
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирак улсад цуврал дэлбэрэлтүүдийн улмаас 15 хүн амиа алджээ. Багдадын зүүн өмнөд хэсэгт орших шийт шашинтнуудын дүүрэгт дэлбэрэлт болж дөрвөн хүн нас барж, 10 хүн гэмтсэн байна. Мөн Махавил, Махмудиа, Кут, Басра, Азизиа дүүргүүдэд цуврал дэлбэрэлтүүд болж 11 хүн нас баржээ. Нийт бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 70 гаруй байгааг албаны хүмүүс мэдээлсэн юм. Ийнхүү сүүлийн хоёр долоо хоногийн дотор Ирак улсад 75 гаруй хүн амиа алдаад байгаа нь энэ аж. “Бид амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Ямар ч байсан энэ бүс нутагт энх амгалан, аюулгүй байдал тун удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэе. Энэ бүх хүн тийм цагийн төлөө л амиа өргөсөн байх” гэж АНУ-аас Иракад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд цуврал дэлбэрэлт гарахгүй байсан ч энэ оны сүүлээр эхэлсэн суннит болон шийтүүдийн хурцадмал байдлын улмаас цуврал дэлбэрэлтийн тоо эрс нэмэгдсэн юм.
Б.СҮХ