Иранаас Сирид 4000 цэрэг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Иранаас Сирид 4000 цэрэг илгээнэ

АНУ Сирийн босогчдод цэргийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасны дараа Ираны талаас армийн 4000 цэргээ Башар аль-Ассадын талд тулалдуулахаар илгээхээр болсон байна. АНУ-ын Барак Обама өнгөрсөн долоо хоногийн эхээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад ард иргэдийнхээ эсрэг химийн хорт бодис хэрэглэснийг баталгаажуулсны дараа босогчдод цэргийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Иран Сирийн Башар аль-Ассадад цэргийн хүчээр дэмжлэг үзүүлэх шийдвэр нь ерөнхийлөгчийн сонгуулиас ердөө долоо хоногийн өмнө гарчээ.

Үүний зэрэгцээ Их Британи улсын зүгээс хатан хааны тэнгисийн армийн 350 гаруй цэргийг Йорданд болж буй “Eager Lion” гэх олон улсын цэргийн сургуулилтанд илгээсэн байна.  НАТО-гоос зохион байгуулж буй 12 хоног үргэлжлэх олон улсын цэргийн сургуулилтанд АНУ тэнгисийн явган цэргийн 300 албан хаагч агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” цогцолборын хамт илгээжээ. Сири дэх хүний эрхийн ажиглагчдын мэдээлснээр Сирийн зөрчил мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад гадаадын 100 гаруй цэрэг амь үрэгдээд байгаа гэнэ.

Сирийн зөрчил мөргөлдөөн өдгөө хүрээгээ хальж, Ойрхи-Дорнодыг Суннит болон Шийтийн урсгалд хоёр хуваан, АНУ, ОХУ-ын хооронд санал зөрөлдөөн, үл ойлголцол үүсгээд байна. ОХУ-ын зүгээс АНУ тэргүүтэй Барууны орнуудыг Сирийн босогчдод зэвсэг, техникийн тусламж үзүүлэхийг хүчтэй эсэргүүцдэг юм.
Суннитуудаар толгойлуулсан босогчид 2011 оны гуравдугаар сараас хойш Башар аль-Ассад тэргүүтэй Шийтүүдийн эсрэг тулалдсаар ба Иранаас гадна Ливаны Хезболлах бүлэглэл Башар аль-Ассадын талд тулалдаж байгаа юм. Түүнчлэн Башар аль-Ассадын арми босогчдыг хөөх нэрээр Израйль болон тус улсын хооронд орших зэвсэглэлгүй бүс Голаны өндөрлөгт танк оруулснаар хоёр орны харилцаа түгшүүртэй болоод байгаа билээ. Үүний зэрэгцээ Египет улсын зүгээс Сиритэй дипломат харилцаагаа таслах арга хэмжээ аваад байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж