АНУ төсвийн алдагдалдаа “гүйцэгдэж” байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

АНУ төсвийн алдагдалдаа “гүйцэгдэж” байна

Дэлхийн улс орнуудын зээлжих эрхийн чансааг гаргадаг нэр хүндтэй Standard & Poor агентлагийн гаргасан үзүүлэлтээр бол АНУ-ын зээлжих эрхийн баталгаа доошлох төлөвтэй байна. Энэ талаар тус байгууллагаас АНУ-д сэрэмжлүүлэг хүргэжээ.  Мөн Standard & Poor агентлаг АНУ-ын зонхилогч хоёр нам болох Ардчилсан нам болон Бүгд найрамдахчууд нэгдсэн улсын төсвийн улам бүр өсч байгаа  алдагдлыг бууруулах талаар харилцан тохирох боломжгүй байгаад анхаарлаа хандуулсан гэдгээ энд дурдсан байна. Байдал энэ хэвээр байвал АНУ-ын зээлжих эрх ойрын хоёр жилийн дотор өндөр зэрэглэлийн “тогтвортой” гэсэн үзүүлэлтээсээ “сөрөг” гэсэн ангилал руу буухаар байгаа аж. Харин энэ талаар АНУ-ын эрдэнэсийн сангаас хариу мэдэгдэл хийх­дээ  Standard & Poor үндэсний хэмжээний өр төлбө­рөө зохицуулах АНУ-ын боломжийг дутуу үнэлж байгаагаа залруулахыг хүссэн гэнэ.

Гэвч Standard & Poor өөрийн хийсэн дүгнэлтдээ итгэлтэй байгаа гэж ВВС мэдээлж байна.  Хэдийгээр  АНУ тус агентлагаас гаргаж байгаа жагсаалтын тэргүүнд “ААА, тогтвортой” гэсэн зээлжих эрхийн шилдэг үзүүлэлттэй байгаа ч тус байгууллага дүгнэлтээ хамгаалж хийсэн  мэдэгдэлдээ дурдахдаа,  “АНУ-ын төсвийн асар их алдагдал болон улам бүр нэмэгдэж байгаа засгийн газрых нь өр шир биднийг ийм дүгнэлтэд хүргэсэн.  Тэгээд ч бид АНУ одоогийн өндөр зэрэглэлээсээ сөрөг ангилал руу буух явцыг урт удаан хугацааны төлөв байдлаар тоймлож гаргасан юм” гэсэн байна.

Мөн АНУ болон Европын хувьцаануудын үнэлгээ ч тус агентлагийн үзүүлэлтээр доош унасан нь бас нэгэн “сюрприз” болжээ. Ер нь бол Standard & Poor-ын гаргадаг үнэт цаасны үнэлгээ S&P 500 үзүүлэлт сарын дотор бүхэлдээ урьд нь тохиож  байгаагүйгээр унасан бөгөөд одоо ам.долларын евро болон швейцарь франктай харьцах ханш ч унаж байгаа аж. Мөн газрын тосны үнэ ч огцом доошилж байгаа гэнэ. Мөн Их Британи, Герман, Францын гээд Европ дахь биржийн гол индексүүд бүхэлдээ хоёроос доошгүй хувиар унаж байгаа аж.  Мөн АНУ-ын холбооны төсвийн алдагдал одоо 1.4 триллион ам.долларт хүрчихээд байгаа бөгөөд ойрын нэг жилийн дотор 1.5 триллионд хүрнэ гэсэн таамаглалтай байгаа аж.

 Standard & Poor агентлагийн энэ оны хавар гаргасан чансаагаар бол АНУ нь “язгууртны” ангилалд буюу (ААА) “тогтвортой” гэсэн дээд хэсэгт багтаж байна. Энэ ангилалд мөн Их Британи, Герман, Франц, Канад, Австрали, Голланд, Австри зэрэг орон багтдаг. Тэднээс гадна “бие жижиг ч бэлчээр томтой” Норвеги, Люксембург, Лихтенштейн зэрэг улсууд ч мөн “язгууртны” ангилалд багтаж байна. Харин Япон улс (АА–) “тогтвортой” гэсэн ангилалд багтах болсон ба чансаагаараа манай урд хөрштэй ижил болжээ. Харин Орос (ВВВ ) “тогтвортой” байгаа бол Монгол улс (ВВ-) “тогтвортой” гэсэн ангилалд байгаа аж.

АНУ дахь төсвийн дотоод дайн

Энэ зуур АНУ-ын улстөрийн хүрээнийхэн төсвийнхөө алдагдлыг болон өрийн дарамтаа хэрхэн гэтлэн давах талаар халуун маргаан өрнүүлсээр байгаа аж. Ерөнхийлөгч Барак Обама энэ асуудлаар мэдэгдэл хийхдээ, “Хэрэв АНУ-ын зээлжих дээд хязгаарыг ойрын хугацаанд өндөрсгөхгүй бол нэгдсэн улсын өр зээл түүнээс өмнө одоо байгаа дээд хязгаар буюу 14.3 триллион ам.долларын хэмжээнд хэзээ мөдгүй хүрэх болно” гээд “хэрэв ингэвэл дэлхий нийтээрээ эдийн засгийн шинэ хямралд зайлшгүй нэрвэгдэх болно” гэжээ. Иймээс Барак Обама АНУ-ын конгрессийг ирэх долдугаар сараас өмнө энэ асуудлыг шийдэж, зохих шийдвэрийг гаргахыг уриалж байгаа аж. Ингэхгүй бол энэ зун гэхэд АНУ-ын өрийн хэмжээ одоо байгаа дээд хязгаартаа хүрэх гэнэ. Энэ нь санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсгэх тул арга хэмжээг оройтуулж болохгүй гэж Барак Обама сануулсаар байна.

Харин АНУ-ын конгрессийн 235 төлөөлөгч эсрэг саналтай ардчилагчид голдуу 193 гишүү­нийг даван Обамагийн танхимаас оруулж бай­гаа төсвийг их хэмжээгээр танах төсөл оруулжээ. Тэдний оруулсан төсвийн төслөөр бол нэгдсэн улсын төсөв ойрын 10 жилд 6.2 триллион ам.доллараар танагдах аж. Энэ нь Обамагийн засаглалын оруулж ирж байгаа бага орлоготой иргэдэд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрийг ч хасахыг мөн шаардаж байгаа хэрэг юм.

Гэвч Обамагийн намынхан буюу Ардчилсан намын олонхи болж байгаа АНУ-ын Сенат конгрессийн энэ саналыг дэмжихгүй байгаа билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн дундуур урт удаан маргааны эцэст конгрессоос нэгдсэн улсын төсвийг 38.5 тэрбум ам.доллараар л хасч болох тухай дундын хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мэдээж энэ тоог анх конгрессаас оруулж ирсэн 6.2 триллион ам.доллартай харьцуулахад асар бага ч төсвийн асуудлаар удаан маргах нь эцэстээ АНУ-ын хувьд төдийгүй дэлхий нийтийн зах зээлд аюул учруулахаар болж байгаа тул бага ч болов буулт хийх шаардлага тулгарч байгаа аж. Харин одоо энэ дундын төсөл дээр АНУ-ын ерөнхийлөгч гарын үсэг зурах эсэхийг л хүлээх болж байна.  Гэвч Барак Обама зээлийн дээд хязгаарыг өндөрсгөх хариу шаардлагыг конгресст мөн хариу тулгаад байгаа билээ.

Ингэхэд Обама өөрөө ямар төсөвтэй вэ?

Төсвийн асуудал ид яригдаж байгаа энэ үед АНУ-ын иргэн бүр өөрийн өнгөрсөн онд олсон орлого болоод төлсөн татварынхаа талаарх мэдүүлгийг гарган өгч байгаа юм. Тэд хууль журмаараа бол уржигдар гэхэд энэ талаархи бүх тайлангаа нэгдсэн улсын татварын албанд өгсөн байх учиртай байлаа. Хүн бүрийн тайлан татварын байцаагчдын анхаарлыг татаж байдаг бол томоохон улстөрчид болон олны танил хүмүүсийн орлого бусдын анхаарлыг мэдээж татна.
Тэгвэл улсын төсөв нь асуудалд орж байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгчийн орлого ч бас шаггүй буурсан аж.  Сардаа 395 мянган ам.долларын цалинтай ч өнгөрсөн онд 1.8 сая ам.долларын нэмэлт орлого олсон Обамагийн энэ нэмэгдэл түүний бичсэн номын худалдаанаас орж ирсэн гэнэ. Тэгвэл энэ тоо 2009 онд Обамагийн гэр бүлийн олж байсан нэмэлт орлогоос даруй гурван сая ам.доллараар буурчээ. Шалтгаан нь Обамагийн номын борлуулалт буур­сантай холбоотой юм. 2009 онд Обама гэр бүлдээ 5.5 сая ам.долларын нэмэлт орлогыг цалингаасаа гадуур олж чадсан нь түүний бичсэн “Миний аавын мөрөөдөл”, “Итгэлийн зүрх зориг” гэсэн номуудын борлуулалт сайн байсантай холбоотой байв. Тэгэхдээ л алдагдалд орж байгаа төсөвтөө өнгөрсөн жил “ноён” ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар хагас сая ам.долларын татвар төлсөн байна. Мөн Обамагийн гэр бүл 2010 онд хандив, буяны байгууллагуудад 245 мянган ам.доллар буюу нийт орлогынхоо 14.2 хувийг зарцуулж байжээ. Энэхүү хандивын мөнгөнийх нь ихэнх хэсэг буюу 131 мянган ам.долларыг эмчилгээ хийлгэж байгаа АНУ-ын ахмад дайчдад зориулсан үнэгүй болон хямд үнэтэйгээр олгож буй орон сууцны төлбөрт зориулсан гэнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж