“Холбооны цом”-ын тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

“Холбооны цом”-ын тэмцээн үргэлжилж байна

Холбооны цом буюу “Confederations cup” тэмцээн Бразильд үргэлжилж байна. Энэ удаагийн Холбооны цомын тэмцээний А хэсэгт зохион байгуулагч Бразиль, Итали, Мексик, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багууд багтсан. Харин В хэсэгт 2010 оны дэлхийн аварга, 2012 оны Европын аварга Испани, Нигерия, Тахити, Уругвайн шигшээн багууд сугалаа таарсан юм.

Тэмцээний нээлт өнгөрсөн бямба гаригийн шөнө 03:00 цагт Бразиль болон Японы шигшээ багийн тоглолтоор эхэлсэн. Нээлтийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч, “Хөлбөмбөгийн шидтэнүүд” гэгддэг Бразилийн шигшээ Японыг 3:0-ийн харьцаатай буулган авсан юм. Тоглолтын гурав дахь минутад залуу од Нэймар гоолдож гоолын салхийг хагалсан. Улмаар тоглолтын хоёрдугаар үеийн 48 дэх минутад сүүлийн үед Бразилийн шигшээд байнга дуудагдах болсон Паулиньо юм. Харин тоглолтын 90+3 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан ОХУ-ын “ЦСКА”, Английн “Эвэртон” багт хүчин зүтгэж байсан Алвес Жо гоолдож, тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.

Харин өнгөрсөн шөнө А хэсгийг нөгөө тоглолт болох 2012 оны Европийн дэд аварга Итали болон Мексикийн шигшээ багийн тоглолт боллоо. Энэхүү тоглолтод Андреа Пирло тэргүүтэй Италичууд өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авсан юм.

Мөн Испани болон Уругвайн шигшээ багуудын тоглолт болж, 2:1-ийн харьцаатай “Ялагдашгүй Армада” өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын 20 дахь минутад Испанийн  “Барселона” багийн довтлогч Педро, 32 дахь минутад “Валенсия” багийн мэргэн бууч Роберто Солдадо гоолдсоноор 2:0-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын 88 дахь минутад “хаздаг” Луйс Суарес гоолдсоноор багийнхаа нэр төрийг авчирчээ.

Өнөө шөнө 03:00  цагаас /Улаанбаатарын цагаар/ Тахити болон Негирия улсын шигшээ багуудын тоглолтоор Холбооны цомын тэмцээний нэгдүгээр тойрог өндөрлөх учиртай. 

2013 оны Холбооны цомын тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд зургаадугаар сарын 19-ний лхагва гаригийн шөнийн 03:00 цагаас Бразил болон Мексикийн шигшээ багийн тоглолтоор үргэлжилнэ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж