Л.Нарантуяа: Монголын волейболчдыг азид гаргах цаг болсон

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Л.Нарантуяа: Монголын волейболчдыг азид гаргах цаг болсон

Волейболын 2013 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-9-ны өдрүүдэд Спортын төв ордон болон ШУТИС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдсан. Тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Л.Нарантуяа ярилцлаа.

13 жилийн өмнө Монголд зохиогдсон Азийн аваргын тэмцээнээс манай эмэгтэйчүүдийн баг анхны мөнгөн медаль авсан нь Монголын волейболын спортын түүхэн дэх оргил амжилт юм. Мөнгөн медалийн эзэн болоход томоохон үүрэг гүйцэтгэсэн олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хорооны тамирчин Л.Нарантуяа билээ.
 

-Таныг өнгөрсөн жилийн улсын аваргаас хойш хараагүй юм байна. Танай баг бүтэн жил тэмцээнд оролцоогүй гэхэд энэ тэмцээний мөнгөн медалийг авч чадлаа. Баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ жилийн улсын аваргад лигийн үндсэн тоглогч оролцоогүй нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон. 20 гаруй байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөр Монголын волейболын спортын өнөөгийн хөгжил, энэ спортоор хичээллэх сонирхолтой залуусын идэвх чармайлт ямар төвшинд байгааг харууллаа. Тэмцээний үр дүнгийн талаар сайшаах үгийг олон хүний амнаас сонссон. Цаашид энэ тэмцээнээ уламжлал болгон авч үлдэх нь чухал юм.

-Танай баг урдчилсан тоглолтоос таван хожил авч хэсгээ тэргүүлсэн. Гэвч эцсийн мөчид “Мөнх-тийн” багийн охидоос гурван хожил авч чадсангүй. Энэ юунаас болов?

-Бид урдчилсан тоглолтод тэдэнтэй таван үе тоглохоос гуравт нь ялалт авч байсан. “Мөнх-тийн” багийн охид алтан медалийн эгзэгтэй тулаанд, бидний төсөөлснөөс хавьгүй сайн байсан. Манай багийн алдаа нь өрсөлдөгчөө дутуу үнэлснийх юм болов уу. Бид өөрсдийн туршлагадаа хэт найдаж, залуусын довтолгоонуудыг зүгээр өнгөрөөсөн нь алтан медалиа алдахад нөлөөлсөн.

-Танай багийн зарим тамирчин сүүлчийн тоглолтод цуцсан байх шиг харагдсан?

-Гарааны бүрэлдэхүүнд тоглодог хоёр тамирчин шигшээ тэмцээн болохын урд өдөр Ховд аймагт зохиогдсон тэмцээнд тоглоод шөнө ирсэн. Өглөө нь алтан медалийн хүндхэн тоглолт руу орсон нь нөлөөлсөн байх.

-Ингэхэд энэ тэмцээнд танай багийг хэн дасгалжуулсан юм бэ?

-”Мөнх-тийн” охидод хожигдох болсон бас нэг шалтгаан нь дасгалжуулагчгүй байсных биз. Бид өнгөрсөн онд Багануур дүүрэгт болсон тэмцээнд мөн л дасгалжуулагчгүй ороод алтан медалиа эсрэг багтаа алдаж байсан. Энэ удаад бас л чадсангүй. Цаашид энэ алдааг давтахгүйг хичээнэ.

-Танай багийн холбон тоглогч Б.Хэрлэн тоглолтын төгсгөл үеэс бага зэрэг шатаад байх шиг харагдсан?

-Надад ч бас ажиглагдсан. Бид тоглолтын төгсгөлд эсрэг багийн хэд хэдэн ширүүн довтолгооныг талбайдаа сул тавьж өгсөн. Бас болоогүй бидний хамгаалалт суларсан нь тоглолтын ритмийг өөр чигт хөтлөсөн юм.

-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэхдээ та багийнхныхаа дундаж насыг хэлж өгөөч?

-Тоглогчдын ихэнх нь 30 хол давсан. Гэтэл эсрэг багийн охид 30 хүрээгүй байх жишээтэй. Насны ялгаа байгаа боловч манай багийнхан өндөр туршлагатай сайн тоглогчид гэдгээ харууллаа.

-Энэ бүрэлдэхүүнээрээ цаашид тоглох уу?

-Манай багийн тоглогч Б.Дэлгэрмаа хэдэн жилийн өмнөөс, үеийн хэдэн мастеруудыг цуглуулан “Хилчин” волейболын багийг бүрдүүлсэн. Бид бүрэлдэхүүнээрээ тав дахь жилдээ тоглож байна. Улсын аваргын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгөн медаль авахын зэрэгцээ өнгөрсөн универсиадын тавдугаар байрыг хүртсэн. Цаашид лигийн хэмжээнд тоглохын тулд 2-3 залуу тоглогч авах хэрэгтэй.

-Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур “Хаврын нээлттэй” тэмцээн буюу клубуудын аварга шалгаруулах лигийн шилдгүүдийн тулаан болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд Монголын волейболын спортын ирээдүй залгамж халааг авах шилдэг залуу тоглогчид оролцсон. Тэдний ур чадварын талаар та юу хэлэх бол?

-Шигшээ тулаанд миний тооцоолж байснаар “Энагурэ” болон “Уурхайчин”-ы охид шалгарч үлдсэн. Тэдний ур чадвар, арга барил одоо л тогтох янзтай. Тэд Монголын волейболчдын ур чадварыг Азийн хэмжээнд тахлах цаг нь болжээ. Би тэр тэмцээнээс “Энагурэ” багт дөрөв дугаартай тоглодог Пүүжээ гэдэг охины тоглолтыг тогтож харсан. Тэр нэлээд юм дуулгаж мэдэх охин байна лээ.

Харин миний дээд үеийн тамирчид үнэхээр чадалтай байсан. Жишээ нь, Г.Солонго, Б.Болороо, Бямбаа, Ээгий, Урнаа эгч нар жинхэнэ домогт тамирчид байлаа шүү дээ. Би тэдний бөмбөгийг зөөнө, цүнхийг нь үүрнэ. Ингэснээр надад муудсан юм алга.  

-2000 онд Монгол бөхийн өргөөнд гар бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маш ширүүн өрсөлдөөн дунд болж билээ. Тухайн тэмцээнийг манай спорт сонирхогчид одоо ч мартаагүй байгаа?

-Тэгэлгүй яах вэ. Тэр тэмцээнийг үзсэн хүмүүс Бөхийн өргөөг эгээтэй л нураачихаагүй шүү. Азийн аваргын мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын баг бидэнтэй таарсан. Нутгийн талбайд хожигдох эрхгүй гэсэн бидний чармайлт эхний хоёр үед нурж одов. Цаана нь гурван үеийн тоглолт хүлээж байлаа. Гэтэл манай багийн гол тоглогчийн гар нь бэртчихэв. Хоёр дараалан хожигдохын зэрэгцээ, гол тоглогчоо талбайгаас чөлөөлсөн бид гуравдугаар үеийн тоглолт эхлэхэд санаа шулуудчихсан байсан. “Бидэнд одоо алдах зүйл байхгүй” гэсэн багшийн үг бидний тоглолтыг бүрэн хурцалж чадсан. Хариуцлагатай тоглолтын эхний хэдэн ширүүн довтолгоог бид оноо болгох мөчтэй зэрэгцэн үзэгчдийн уухайн түрлэг бидэнд урам өгч, тоглолтын уур амьсгалыг тэр чигт нь эвдэж билээ. Бид давуу байдлаа хадгалсаар эхний хожлоо авахад Бөхийн өргөөний узелээс “Хар сарнай” хамтлагийн цоглог дуу явж, манай хөгжөөн дэмжигчдийн цөсийг нь хөөргөсөн. Бидний тоглолт сэргэж ширүүн довтолгоонуудыг ээлж дараалан хийсээр эсрэг багаа гурван үед буулгаж чадсан. Бид энэ ялалтаа Монголын хөгжөөн дэмжигчдийн хүч гэж боддог.

-Тэр тэмцээнд бөмбөг зөөж явсан Г.Цэцэгжаргал, П.Буянжаргал нар одоо лигийн шилдэг тоглогчид болсон. Тэд манай сонинд ярилцлага өгөхдөө Л.Нарантуяа эгчийн тоглолтын арга барилыг эзэмшихийг хичээдэг хэмээн ярьж байсан. Энэ тэмцээн тэдний сэтгэлд нөлөөлсөн болов уу?

-Би тэр тэмцээнд тэднийг бөмбөг зөөж байсныг сайн санаж байна. Арван хэдтэй жаахан охид миний гарт бөмбөг өгөхдөө “Та ялж чадна шүү” гэсэн итгэлийн харцаар харж байсныг саналаа. Тэд дараа жил нь Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд цойлж гарч ирсэн. Тэр хоёр волейболын спортод чин сэтгэлээсээ хандаж, бэлтгэл сургуулилтаа хийсээр өнөөдрийн өндөрлөгт гарч чаджээ. Энэ хоёрыг ирээдүйтэй сайн тоглогч болно гэдэгт итгэж явдаг. Ер нь миний ажиглаж байгаагаар залуу тоглогчид бөмбөг зөөснөөр бэлтгэлийн арга барил, сэтгэлзүйн тэвчээрийг олж авдаг юм болов уу.

-Л.Нарантуяа гэдэг тамирчин өдгөө ахмад үедээ орох байх. Тэгэхэд улсын аваргын тэмцээнд таны довтолгоог хаах зүрхтэй тоглогч гараагүй. Залуу тамирчдын ур чадвартай холбоотой гэж ойлгож болох уу?

-Тэд сайн тоглосон. Харин миний бэлтгэлийн суурийг алтан үеийн багш нар минь сайн тавьж өгснийх гэж боддог. Намайг дөрөвдүгээр ангид хөнгөн атлетикийн дугуйланд сурч байхад Өвөрхангай аймгийн дасгалжуулагч н.Мөнхөө намайг секцэндээ авч волейболын анхны “А” үсгийг заасан юм. Тэгээд оюутан болж ирээд Д.Халзан, н.Ганбат, Д.Одбаяр нарын удирдлага дор волейболын хичээл заалгасан.

-Монголын волейболчдын тоглолтын арга барил сүүлийн жилүүдэд арай өөр болоод байх шиг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан ер нь европ стильтэй. Сүүлийн үед Япон, Солонгос дасгажуулагч ирсээр ази стиль нутагших гээд байгаа. Ер нь бид шигшээ багаа нэг удирдлага дор эртнээс бэлдэж, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй бол тэмцээн дөхөөд нэг сар дутуу байхад тамирчдыг бэлтгэлд гаргаж байх жишээтэй. Манай тамирчид өөрсдийнхөө багийн, багшийн арга барилаар бэлтгэлд хандах тал ажиглагддаг. Ингэх нь бэлтгэлийн үр дүнд муу нөлөөтэй. Жинхэнэ шигшээ багийг бүрдүүлэхэд 4-5 жил хэрэгтэй байдаг. Гэтэл бид үсрээд л хоёр сар цуглуулах жишээтэй. Хамгийн гол нь санхүүгийн боломж алга байна. Хэрэв манай холбоог төсөв санхүүгээр туслаад өгвөл Монголын волейболчид азийн тэмцээнд өндөр амжилт гаргах хангалттай нөөц бий.   

-Таны хань бөх хүн байх аа. Наадам дөхөхөөр бөхчүүд төдийгүй эхнэрүүдийнх нь хувьд чухал цаг үе ирдэг байх?

 -Миний хань улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв ирэх долоо хоногоос наадмын бэлтгэлд гарна. Тэгээд эгч нь наадам хүртэл хэдэн хүүхдээ аваад хөдөө явна даа. Бид чинь олон жил ингэж амьдарсаар дасал болсон байна. Миний бөх үзээд догдолдог цаг хэдийнэ ард хоцорсон. 

-Бөхчүүд, волейболынхон ураг барилдах нь олон байдаг?

-Харин тийм байдаг. Манай волейболын том Б.Болороо эгч Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй, П.Сүхбат гарьдын эхнэр мөн волейболынх гэх жишээтэй. Харин М.Жамьянпүрэв бид хоёр чинь нэг сургуулийнх байхгүй юу. Энэ дашрамд хэлэхэд манай волейболын хүрээнийхэн Б.Болормаа эгчийнхээ хань Дархан аварга Б.Бат-Эрдэнийг энэ сонгуульд дэмжих бодолтой байгаа. Манай хоёр спортын хувьд адил төстэй олон шинж бий. Наад зах нь ахмад тамирчдаа хүндлэх гээд ёс жудагтай.

 Д.ЖАВХЛАН

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

Эх сурвалж: www.polit.mn






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж