Агуу Моцартын эх оронд монгол хөгжимчид монгол хөгжмөөрөө гайхуулж яваад ирсэн тухай чихэнд чимэгтэй сайхан мэдээ холын Европоос ирэхэд сонссон хүн бүхэн баярласан. Олон улсын хэмжээний том тэмцээнд манай “Домог” хамтлаг тэргүүлж, морин хуурч Шинэцог шилдгийн шилдгээр шалгарсан уг уралдааны талаар сонирхож “АртЛар Хаус” урлагийн мэдээллийн төвийн зөвлөх Б.Цацралтай ярилцлаа.
-“Домог” хамтлаг олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцсон тухай мэдээ олон хүнийг баярлуулсан. Тэднийг энэ тэмцээнд оролцуулах ажлыг танай компаниас зохион байгуулсан гэсэн. “АртЛар Хаус” гэхээр өмнө нь сонсч байгаагүй нэр санагдах юм?
-Манай “АртЛар Хаус” урлагийн мэдээллийн төв шинэхэн байгуулагдсан. Бид Монголын уран бүтээлчдийг олон улсад гаргах, улмаар дэлхийн нэр алдартай том тайзнаа тоглолт хийлгэх, нэг үгээр олон улсад гарц нээж өгөх зорилготой. Ийм гарцыг нээхийн тулд саяын манайхны оролцсон шиг томоохон буюу А зэрэглэлийн тэмцээн уралдаанд зайлшгүй нэрээ гаргах хэрэгтэй юм. Тэгж байж дараа дараагийн илүү том боломжууд гарч ирдэг. Тэгэхгүйгээр энд, Монголдоо л дуулж, хуурдаад байвал биднийг хэн ч олж харахгүй, олж сонсохгүй. Өөрөөр хэлбэл, бид боломжийн өмнөөс өөрсдөө алхах хэрэгтэй. Уран бүтээлчдийг тэр зүгт алхахад хөтөч нь болох үүргийг бид өөртөө авсан юм. Тэр зорилгынхоо дагуу хийсэн хамгийн эхний ажил нь Австри улсын Вена хотноо Франц Шубертийн хөгжмийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд ардын хөгжмийн “Домог” хамтлагийг оролцуулах бүхий л ажлыг хийлээ.
-Тэгвэл анхны ажил тань амжилттай болж, нэг үгээр зүгээ зөв гаргажээ, та бүхэн. Баяр хүргэе.
-Баярлалаа. Үнэхээр амжилттай болсон. Уран бүтээлчид маань тун амжилттай оролцож, хамтлаг болон гоцлол хөгжмийн төрөлд хоёуланд нь тэргүүн байр эзэллээ. Мөн Австри улсад томоохон хэмжээний тоглолтод очиж оролцох боломж ч энэ үеэр гарч ирсэн. “Домог” хамтлагийн хувьд олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс анхныхаа том шагналыг авсан бол бидний хувьд Монголын урлагийг олон улсад гаргах зорилго тээсэн ажлын маань эхлэл.
Хэдэн зууны өмнө монголчууд баатар эрс, хүчит хүлгээрээ дэлхийг байлдан дагуулж явсан. Яг тэр түүх биднийг өнөө хэр толгой өндөр алхах бардам бахархлыг өгдөг. Гэхдээ өнөөдөр, XXI зуунд бид оюун сэтгэлгээгээр, авьяас чадвараараа, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн өв соёлоороо байлдан дагуулах цаг болсон. Тэгэх ч ёстой гэж боддог. Тэр байлдан дагуулалд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах хүслээр бид ажиллаж байна. Оруулах ч болно. Эхлэл маань сайхан тавигдлаа.
-Уралдаан тэмцээнд оролцох зардлыг яаж шийдэв?
-Энэ тэмцээнд оролцох санхүүжилтийг төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах хийсэн.
-Монголын уран бүтээлчдийг олон улсад од болгох дараагийн төлөвлөгөө тань тодорхой болсон уу?
-Ирэх наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 1-нд Болгарт язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ЮНЕСКО-той хамтран Европын ардын урлагийн наадмын ассоциациас зохион байгуулж байгаа маш том тэмцээн. Энд “Домог” хамтлаг дан хөгжмийн төрөлд, мөн уртын дуучид, бүжигчид, уран нугараач зэрэг уран бүтээлчидтэй хамтран ансамблийн төрөлд оролцох юм. Тоглолтын найруулагчаар Сосорбарам ах ажиллана. Энэ тэмцээн бас найруулагчийн төрөлтэй. Тэгэхээр Монголын уран бүтээлчид дэлхийн тэмцээнд гурван төрөлд өрсөлдөнө гэсэн үг. Тэмцээнд оролцох зохион байгуулалт, бүртгэлийн ажил бүгд хийгдсэн. Одоо уран бүтээлчид бэлтгэлээ хийх л үлдсэн. Дэлхийн аваргаас манай уран бүтээлчид баяртай мэдээтэй ирэх байх аа.
-Язгуур урлагийнхантай дагнаж хамтран ажиллах юм уу?
-Үгүй ээ, бид ардын хөгжим, бүжиг, сонгодог урлаг, уран зураг гээд бүхий л салбарын уран бүтээлчидтэй хамтарна. Бидний хувьд аль болох олон уран бүтээлчийг олон улсад гарах, илүү туршлагажих, илүү боловсрох, тэр хэрээрээ Монгол Улсынхаа нэрийг өндөрт мандуулаасай л гэж хүсч байгаа.
-Венад тоглосон “Домог” Болгарын тэмцээнд бас оролцоно гэхээр танайх тухайлсан уран бүтээлчдэд гарц нээж өгснийхөө дараа дахин өөр уран бүтээлч сонгох замаар ажиллах нь гэж ойлголоо зөв үү?
-Бидний хувьд хэн гэдэг дуучин, хөгжимчин, бүжигчин тэмцээн уралдаанаас шагнал хүртэх вэ, том тоглолтод уригдах нь сонин биш. Хэн нь ч байсан Монголын нэр л мандана. Жишээлбэл, саяын тэмцээнд “Домог” хамтлаг түрүүлсэн. Гэвч австричуудын хувьд, тэнд оролцсон бусад орны уран бүтээлчдийн хувьд Монголын хөгжимчид түрүүлсэн. Тэнд хүмүүс Монголын морин хуураар бахархсан. Монгол хөгжимчний ур чадвараар бахархсан. Тэнд байсан хөгжмийн том профессорууд, хөгжим судлаачид шоконд ортлоо гайхаж, алмайрч, алгаа хорстол ташсан. Яг энэ агшин бол бидний мөрөөдөл, бидний энэ төвөө байгуулсан туйлын зорилго байлаа. Орчин үеийн хэллэгээр бол жинхэнэ кайф.
-Тухайлбал, сонгодог урлагийнханд хамаатай ямар боломж байгаа вэ?
-Ирэх өвөл маш өндөр шагналын сантай олон улсын дуурийн дуулаачдын уралдаан болно. Энэ уралдаанд оролцох саналыг ямар дуучинд тавих вэ гэдэг судалгааг хийж байна. Оролцох хүн маань бас мөнгө санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ гээд нэлээд асуудал бий шүү дээ. Ямар ч байсан энэ уралдаанд хэн нэгэн монгол дуучин оролцож бас нэгэн бахархалт мэдээтэй эх орондоо ирээсэй, бас тэндээс дараа дараагийн боломжийн үзүүрээс атгаад ирээсэй гэж хүсч байгаа.
Бид өөрсдөө тухайлсан уран бүтээлчид санал тавихаас гадна бидэнд хандаад ямар нэг гарц, тэмцээн уралдаантай холбоод өгөөч гэсэн уран бүтээлч бүхэнтэй хамтран ажиллана.
-Манай зураачдын хувьд гадны уралдаан тэмцээнд бүтээлээ явуулах, үзэсгэлэн гаргах тал дээр нэлээд санаачлагатай ажилладаг санагддаг.
-Бид уран зураг худалдаалах онлайн дуудлага худалдааны сүлжээнд монгол зураачдын бүтээлүүдийг оруулах боломжийг судалж байгаа. Энд тэндхийн том үзэсгэлэнд бүтээлээ аваачиж дэлгэх боломж, зардал мөнгө гээд бэрхшээл байдаг болохоор аль болох бага зардлаар үр дүнтэй ямар алхам хийж болох вэ гэдгийг олж харах хэрэгтэй. Эдинбургийн урлагийн наадам гэж дэлхийн хамгийн том наадам бий. Хагас сая хүн очиж оролцдог. Тэр наадмын ерөнхийлөгч нь өөрөө улс орнуудаар явж наадамдаа оролцуулах уран бүтээлчдийг сонгодог. Түүнээс урилга авна гэдэг нэр төрийн хэрэг. Тиймээс манай төв энэ наадамтай холбогдохоор ажиллаж байна. Монголоос ямар уран бүтээлийг тэнд оролцуулбал хамгийн зөв алхам болох вэ гэдгийг ч судалж байгаа. Өнгөрсөн жил гэхэд Англид Шекспирийн дэлхийн наадам болж дэлхийн 40-өөд орны театраас очиж, өөр өөрсдийн хэлээр Шекспирийн жүжгүүдээс тоглоход Монголоос байгаагүй. Надад их харамсалтай санагдаж байсан. Бид Шекспирийн хамгийн алдартай жүжгүүдийг өөрийнхөө тайзнаа амьдруулчихсан, уран санд нь бэлэн байж байдаг ард түмэн шүү дээ. Иймэрхүү боломжийг хойшид алдмааргүй байгаа юм.
-Бидэнд сонгодог урлаг, драмаас илүү ардын урлагийн төрлөөрөө дэлхийд гайхуулах боломж нь илүү байдаг уу?
-Монголчууд бол Азид нэг номерийн сонгодог урлагийн театртай, драмын театртай, язгуур урлагаа сонгодог хэмжээнд хүртэл нь хөгжүүлчихсэн ард түмэн. Ийм үндэстэн ховор. Энэ бүхнийгээ бид дэлхийд гайхуулж амьдрах учиртай. Гайхуулах ч болно.
-Гайхуулж бишрүүлэхийн тулд ядаж дэлхийн хэмжээнд сэтгэж, тэднээс дутахгүй хөгжих ёстой байх. Түүнээс Монголд од болчихвол дэлхийд од болчихно гэсэн үг биш биз дээ?
-Одоо дэлхийн энтэй сэтгэ гэж нэг үгийг их ярьдаг болж. Үнэхээр үнэн. Бид жалга довны хэмжээнд биш, тив дэлхийн энгээр сэтгэж, тэр хэрээрээ урагшилж, хөгжиж явах ёстой. Мэдээж ямх мэдлэг, чимх боловсролтой хүн алд сэтгэж, арван алхмын цаана байгаа боломжийг харж чадахгүй шүү дээ. Тийм болохоор бид бас урлагийн сургуулиудад ашиглах сүүлийн үеийн мэдээлэл, судалгаа бүхий сурах бичиг, ном зохиолуудыг орчуулж, хэвлүүлэх ажлуудыг ч хийнэ. Бид дэлхийд гарах гарцаа оллоо ч гарах хүн маань өөрөө бэлэн биш байвал амжилтад хүрч чадахгүй. Жишээлбэл, Австрид бага насны хүүхдэд төгөлдөр хуурын хичээл яаж заадаг тухай сонирхлоо л доо. Нэг цагийн хичээл заахад эхний 40 минутад багш нь зүгээр л ярьж өгдөг гэнэ. Бетховен бол ийм зохиолч, энэ хүний хөгжим аялгууг ингэж мэдрэх ёстой гэх зэргээр. Тэгээд үлдэх цагт нь төгөлдөр хуур тоглуулдаг. Чи зөвхөн ля нотыг зөв дарж чаддаг болох юм бол чамайг хүн Бетховений хөг аялгууг зөв мэдэрч чадсан байна гэж үзнэ гэх мэтчилэн заадаг юм билээ. Тэгэхээр бид бас дэлхийн хэмжээний уран бүтээлчийг бэлтгэх сургалтдаа анхаарах хэрэгтэй. Тиймээс бидэнд туршлага, мэдлэг өгөх мастер классуудыг зохион байгуулах шаардлага зайлшгүй гарч байгаа. Яриад байвал бодож төлөвлөсөн олон ажил байгаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
