Монгол орон
газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв шинж,
экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай
бүс нутагт хамрагддагийн улмаас ган цөлжилтөнд нэрвэгдсээр ирсэн.
- Дэлхийн уур амьсгалын
өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж
температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг
дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд 1 удаа, нутгийн 50 хувиас илүү
хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиодог бөгөөд тал хээр,
говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 21-р зууны босгон
дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай байна.
- Байгалийн хүчин зүйлээс гадна
хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нэрмээс болж
байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ
бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж
муудсан, талхлагдал ихсэж бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахад хүргэж
улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ.
- Монгол орны 126.6 сая га талбай
бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн
ургамлын ургац хэд дахин буурч 40 сая гаруй толгой мал сүргийн тодорхой
хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахад нөлөөлж
байна.
- Монгол орны нутаг дэвсгэрийн 8
орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны
улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсэнээс
одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна.
- Цөлийн бүсийн элсний үндсэн
ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын
заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг хүн амын
төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана
зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна.
- 2000 оны байдлаар Монгол орны
газар зүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй
хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах
бөгөөд нутаг дэвсгэрийн 44.7 хувь буюу 700.0 мянган гаруй ам.км талбай
эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь
нэмэгдсээр ирсэн гэсэн судалгааны дүн гарсан байдаг.
- Монгол улс 1996 онд НҮБ-ын
Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр боловсруулан
хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2003 онд ЗГ-ын 141-р тогтоолоор “Цөлжилттэй тэмцэх
үндэсний хөтөлбөр”-ийг шинэчилсэн.
- 2012 оны 12 дугаар сарын 15-ны
өдрийн Засгийн газрын 168 дугаар тогтоолоор Хөрс хамгаалах, цөлжилттэй
тэмцэх үндэсний хорооны ажлын албыг байгуулав.
- Манай улс 2008 оноос
эхлэн “Дэлхийн цөлжилттэй тэмцэх болон гангийн эсрэг өдөр”-ийг тэмдэглэн
өнгөрүүлж байна.
- ШУА-ын Геоэкологийн
хүрээлэнгийн харьяанд ажиллах Цөлжилтийг судлах суурин судалгааны төв
байгуулах ажлыг Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд БОНХЯ,
Швейцарын хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах” төсөл, НҮБ,
Голландын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Цөлжилттэй тэмцэх,
газрын тогтвортой менежмент” төслийн дэмжлэг санхүүжилтээр хийж байна.
Эх сурвалж: Хөрс хамгаалах,
цөлжилтөөс сэргийлэх үндэсний хороо