Б.Мөнгөнтуул Орост ”тулалдаж” байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Орост ”тулалдаж” байна

Их мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын эмэгтэй шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэмцээнд шилдэг найман баг тойргийн системээр тоглон өрсөлдөж байгаа ба Б.Мөнгөнтуул Москва хотын “Гипроречтранс” багийн бүрэлдэхүүнд багтан хоёрдугаар ширээнд тоглож байгаа юм. Нэг баг таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Гипроречтранс” багт Наталия Жукова, Елена Заяц, Ирина Василевич, Мария Фоминых нарын шатарчид багтжээ. Тэмцээн энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар Б.Мөнгөнтуул гурав хожиж, нэг тэнцсэнээр 3,5 оноотой болоод байна. Тэрбээр тэмцээний эхний өрөгт ОХУ-ын шатарчин Екатерина Аталиктай хараар тоглож, хожсон бол 17-нд хоёр дахь өрөгт Украйны шатарчин Екатерина Лагнотой цагаанаар тоглон тэнцжээ. Харин 18-нд Ольга Ивкинаг хожиж, улмаар өчигдөр дөрөвдүгээр өрөгт Екатерина Харашутатай цагаанаар тоглож, хожсон байна.

Дашрамд сонирхуулахад, Оросын эмэгтэй шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос гадна Болгар, Гүрж, Литва, Польш, Украйн, Турк зэрэг гадны тамирчид оролцож байна. Түүнчлэн FIDE-гийн чансааны топ 100-д багтсан шатарчдаас 22 нь ОХУ-д цуглаад байна. Манай шатарчин Б.Мөнгөнтуулын хувьд 2434 оноогоор дэлхийн чансааны 48 дүгээрт эрэмбэлэгдээд байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж