
Ашигт малтмалын экспортын ид улиралд нүүрсний олборлолтыг тушсан нэгэн шийдвэрийг Авто тээврийн газар гаргажээ. Салбарын сайд Х.Баттулгын үүрэгдсэний дагуу гэх тодотголтой энэ шийдвэрийнхээ тухай тус газрын холбогдох албаны хүмүүс өчигдөр дуулгасан юм.
Энэ нь Тавантолгойд олборлолт явуулж буй Ухаа худаг, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гэдэг газар хүртэлх замаар тээвэрлэлт явуулахыг хориглосон шийдвэр юм. Тус замаар өдөрт хүнд даацын 500-гаад машин нүүрс тээвэрлэдэг гэнэ. Тэдний зорчдог 254 км зам 6-8 салаа болж, өргөн нь нэг км авто замыг хамарчээ. Зуу зуун тоннын жинтэй авто машинууд хөлхсөнөөр тоос босч, шороо бужигнаж, орчин тойрон харагдах боломжгүй болдог байна. Улмаар авто машины осол гарч, хүний амь нас эрсдэх нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн онд тус замд 31 авто тээврийн осол гарч, 23 хүний амь нас хохирч байсан бол энэ оны эхний улиралд 12 осол гарч гурван иргэн амь насаа алдсан байна. Энэ мэт байгаль орчин болон хүний амь насанд ихээхэн хор уршиг учруулж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Одоогийн байдлаар газар дээр нь холбогдох албадаас бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тэд өнөөдрөөс уг замыг хаах аж.
Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд уг шороон замын хажуугаар “Энержи ресурс” компани авто зам барьж буй. Энэхүү зам ашиглалтад орох хүртэл тус чиглэлийн уртын тээврийг хаах юм байна. Компанийн мэдэгдсэнээр замыг ирэх наймдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаа албаны хүмүүст мэдэгдсэн байна.
Харин Цагаан хаднаас хил хүртэлх замыг хаагаагүй бөгөөд тэнд хилээр гаргахаар буулгасан байгаа нүүрсийг тээвэрлэх 28 км зам нээлттэй үлдэж буй ажээ. Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын 10 талбай байдаг бөгөөд өдөрт 350 тонн нүүрс хилээр гаргана гэж тооцоход сар орчим хугацаанд экспортлох нүүрс тэнд байгаа гэнэ.
Нүүрсний уртын замыг хааснаар Монголын томд тооцогдох хоёр уурхайгаас гарах нүүрсний хэмжээ буурч магадгүй юм. Ид олборлолт явуулж, борлуулдаг улирлаар ийм шийдвэр гаргасан нь эдгээр компанид эдийн засгийн алдагдалд оруулж болзошгүй гэнэ. Тиймээс энэ талаар компаниудтай холбогдож байр суурийг нь авав.
“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр:
-Одоогоор манай компанийн удирдлагад албан ёсоор мэдэгдсэн юм алга. “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хэрвээ тээврийн замыг хаах юм бол мэдээж олборлолт, борлуулалтад сөргөөр нөлөөлнө. Манай компани жилдээ 4.7 сая тонн нүүрс олборлон борлуулж улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх даалгавартай байдаг. Тэгэхээр бидний төлөвлөгөө тасалдахад хүрч магадгүй юм. Гэхдээ одоогийн байдлаар надад албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа учраас би бодит юм хэлж чадахгүй байна гэлээ.
Тус компани сард 300-гаад мянган тонн нүүрс олборлож 60 тэрбум төгрөгийн орлого олдог гэнэ. Нүүрсний тээврийн замыг хаах 3-4 сарын хугацаанд 180-240 тэрбум төгрөгийн алдагдал дээрх компанид учрах бүдүүн хадуухан тооцоо харагдаж байна.
Харин “Энержи ресурс” компанийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Ариунаатай холбогдоход “Энэ асуудлыг хариуцсан албаны хүмүүс нь уурхай дээр ажиллаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй “ гэсэн юм.
Тээвэрлэгч компаниуд ба гадаад ажилчид
Нүүрс олборлогч гол компанийн холбогдох хүмүүс ийн ярьж байна. Үүний цаана мөн тээвэрлэгч компаниудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Монгол, Хятадын нийлсэн 150 орчим тээврийн компани уурхайн тээврийн асуудлыг хариуцаж бизнес хийж буй. Зарим монгол иргэн хувиараа их хэмжээний зээлээр хүнд даацын авто машин авч, нүүрсний тээвэр хийж амьжиргаагаа залгуулах нь бий. Ингээд бодохоор тээвэрлэлтийн компаниуд, хувь хүмүүс ч алдагдалд орж болзошгүй байгаа юм. Нөгөө талаас тээвэрлэлтэд голдуу хятад ажилчид байдаг. Монголын иргэдээ орлоготой болгох үүднээс тэднийг ажиллуулж болдоггүй юм уу гэсэн асуудал үүсч ч болох юм.
Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболд:
-Манайд мэргэшсэн боловсон хүчний асуудал бий. Одоогоор уг ажлыг хийх чадвартай бэлэн мэргэшсэн жолооч төдийлөн элбэг биш. Тиймээс бид үндэсний мэргэшсэн жолооч бэлтгэж, нүүрсний тээвэрт монгол ажилчдаа ажиллуулахаар шат дараатай арга хэмжээ авч буй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран мэргэшсэн жолооч бэлтгэхээр ажиллаж байна гэж ярьсан.
Цаашид яах вэ?
Тавантолгойд боссон тоос шороо, осол аваарыг уртын тээврийн замыг хааснаар бүрэн шийдэхгүй гэж албаныхан хэлсэн. Юутай ч “Энержи ресурс”-ын авто замыг ашиглалтад орох хүртэл гал унтраах түр зуурын арга хэмжээ авч буй нь энэ аж. Цаашид энэ замаар урсах зуун зуун тонн нүүрс, тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ.
Нүүрс тээвэрлэгч машинууд 100-120 тоннын жинтэй байна. Тэгвэл одоогоор манай улсад мөрдөж буй стандартад 100 тонн-ын даац гэж байдаггүй, хамгийн дээд тал нь 44 тоннын жинтэй тээврийн хэрэгсэл зорчино гэсэн нь Тавантолгойд явж буй тээврийн хэрэгсэлд мөрдөгддөггүй гэсэн үг юм. Тиймээс нүүрсний тээвэрт хэрэгжих боломжгүй тээврийн хуучин стандартыг шинээр тогтоохоор холбогдох алба ажиллаж байна. Олон улсын жишигт машины даацыг нэмэгдүүлж, замд нөлөөлөх нөлөөллийг бууруулахаар тухайн тээврийн хэрэгслийн тэнхлэг, дугуйн тоог нэмж тавих зэрэг арга хэмжээ авдаг гэнэ. Мөн ашигт малтмал тээвэрлэх машинуудад зориулсан тусгай технологийн зам бий болгох тухай ч Авто тээврийн газрынхан хэлж байлаа. Үүгээр зөвхөн хүнд даацын машин зорчих ба суудлын авто машин зэрэг бусад тээврийн хэрэгсэл явах боломжгүй зам байх гэнэ.
Байгаль орчин говийн хамгийн “халуун” асуудал болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Говийн эмзэг хөрсийг хага яран, эргэн тойронд нүүр нүдгүй манарах тоос шороон дундуур эх орны минь баялгийг тээн урд хөршийг зорих машин цувааг хараад зүрх нь шимширдэггүй монгол хүн гэж байдаггүй биз. Үнэхээр ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол атомын бөмбөгөнд сүйрсэнтэй дүйх гамшиг говьд нүүрлээд байсан нь үнэн. Тэгэхдээ өчнөөн жил талхлуулчихаад хоёрхон сарын дараа ашиглалтад орох замыг нь хүлээлгүй гэнэт хаасан нь ардаа ямар нэгэн санаа агуулаагүй байгаасай л гэж найдъя. Монголчууд бид сайныг бодож хийсэн зүйлээ өөрсдөө муухайгаар ашиглаад бүр дордуулдаг жишээ олон бий. Арын хаалга, авилга цэцэглээд ард нь улс авсан татвар ч үгүй үлдэхгүй л бол эх орныхоо байгалийн төлөө хийсэн энэ алхмыг дэмжихгүй хүн ховор биз.