
Сирийн нийслэл Дамаск хотын баруун захын Меззех дүүрэгт орших цэргийн нисэх онгоцны буудалд өчигдөр томоохон дэлбэрэлт болжээ. Сирийн үндэсний телевизийн мэдээлснээр террористууд Меззех цэргийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн байна. Халдлагад Сирийн армийн 20 цэрэг хохирчээ. Одоогоор халдлагын талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ба эх сурвалжууд ялгаатай мэдээлэл өгч байна. Сири дэх Их Британийн хүний эрхийн ажиглагчдын мэдээлж буйгаар автомашинтай амиа золиослогч Меззех цэргийн нисэх онгоцны буудлын ойролцоох цэргийн хамгаалалтын цэгт бөмбөг дэлбэлсэн гэнэ. Харин зарим эх сурвалжууд Меззехийн цэргийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэрснээс их хэмжээний гал гарсан тухай мэдээлж байна.
Меззехийн цэргийн нисэх онгоц нь байлдааны нисдэг тэрэг, бөмбөгдөгч онгоц хөөргөх стратегийн чухал объект юм байна. Сүүлийн үед Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын арми босогчдыг Дамаск хотын захын дүүргүүдээс хөөн зайлуулаад байгаа юм.
Үүний зэрэгцээ өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Мухамед Мурси Сиритэй харилцах дипломат харилцаагаа тасалж, удахгүй нийслэл Кайр хотноо орших тус улсын Элчин сайдын яамыг хаахаа мэдэгджээ. Түүнчлэн тэрээр НҮБ-д хандан Сири болон Египет хоёр орны хооронд зэвсэглэлгүй бүс тогтоож өгөхийг хүссэн байна.
Б.АНХТУЯА