Хүчний гурван төрөлтийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хүчний гурван төрөлтийн тэмцээн боллоо

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Төв аймгийн цагдаагийн газрын нэрэмжит хүчний гурван төрөлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа. Тэмцээнийг аймгийн цагдаагийн газар, аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн Хүч тамирын нэгдсэн холбоо хамтран зохион явууллаа. Тус тэмцээнийг арав дахь жилдээ зохион байгуулж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга  Ц.Энхбат, Монголын замын цагдаагийн газрын дарга Х.Энхжаргал, Монголын бодибилдингийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Батсуурь, Монголын бодибилдингийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Батсуурь, монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мөнх-Эрдэнэ, Монголын Мистер Нурлан нарын төлөөлөгчид тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Энэ тэмцээнд  12 байгууллагын 50  гаруй тамирчид оролцсон бөгөөд +65, -65 кг ангилалд өсвөр үеийнхэн, бусад таван жинд хүч сорин өрсөлдлөө.

Өсвөр үеийн +65 кг-ын жинд Жаргалантын Б.Содхүү , -65 кг-ын жинд Батсүмбэр сумын Н.Соёл-Эрдэнэ нар тэргүүн байранд оржээ. Өсвөр үеийн багийн нийлбэр дүнгээр Д.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай Жаргалант сум, А.Эрдэнэбат дасгалжуулагчтай Батсүмбэр сум, Ж.Баттүшиг дасгалжуулагчтай Алтанбулаг сумд эзэлж аймгийн цагдаагийн газрын нэрэмжит цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Насанд хүрэгчдээс 66 кг-ын жинд багийн нийлбэр дүнгээр Заамарын Н.Түвшинбаяр, Стандарт ХЗХ-ийн Ш.Ганбат, Жаргалантын Д.Эрдэнэчулуун нар тэргүүлсэн бол 74 кг-ын жинд Заамарын Ж.Дүүрэнбаяр, Бүрэнгийн Д.Батсүх, Заамарын Б.Ганбаяр нар эхний гурван байранд шалгарчээ.  Харин 83 кг-ын жинд цагдаагийн Д.Батмандах, 93 кг-ын жинд new happy багийн М.Нямбаатар, 105 кг-ын жинд Бүрэнгийн Түмэнжаргал, мастер ангилалд Зуунмод сумын Д.Намжилдорж нар тэргүүн байранд шалгарчээ.

Насанд хүрэгчдийн багийн нийлбэр дүнгээр Ж.Отгонбаяр дасгалжуулагчтай Заамар сум, А.Зандан дасгалжуулагчтай аймгийн цагдаагийн газар, Г.Гантүшиг дасгалжуулагчтай Бүрэн сумдын багууд тэргүүн байр эзэлсэн байна. Мөн тэмцээний үеэр Төв аймгийн Бүрэн сумын тамирчин Д.Түмэнжаргал нь суултын төрлөөр 265 кг-д сууж аймгийн рекорд амжилтыг тогтоолоо.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж