“Их найм” уулзлаа, гэхдээ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

“Их найм” уулзлаа, гэхдээ

Их Найман гүрэн чуулж байна. Үр дүн, бодит байдал, дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг дорвитой шийдсэн, тодорхой үр дүн байдаггүй ч энэ найман гүрэн чуулсаар 39 жилийг ардаа үджээ. Их Наймыг Туркийн бослого, Европийн ганхалт угтаж байгаа. Энэ удаагийн уулзалтад хоёр сэдэв чухал байр суурийг эзэлж байгаа. Эхнийх нь Солонгосын хойгын хямрал. Дэлхий нийтэд дайн дэгдээнэ гэсэн айдсыг үүсгээд байгаа энэ “маргаан”-ыг ямар нэг байдлаар ярилцаж, шийдвэрт хүрэх нь тэдний гол зорилго. Харин дараагийн том сэдэв нь Сирийн иргэний дайн. Сирийн засгийн эрхэнд байгаа Башар аль Ассадыг эсэргүүцэгч сөрөг хүчин, Ассадын засаг хоёрын хооронд өрнөсөн маргаан ийнхүү иргэний дайны хэмжээнд хүрч дэлхийн хамгийн аюултай бүс нутгийн тоонд орсон билээ. Үүнийг тэргүүлэх гүрнүүд тоохгүй өнгөрнө гэж байхгүй. Яг үүний өмнө зохиогдсон БРИКС-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Башар аль Ассад захидал илгээж ухаалгаар хандаж, ард түмнээ аврахыг хүсч, том гүрнүүдийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байхыг сануулсан юм.

39 дэх удаагийн хуралдаан нь шинэхэн боловч сэдвүүд нь шинэ биш. Өмнө нь ярилцдаг байсан сэдвүүд. Сирид иргэний дайн үүсэхээс бүр өмнө томоохон гүрнүүд хоорондоо энэ улсын тухай ярилцаж, Солонгосын хойгийн асуудлыг ч хөндөж байсан удаатай. Гэхдээ тэд ярилцсан ч өнөөдөр бодит байдал өөр байгаа. Энэ нь ч аргагүй. Хэдийгээр тэд эдийн засгаараа том байж болох ч жирийн улсын дотоод асуудал тэдэнтэй тэдэнгүй өрнөнө. Гэсэн ч тэд амбицаараа нэгдсээр, асуудлыг ярьсаар ирсэн. Ажил хэрэг болсон ч, эс болсон ч тэд уулзсаар л байх болно.

Өнгөрсөн асуудлууд шийдэгдсэн үү?

Өнгөрсөн жил их найман гүрэн чуулж Грекийн хямрал, европийн хэцүү байдлуудын тухай ярьсан. Бодитой шийдэлд тэд хүрч чадаагүй. Дээрээс нь энэ гүрнүүдийн нэг болох АНУ өөрөө өрийн хямралд орчихсон байсан болохоор ганхсан европийн асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлээгүй. Харин Грек одоо ямар байгаа вэ? Байдал өмнөхөөсөө дордсон. Анх ярилцаж, тохиролцож байсан хугацаандаа өрөө өгч чадахааргүй болсон. Энэ цаг үед евро бүс дахин бодлого боловсруулах шаардлагатай тулгарч байгаа. Хэрвээ евро бүс түргэдээд эхэлбэл улаан гэрэлтэй европийн дуут дохио ажиллах өндөр магадлалтай байгаа. Тэд өмнөх уулзалтаар Грекэд мөнгө дахин олгох, гэрээний нөхцөлийг бууруулах, улс орны дотоод асуудалд евро оролцохгүй байх зэрэг асуудлыг ярилцаж байсан ч тэртээ тэргүй асуудалтай байгаа Грекийн асуудалд оролцохоос өөр замгүй гэдгийг евро бүс баттай хэлсэн билээ. Тэдэн дээр нэмэгдээд Португаль, Ирланд, Итали, Франц, Испани улсууд орж ирсэн. Хамгийн аюултай нь энэ бүх улсууд Европийн хамгийн том эдийн засгууд. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр Европийн хамгийн бага эдийн засаг гэсэн тодотголтой Кипр улс Грекийн араас алхаж буй. Евро бүс үүнд нэг их анхаарал хандуулахгүй байгаа гэж дэлхий нийт харж байгаа. Гэхдээ тэд тэгээгүй, анхаарч байгаа гэдгээ албан ёсоор зарласан. Ямар ч өнцгөөс харсан жижигхэн Кипр дампуурахад Грекд нөлөөлөх нь гарцаагүй. Грек бол бүх Европийн хугарсан тулгуур.

Айдастай Сири

Хоёр жилийн өмнө эхэлсэн засаглал хоорондын маргаанаас болж одоогийн байдлаар 120 мянган хүн нөгөө ертөнцөд очоод байна. Энэ асуудлыг НҮБ-аас болон томоохон гүрнүүдээс зохицуулах, намжаах гэж оролдсон ч чадаагүй. Башар аль Ассадыг дэлхий дахин харгислагчийн дүрээр харж байгаа бол тэр том гүрнүүд эмх замбараагүй байдлыг өдөөж, иргэний дайны хэмжээнд хүргэсэн гэж итгүүлэхийг хүсдэг. Эргэлзээтэй асуудлын аль нь ч бай яг одоо дэлхийн хамгийн аюултай бүс нутаг Сири болоод байна. Сүүлдээ энэ асуудалд шашны хэт даврагсад оролцож, шашин хоорондын мөргөлдөөн болгож хувиргасан билээ. Хэдийгээр Аль Кайда, Исламын бүлэглэлүүдийг яг таг оролцсон гэдгийг нотолж чадахгүй ч үе, үе болдог халдлагуудыг шашны хөдөлгөөнүүдийн зүгээс хийдэг гэдгийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нотолдог. Сирийн чөлөөт армийг зэвсэглэлээр хангадаг томоохон “донор” нь ч шашны хөдөлгөөнүүд байж болох талтай. Ямар нь ч байсан гэсэн тэд дараагийн Ирак болох зам руугаа эргэлт буцалтгүй ороод байна. Уржигдар буюу зургадугаар сарын 16 өдөр Барак Обама Сирийн чөлөөлөх армид зэвсэг болоод цэргийн туслалцаа үзүүлж, үйл ажиллагаанд туслахаа амласан. Учир нь Ассадын Засгийн газрын иргэддээ үзүүлж байгаа энэ болчимгүй үйлдэл нь эцэстээ хоморголон устгах, дайны шинжтэй болж хувирсан учраас АНУ энэ асуудалд хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй болсон гэж мэдэгдлээ. Хэдийгээр албан ёсны цэргийн ажиллагаа зохион байгуулах нь тодорхойгүй байгаа ч цэрэг болон зэвсгээр хангана гэсэн энэ үгэнд цэргийн ажиллагаа гэх үг нуугдаж байж болох талтай.

Сирийн асуудал өнгөрсөн жил хүчээ аваад байх үед “Их найм”-ын 38 дэх уулзалтаар энэ асуудлыг сөхөж ярьсан. Хэдийгээр голлох сэдэв байгаагүй ч жирийн ард иргэдийн хохирч байгаа байдлыг их гүрний тэргүүнүүд ярилцсан билээ. Тухайн үедээ ямар нэгэн үр дүнд тэд хүрч чадаагүй. Байдлыг намжаах тухай ярилцсанаас биш шийдвэртэй алхамыг тэд хийгээгүй билээ. Их наймын бүлэглэлд багтаагүй улсын тэргүүнүүд Сирийг шинэ Афганистан, Ирак болгох гээд байна гэж шүүмжилдэг бол бүлэглэлд багтдаг найман орны тухайд Ирак, Афганистаны асуудалд хөндлөнгөөс оролцоогүй бол байдал дордох байсныг сануулдаг. Гагцхүү Канад, ОХУ, Япон улсууд л энэ асуудалд тодорхой хариу өгдөггүй билээ.

Хойд, өмнөдийн дайсагнал

Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд гурван ч удаа сүрдүүлгийг өмнөд рүү “чулуудаад” байна. Тэр болгонд өмнөдийн ард иргэд ямар байсан нь тодорхой. Ахлах сургууль болоод их сургуулийн оюутнууд хичээлдээ айдастай явдаг тухайгаа фейсбүүк, твиттерээр дамжуулан мэдэгдээд байгаа. Яг энэ сүрдүүлгээ солонгосын хувьцааны индексүүдэд нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хамгийн сүүлийн сүрдүүлгийг пүрэв гаригийн орой өгсөн бөгөөд энэ удаад Өмнөдийн батлан хамгаалахын яамныхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ.

2000 онд цөмийн зэвсэг ямар нэгэн байдлаар туршихгүй гэдэг дээр хатуу зогсч байгаагаа Хойдчууд дэлхий нийтэд зарласан. Өмнөх тав гаруй жилийн туршид цөмийн зэвсгийн тал ер зүгээр суугаагүй энэ улсыг хэрвээ цөмийн зэвсгээ зогсоохгүй бол олон улсын төвшинд хориг арга хэмжээ авна гэдгийг Олон улсын цөмийн энергийн агентлаг, НҮБ мэдэгдсэн. Тиймээс НҮБ-тай хойдчуудад өгөх тусламжийг сайжруулах тал дээр гэрээ байгуулж цөмийн хөтөлбөрөө “хаасан”. Нэг ёсондоо цөмийн зэвсгээр барьцаалж, халамжийн хэмжээг нэмсэн гэж ойлгож болно. 2005 онд АНУ-ын ТТГ-ын илрүүлсэн мэдээллээс харвал хойдчууд цөмийн зэвсгийн туршилтаа зогсоогоогүй. Хэрвээ АНУ тусламжийн хэмжээгээ сайжруулбал дахиж туршихгүй гэсэн. Бас л худлаа байсан. Үүний дараа хоёр туршилтыг амжилттай зохиосон. Энэ бол дэлхийн түүхэнд үлдсэн бодит үнэн.           

Байдал өмнө нь хэцүү байсан. Хэн хэн нь харвах магадлалтай, дээрээс нь АНУ тоглоомонд оролцоод эхэлчихсэн. Энэ байдал гэхдээ дууссан. Бүрэн дууссан эсэх нь эргэлзээтэй. Энэ сарын эхээр хоёр солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана гэж байсан ч хойдчууд хойшлуулах хүсэлтээ илгээсэн. Гэхдээ ямар шалтгаанаас болж хойшлуулсан гэдгээ тэд хэлээгүй. Хоёр солонгос энэхүү уулзалтаар эдийн засгийн эргэлт болоод Кесоны үйлдвэрийн талаар ярилцах байсан ч өмнөдийн ярилцах асуудлын шийдлүүд нь хойдчуудад таалагдаагүйн улмаас хэлэлцээрээ хойшлуулсан байж болзошгүйг ажиглагчид хэлж байгаа. Юунаас болсон ч хамаагүй тэд хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар буцаасан. Энэ хооронд тэд АНУ-ыг хэлэлцээрийн ширээнд урьсан. Сэдэв нь тодорхой. Солонгосын хойгийн хямрал. Энэ байдлыг хэрхэн гэтэлгэх, асуудлын учгыг хэрхэн тайлах, улстөрийн үзэмжээр хандахгүй байх зэрэг хэд, хэдэн асуудлаар санал солилцох зорилготой аж. Яг энэ мэдэгдэлд АНУ одоогоор ямар нэгэн хариулт өгөөгүй. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаас харвал хойдчууд шинэ тутам хөгжиж байгаа зэвсэг худалдаж авах, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар ярьж болзошгүй аж. Хэрвээ энэ асуудлыг ярилцаад эхэлбэл өмнөдүүд зүгээр суухгүй. Учир нь тэдэнтэй хийх хэлэлцээрээ цуцлан байж АНУ-тай уулзана гэдэг тэртээ тэргүй эмзэг байгаа хоёр солонгосын харьцааг дахин хурцатгах бүрэн үндэстэй юм. 

Өнгөрсөн жил хуралдсан их наймын уулзалтаар энэ тухай нэг их ярилцаагүй. Гэхдээ дайвар асуудлын тоонд Ираны цөмийн зэвсэгийн сүрдүүлгэтэй хамт багтсан билээ. Тухайн үед найман улсын тэргүүнүүдийн аль нь ч жилийн дараа байдал дайны хэмжээнд хүрчихнэ гэж бодоогүй нь лавтай. Одоо ч дайн болно гэдэгт их гүрнүүдийн аль нь ч итгэхгүй байгаа.

Их Наймын уулзалтын гол сэдэв нь Сири, Солонгосын хойг дахь нөхцөл байдал байгаа ч Киприйн хямрал, евро бүсийн эдийн засгийн тогтворгүй байдал, Туркийн эсэргүүцэгчдийн хөдөлгөөн зэргийг хөндөхгүй өнгөрч болохгүй. Хэрвээ евро ганхвал Германы эдийн засаг ч “эвгүй” байдалд орно. Гэхдээ бүс нутгийнхаа зарим улсыг бодвол байдал харьцангуй тогтвортой байгаа гэдгийг Меркель ч мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр евро бүсээс аль хэдийнэ тусламж авчихсан Кипрт ОХУ зээл өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ тэд евро бүсээс тусламж аваагүй байсан бол ОХУ боломжоороо туслах байсан гэдгээ мэдэгдсэн. Европийн бусад улсыг бодвол хэд дахин бага эдийн засагтай Кипрт ОХУ мөнгө угаадаг гэсэн баримт бий. Учир нь төрийн томоохон албан тушаалтнууд, алдартай баячууд нь Киприйн банкийг ашиглан хэдэн сая ам.доллараар тооцогдох мөнгийг угаадаг болох нь тодорхой билээ. Евро комиссын тэргүүн, европийн холбооны гүйцэтгэх албаны өндөр албан тушаалтнууд ч оролцдог энэ хурлаар Киприйн асуудлыг их, бага ямар нэгэн хэмжээгээр ярих нь тодорхой болоод байгаа юм. Сүүлийн хэдэн жил бослого, эсэргүүцэл гээчийн барааг хараагүй Турк улс асч байна. Тэд Эрдоганы түрэмгийлсэн засаглал, чөлөөт сэтгүүл зүйг боомилж байгаа дүр зургийг эсэргүүцэж жагсаалаа эхлүүлсэн. Үр дүнд нь зургаан хүн нас барсан. Засгийн газар байр суурин дээрээ хатуу зогсохоор болсон. Ард иргэд ч жагсаалаа дуусгахгүй гэдгээ хэлсэн. Энэ бүгдээс харвал ойрын хэдэн сардаа Туркийн асуудал хурц хэвээрээ байх нь тодорхой.

Анх 1975 онд хуралдсан “Их Найм”-ын уулзалтаас үр дүнд хүрсэн томоохон шийдвэр гарч байгаагүй ч эдийн засаг томтой эдгээр улсууд аль нэгэн асуудлыг ярилцаж байгаа нь томоохон “амбиц” билээ. Гэхдээ 39 дэх удаагийн “амбиц” хэр зэрэг үр дүнд хүрэх бол…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж