Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

“Дэдээс дэдэд”

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Ч.Сайн­билэг гэдэг дэд даргатай боллоо. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга байсан. Харин одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болчихлоо. Ерөнхий сайдын хүргэн гэдгээрээ олонд танигдаж, Таван толгойн тендерт будилаан хутгасан гэж олны дургүйцлийг хүргэх болсон Г.Дэнзэнгийн оронд Ч.Сайнбилэгийг томилох шийдвэрийг Засгийн газ­рын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас гаргасан юм. Энэхүү томилгооны дараа Ч.Сайнбилэгийг “Ч.Сайханбилэгтэй ах, дүүс” гэж хардах хүн цөөнгүй гарсан. Тэгвэл Ч.Сайнбилэг нь Ч.Сайханбилэг дар­гатайгаа ураг төр­лийн ямар нэгэн холбоогүй аж. Тэрбээр Хөвсгөлийнх, физикч мэргэжилтэй нэгэн аж. Ажлын гараагаа 1980 онд физикийн багшаас эхэлж байсан юм билээ. Тухайн үед багш нар нийгмийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэгд тооцогддог байсны жишгээр ардчилсан хувьсгалын эхэн үед улс төр рүү хальтирсан гэдэг. Үүний хамгийн эхний жишээ нь 1996-2000 оны хооронд тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн явдал байлаа. Энэ хооронд  Олон улсын “Найрамдал” төвийн ерөнхий захир­лын албыг ч давхар хашсан гэж түүний намтарт тэмдэглэжээ. Ч.Сайханбилэг дарга 2000 оноос эхэлж дөрвөн жил хэртэй улс төрөөс хөндийрсөн. Тэр хооронд “Эн Ар” ХХК-ийн ерөнхий захирал,“Шарын гол энержи” ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дэд даргын албыг 2009 оноос өдийг хүртэл хашиж байсан юм.

 Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж