“Монгол домгийн гайхамшигт аялал 2013” эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

“Монгол домгийн гайхамшигт аялал 2013” эхэлнэ

“Их нүүдэл Монгол медиа нэгдэл” анх 2011 онд гадаадын жуулчдыг оролцуулан англи хэл дээр анх удаа телевизийн реалити шоуг Монгол орны үзэсгэлэнт байгалиар аялан үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тэгвэл тэд энэ удаад дахин “Монгол домгийн гайхамшигт аялал 2013”-ыг зохион байгуулах гэж байна. Ингээд тус аяллын продюсер Х.Очирбаатартай уулзлаа.

– “Монгол домгийн гайхамшигт аялал 2013” тун удахгүй эхлэх гэж байна. Аяллын талаар сонирхуулахгүй юү?

-Манай “Их нүүдэл Монгол медиа нэгдэл”-ээс санаачлаад 2011 онд анх удаа “Монгол домгийн гайхамшигт аялал”-ыг реалити шоу хэлбэрээр зохион байгуулж, 10 хоногийн аяллаа бид 34 дугаар болгон “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болгож байсан. Мөн Youtube сайтад байршуулсан. Анх удаа хийхдээ бид бие дааж, англи, многол хэл дээр нэвтрүүлгээ хийсэн бөгөөд Монгол орны үзэсгэлэнт газрууд болох Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган аймгуудын нутгаар Америк, Унгар, Чех, Дани, Голланд, Австрали, Нигери, Колумби, ОХУ-ын жуулчид гээд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй таван баг аялалд оролцож байсан. Хамгийн гол нь реалити шоу гэдэг утгаараа оролцогчид маань хоорондоо өрсөлдөн өгөгдсөн даалгаврын дагуу уралдаж, тухай бүр нь ялагчдаа “Алтан гэрэгэ”-гээр шагнан аяллын төгсгөлд хамгийн олон “Алтан гэрэгэ”-тэй оролцогч ялагч болж, Монгол хөлөг баатрын иж бүрэн хувцсын эзэн болсон.

-Энэ удаагийн аялал ч анхных шигээ реалити хэлбэрээр даалгавар тус бүрт ялагчаа тодруулаад явах уу?

-Тийм ээ. Монгол орны үзэсгэлэнт байгальд монгол ахуй орчин, ёс заншил, амьдралын хэв маягтай танилцан, өгөгдсөн даалгаврын дагуу өрсөлдөн, ялагчаа тодруулж, аяллын төгсгөлд шилдгээ шалгаруулалж, мөн л том бай шагнал гардуулна.

-Аяллын гол зорилго?

-Дэлхий дахинд Монголыг сурталчлах бол аяллын гол зорилго. Мөн Монголын ёс заншил, өв уламжлал, ахуйг орчинд нь танилцуулахаас гадна байгалийн үзэсгэлэнт газруудыг тайлбарлан эко энтертайнмент реалити шоу гэдэг нэрийн дор бүгдийг багцлаад цэнгээнт нэвтрүүлэг болгон хүргэх юм. 2011 онд биднийг энэ шоуг хийхэд гадныхан их сонирхож оролцсон. Тэдгээр оролцогчид маань эргэж холбоо барин энэ шоугаа дахиж хийх үү, бид улсаасаа баг бүрдүүлээд оролцож болох уу гэсэн саналыг одоо болтол бидэнд илгээсээр байгаа учраас дахин хийхээр боллоо. Өнгөрсөн жил хийх гэж төлөвлөсөн ч УИХ-ын сонгууль давхцсан. Энэ онд шинэ засаг байгуулагдаад шинэ бүхнийг дэмжин аялал жуулчлалд анхаарч байгаа учраас бид энэ нэвтрүүлгээ дахин хийе гэж шийдсэн. Гадаадын жуулчдаар дамжуулдан өөрийн орноо сурталчлах гол зорилго тавин ажиллаж байгаа.

-Ямар байгууллагууд танай шоуг дэмжин ажиллаж байгаа вэ?

-“Их нүүдэл Монгол медиа нэгдэл” санаачилсан энэ удаагийн аяллыг ССАЖЯ,  Аялал жуулчлалын төв хамтран зохион байгуулагчаар оролцон ач холбогдол өгөн том хэмжээний үр дүнтэй ажил болох юм байна хэмээн биднийг дэмжин ажиллаж байгаа. Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхний өмнө манай реалити шоу нээлттэй.

-“Монгол домгийн гайхамшигт аялал 2013”-т хэдэн орны ямар баг бүрэлдэхүүн оролцох уу?

-Бид өмнө нь 10 өөр орны хүмүүсийг гурав гурваар нь нийлүүлэн таван багт хуваан өрсөлдүүлсэн. Энэ удаад орон тус бүрийн гурван хүний гишүүнтэй долоон баг нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөөд байгаа. Улс улсаар нь нэг баг болгон оруулж ирснээр оролцогчдын дундах өрсөлдөөн ширүүхэн болох бөгөөд үр дүн нь илүү байх болов уу гэж харж байгаа. Мөн тухайн улсын Монголд өөрсдийгөө сурталчлах санал нь явж байгаа. Одоогоор оролцох улсуудаа хараахан эцсийн байдлаар сонгоогүй байна. ССАЖЯ-тай хамтраад Монголд суугаа бүх элчингүүдэд албан бичиг илгээхээр төлөвлөөд байгаа. Элчингүүдээс эргээд бидэнд тухайн орныхоо жуулчдыг оролцуулах санаалаа илгээнэ. Түүний дараа эцсийн байдлаар оролцогчдоо зарлана. Бид орлцогчдодоо англи хэл дээр ярьдаг, эрүүл мэндийн үзлэгт орсон 20-40 насны залуус байна гэсэн шаардлага тавьж байгаа.

-Аяллын маршрутыг сонирхуулахгүй юү. Хаагуур, ямар чиглэлээр аялах вэ?

-Энэ удаагийн аялал маань Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган гэсэн чиглэлээр нийтдээ есөн аймгийн нутгаар 15 хоногийн турш аялна. Аяллын явцад оролцогчид маань аймгийн төвийн зочид буудалд, жуулчны бааз, хээр отоглож хононо гэсэн төлөвлөгөөтэй. Аялалд маань аймаг бүр өөрийн нэг газрыг брэнд болгож тухайн үзэсгэлэнт газарт нь очиж, Монголын өв уламжлалт тоглоом наадгайгаар тэмцээн уралдаан зохион өрсөлдүүлж, 15 тэмцээн бүрээс нэг ялагч тодруулж “Алтан гэрэгэ” өгнө. Аяллын төгсгөлд хамгийн олон “Алтан гэрэгэ” авсан баг реалити шоуны ялагч болно. Бид аяллын явцад эко гэсэн зорилгынхоо хүрээнд байгаль орчноо хайрлаж, хамгаалах, жуулчдад, монголчуудад онгон тансаг хэвээр нь үлдээх, хог тарихгүй, архи дарс уухгүй, овоо тахилга, гол усыг цэвэрлэх үйл ажиллагааг давхар хийж явна. Дээрээс нь аймаг бүрийг бүрэн хэмжээгээр танилцуулах энтертайнмент нэвтрүүлгүүд хийнэ. “Монгол домгийн гайхамшигт аялал 2013” реалити шоу нээлт, хаалттайгаа нийлээд 42 дугаар болж, үзэгчдийн хүртээл болох юм. Нийт энэ удаагийн аялалд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялахаар төлөвлөөд байгаа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж