
Харин санал авах автоматжуулсан машины тухайд 2500 ширхэг машин бэлэн болжээ. Эдгээр машинуудад програмчлал, хянан баталгаажуулалт хийгээд аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодод хүлээлгэж өгсөн. Өнгөрсөн долоо хоногт 21 аймаг руу санал тоолох машиныг ачуулсан бол энэ долоо хоногт хэсгийн хороодод хүргэх ажил хийгдэх аж. Ингэснээр ирэх баасан гаригт туршилтын санал хураалтыг явуулах юм байна. Хэсгийн хороодын хувьд дээрх өдөр туршилтын саналын хуудсыг автомат машинаар уншуулж мэдээгээ Сонгуулийн ерөнхий хорооны төв сервер рүү илгээнэ. Эл туршилт нь автомат санал тоолох машин ажиллаж байна уу, хэвлэгдээд очсон саналыг үнэн зөв уншиж байна уу, СЕХ-ны төв серверт мэдээлэл очиж байна уу гэдгийг үндсэнд нь нягталж байгаа аж. Гэхдээ автомат санал тоолох машиныг долоон хэмжүүрээр шалгаж нягталсны үндсэн дээр хэсгийн хороод руу хүргэх ажлыг зохион байгуулсан болохоо СЕХ-ны дарга мэдэгдэж буй.
Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа. -Автомат машиныг долоон төрлийн шалгуураар шалгаж нягталсны эцэст санал авах боломжтой гэж үзэн хэсгийн хороод руу хүргүүлсэн гэлээ. Ямар шалгуураар шалгаж нягталсан юм бэ?
-Санал тоолох автомат машиныг эхлээд техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал талаас, хоёрдугаарт, сонгуулийн пайлуудыг зөв суулгаж уу, саналын хуудсыг зөв таньж уншиж уу гэдгийг нягталсан. Мөн Тагнуул, Мэдээлэл технологи, Харилцаа холбооны зохицуулах газраас тус бүр төлөөлөл оролцон тестээс гарсан дүнг зөв эсэхийг шалгасан. Саналын хуудсыг хэвлэх явцад үйлдвэрээс хэвлэлтэд гарсан даруйд дээж авч саналын хуудсыг автомат машин зөв уншиж байна уу, баар кодыг зөв уншиж байна уу, хэмжээ нь таарсан уу, өөр баар кодтой саналын хуудсыг уншиж байна уу, усаа хээ, үйлдвэрлэлийн нууцлал зэрэг олон зүйлийг шалгасан. Дараа нь гурван намын төлөөлөл оролцуулсан шалгалт хийсэн. IT чиглэлийн мэргэжлийн инженерүүд оролцуулсан шалгалт, мөн энэ чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон шалгалтыг давхар хийж баталгаажуулсны үндсэн дээр хянан баталгаажуулах гэрчилгээг машин бүрт олгосон. Үндсэндээ долоон шалгалт давж байж автомат машин хөдөө орон нутагт хүргэгдсэн.
-Саналын хуудсыг орон нутагт нөөцгүй хэвлэсэн гэх юм. Орон нутгийн сонгогчид мэдээлэл дутмаг, бичиг үсэгт тайлагдаагүй байдаг нь саналын хуудсыг тэмдэглэх үедээ буруу тэмдэглэх, хоёр нэр дэвшигчийн нэрийг дугуйлах зэргээр алдаа гаргаж болзошгүй. Энэ тохиолдолд саналын хуудсыг нөөцгүй явуулах нь эрсдэл дагуулж болзошгүй юм биш үү?
-Орон нутгийн сонгуулиар саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлэж хөдөөд хүргүүлж байсан. Харин энэ удаад нөөцгүй хэвлэж хүргүүлсэн нь нэг талдаа зардлаа хэмнэх зорилгоор авсан арга хэмжээ. Нөгөө талдаа дотоодод байгаа сонгогчийн тоо өндөр учраас дутагдал гарахгүй болов уу гэж бид үзсэн. Жишээ нь нийт сонгогчоос 90 хувь нь саналаа өгөхөд цаана нь 10 хувийн нөөц үлдэнэ гэж тооцсон.
-Саналаа өгсөн сонгогчийг үүрэн холбооны 1000 төгрөгийн нэгжээр урамшуулах нь хуульдаа нийцэж байгаа юу. Гадаад оронд сонгогчоо санал өгсөн нөхцөлд урамшуулдаг тогтолцоо бий юу?
-Гар утасны нэгжний тухайд УИХ дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад гишүүд “СЕХ сонгогчийн ирц бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзээд дээрх хуулийн 48.15-д сонгогчийн ирцийг бүрдүүлэх талаар СЕХ тодорхой арга хэмжээ авч ажиллана гэж заалт оруулсан. Үүний дагуу төрийн бус байгууллагууд, үүрэн холбооны операторуудаас өнгөрсөн хугацаанд 20 гаруй санал ирсэн. Санал бүрийг нэг бүрчлэн нэлээн сайн ярилцсаны үндсэн дээр “Бага ч гэсэн нэгжийг нь дэмжье” гэж шийдвэрээ гаргасан. Хэрвээ сонгогчийн ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй бол зардал их гарна гэж “Бид саналаа өгнө” залуусын хөдөлгөөнийхөн хэвлэлийн хурал хийж байсныг санаж байгаа болов уу. Тийм учраас энэ саналыг дэмжсэн. Гадаад орнуудын тухайд урамшууллын систем бий. Хойд хөршид өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгууль болоход саналаа өгсөн сонгогч бүрийг үзвэрийн билетээр урамшуулж байсан. Австралид сонгогч саналаа өгөөгүй бол торгуулдаг. Саналаа өгөөгүй тохиолдолд сонгогч бүрийг 20 ам.доллараар торгодог. Тухайн орондоо бол нэг цагийн хөдөлмөрийн хөлсний үнэлэмж. Монгол Улс бол цаашдаа торгуулийг нь ч урамшууллыг нь ч хэрэглэх ёстой.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг хэвлэлийнхэнд хэдэн цагийн зайтай өгөх вэ, СЕХ. Сонгууль болж байгаа өдөр энэ талын мэдээлэл нэлээд хүлээгддэг?
-Сонгогчийн ирцийн мэдээг санал авах өдрийн 11.00, 15.00, 22.00 цагуудаас тус бүр авна. Энэ үед мэдээлэл өгнө.
-Цахим хэвлэлүүдээр өнгөрсөн амралтын өдөр “Автомат машинууд шалгалтад бүдэрлээ. Саналын хуудас дээрх гурван нэр дэвшигчийг гурвууланг дугуйлахад бүгдийг хүчинтэй хэмээн автомат машин уншлаа” гэж мэдээлэгдсэн. Эл мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Хуульд сонгогч та нэг л хүний төлөө санал өгнө гэж заасан. Хоёр, гурван хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй. Тодруулж хэлбэл, нэг нүд дугуйлахад хүчинтэй. Нэг ерөнхийлөгч сонгоно уу гэхээс гурван ерөнхийлөгч сонгохгүй. Гурван нүд дугуйллаа гэхэд машин татаад авчихна, хуудас нь хүчинтэй боловч санал нь хүчингүйд тооцогдоно. Харин нэр дэвшигчээс нэгийг дугуйлсан бол хүчинтэй саналд тооцогдоно гэдгийг сонгогчид маань маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс автомат машин буруу тоолж будилах зүйл гарахгүй.
Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу зургадугаар сарын 14-16-ны хооронд гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг авах ажил зохион байгуулагдсан юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 6478 иргэн бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгчээ. Үүнийг өнгөрсөн жил болж өнгөрсөн УИХ-ын сонгуультай харьцуулахад сонгуульд оролцохоор бүртгүүлсэн сонгогчийн тоо, саналаа өгсөн сонгогчийн тоо аль аль нь 50 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Гадаад дахь монголчуудын хувьд нийт 39 дипломат төлөөлөгчийн газраа очиж саналаа өгсөн, ингэхдээ саналаа өгсөн нийт сонгогчийн ирц 68.2 хувьд хүрсэн гэж Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлсэн. Тэгвэл улсын хэмжээнд зургадугаар сарын 26-нд зохион байгуулагдах сонгуулийн үйл явцтай холбоотойгоор зургадугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд 1.856190 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Тэдгээр сонгогчоос хэд нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх вэ гэдэг нарийн тоо хараахан гараагүй байгаа. Гэхдээ энэ долоо хоногт багтаж гарах аж. Хуульд зааснаар зөөврийн хайрцгаар санал хураах ажиллагаа зургадугаар сарын 25-нд зохион байгуулагдах юм байна.
Мөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулж 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо тус бүр байгуулагдан санал авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ. Үүнд 15863 төрийн албан хаагч ажиллаж буй юм байна. Хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль автоматжуулсан системээр зохион байгуулна. Тиймээс бэлтгэл ажлыг зохион байгуулах хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны дэргэд 136 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг ажиллаж байгаа бол 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2500 гаруй хүн тус бүр ажиллаж буй юм байна. Үндсэндээ цагдаа, тагнуул зэрэг байгууллагынхныг оруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байна.