэн. Хууль зүйн байнгын хороогоор оруулахад ганцхан Д.Нямдорж сайд л дэмжээгүй. Харин УИХ-ын чуулганы үеэр байхгүй байсан гишүүдээс бусад нь дэмжсэн. Учир нь, тендер тойрсон маргаан, будилааны тухай ярьдаггүй л болохоос бүх гишүүн мэдэж байгаа шүү дээ.
-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахлагчаар та ажиллаж байгаа. Одоо зарлаж байгаа тендерүүдэд шаардлага хангасан л бол нэг компани ч оролцох эрхтэй байдаг. Энэ нь өрсөлдөөнийг байхгүй болгож байгаа юм биш үү?
-Одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу шаардлага хангасан компани л тендерт оролцох эрхтэй. Үнэхээр нарийн технологийн чанартай ажлыг хийдэг компаниуд цөөн байх тохиолдол бий учраас тендерт нэг компани оролцох тохиолдол гардаг л байх. Гэхдээ олон компани тендерт оролцож, өрсөлдөөн үүсэх боломжтой тохиолдолд зохион байгуулж байгаа газар нь зориудаар ганцхан компани оруулж шалгаруулах тохиолдол бий. Тэгэхээр урьдчилан тохирч, зохион байгуулалттайгаар тендер будилаантуулсан, өрсөлдөөнтэй байх нөхцлийг олгоогүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Олон улсын туршлагад тендер зарлахын өмнө тухайн ажлыг сонирхож байгаа компаниудыг бүртгэдэг. Тиймээс худалдан авах төлөвлөгөөг ил тод болгон, тухайн ажлыг ямар компани сонирхож байна вэ гэдэг мэдээллийг цуглуулж, бүртгэх хэрэгтэй. Ингэвэл зарлаж байгаа тендерийн тухай мэдэхгүй өнгөрөх тохиолдол гарахгүй болов уу. Монгол Улсад жилд хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрийн худалдан авалт хийдэг. Энэ эрсдэлгүй бизнесийг хийх сонирхолтой компани маш их. Тиймээс энэ ажлыг хийх боломжийг бүх компанид олгох ёстой.
-Урьдчилсан төлбөрийн баталгаа нь зарим компанид дарамт болж, тендерт оролцох боломжийг нь хаадаг бололтой?
-Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэдэг нь тухайн компани банкинд тодорхой хэмжээний мөнгө байршуулах, банкны баталгаа гаргуулах ёстойг хэлж байгаа юм. Учир нь, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулж болохгүй биз дээ. Санхүүгийн чадваргүй аль нэг компани сэтгэлийн хөөрлөөр тендерт оролцоод татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэчихвэл яах юм бэ. Тийм тохиолдол манайд олон бий шүү дээ.
-”Мэргэжлийн холбоод тендерийн шалгаруулалтад хяналт тавих ёстой” гэсэн санал гарч байгаа. Үүнийг хуулийн төсөлд тусгах уу?
-Төрийн үйл ажиллагааны зарим хэсгийг мэргэжлийн холбоодоор хийлгэх заалтыг хуулийн төслийн зарим заалтад тусгасан байгаа. Төрийн худалдан авах үйл ажиллагаа нь маш нарийн асуудал. Тиймээс энэ хуулийг тойрсон маргаан гарсан тохиолдолд шуурхай шийддэг байх зохицуулалтыг сайн хийх ёстой гэдэг үүднээс тусгасан.
-Худалдан авах үйл ажиллагааг тодорхой агентлагт хариуцуулах тухай ярьж эхэлсэн. Таны бодлоор энэ зөв үү?
-Миний бодлоор шинээр агентлаг байгуулж, орон тоо бий болгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын статусыг өөрчлөх юм уу, Төрийн өмчийн хороотой нэгтгэж болох юм. Учир нь, худалдан авах ажиллагааг зохион байгуулагчид, мэргэжлийн хүн байх ёстой. Тухайлбал, Тендерийн тухай хуулийн хэрэгжилтийг эхлэхээс нь дуустал хариуцаж, хяналт тавьж, бодлогоор зохицуулдаг байгууллага дутагдаж байна. Гэхдээ захиалагчийн ажлыг энэ байгууллага хариуцна гэсэн үг биш. Яам захиалагч хэвээрээ байна. Нэг ёсондоо төвлөрсөн, тусдаа биш холимог хэлбэрийн худалдан авалтыг бий болгох юм уу даа.
-Тендерийн үеэр гарсан асуудлуудыг хариуцаж ажиллах байгууллага нь тодорхой бус байгаагаас хууль зөрчсөн тохиолдол гарахад хариуцлага хүлээхгүй өнгөрөх нь элбэг байдаг шүү дээ. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Өнгөрсөн оны зургадугаар сард Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Тендерийн тухай хуульд захилагчийн шийдвэрт гомдол гаргах асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ хариуцуулахаар болсон юм. Гэтэл Сангийн яамнаас ажлаа эхнээс нь дуустал хариуцах ёстой гэсэн асуудал тавих болсон.Тиймээс УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр үүнийг эцэслэн шийдвэрлэж, нэг тийш болгоно гэж найдаж байгаа. Ер нь, Төрийн хяналтын тухай хууль, бусад хуулийн зохицуулалтаар хуулийн хэрэгжилтийг хангаж, хууль зөрчсөн тохиолдолд торгууль оногдуулдаг байгууллага нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар /УМХЕГ/. Гэтэл дээрх асуудлыг яагаад ШӨХТГ-т хариуцуулсан юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Минийхээр УМХЕГ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож чадахгүй байгаагаас болсон байх. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад энэ бүхнийг шийдэхээр бэлдэж байна.
-Ярилцсанд баярлалаа.

"Улс төрийн тойм" сонин