Нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэж тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэж тангараг өргөв

“Монгол Улсын ир­гэн би онцгой байдлын асуудал эрхэлсэн бай­гууллагад ажиллахдаа тө­рийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаард­лага гарвал амь на­саа үл хайрлан тэмцэхээ тангараглая…” хэмээсэн  22 залуу яг зургаан жи­лийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унт­раахаар бороотой тэн­гэрт гарч байлаа. Гэвч тэднээс 15 нь эргэж ирээ­гүй юм. Сэлэнгэ айм­гийн Мандал суманд Хо­нин нуга гэх газарт зургаан жилийн өмнөх энэ өдөр ой хээрийн түйм­рийг унтраахаар Хи­лийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр онцгой байдлын болон хилийн цэргийн албан хаагчид 22 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар товгор уулын зүүн энгэрт далайн төвш­нээс дээш 1545 метрийн өндрөөс унаж осолдсон юм. Ослын улмаас амь насаа алдсан аврагчдын дурсгалыг хүндэтгэж, Онц­гой байдлын ерөнхий газ­рын удирдлагууд өнгөрсөн баасан гаригт /06.14/ дурсгалын хөшөөнд цэцэг өр­гөлөө. Тус газраас 2009 оноос албан хаагчдаа хүн­дэтгэн ёслох энэ өдрийг мэргэжил нэгт нөхдөд нь мөнхжүүлэх зорилгоор шинээр элссэн албан хаагчдын тангаргийн өдөр болгожээ. Тиймээс энэ албанд хүчин зүтгэхээр 73 залуу тангараг өргөв.
 

““МИ-8”-ИЙН ОСЛЫН БУРУУТАНГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ”

 
Албан хаагчид тан­гараг өргөснийхөө дараа аврагч нөхдийнхөө дурс­галын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэдний дунд аавынхаа, ахынхаа үйлсийг үргэлжлүүлэн, хүнд хэцүү албанд хү­чээ сорихоор орж буй албан хаагчид ч байв. Түүнч­лэн амь үрэгдсэн аврагчдын ар гэрийнхэн хүндэтгэлийн үеэр ирсэн байлаа. Зул, зураг хоёрын өмнө хатаж суугаа тэдний сэтгэлийг нимгэлдэг өдөр нь жил бүрийн энэ л өдөр гэнэ. Цэл залуу 33 насандаа хорвоог орхисон ав­­рагч, гал сөнөөгч Э.Ариун­­санаагийн ээж Л.Оюунцэцэг “Жилд нэг удаа энд ирж сэтгэл санаа тайвшрах юм. Жил бүрийн энэ өдөр олон сайхан залуу аврагчдын эх орныхоо төлөө тангараг өргөж бай­гааг харж сэтгэлээ дэв­тээх юм” хэмээн ярив. Түүний охин аав, ах хоёрынхоо үйлсийг үргэлжлүүлэхээр онцгой байдлын албанд элсэж, тангаргаа өргөж буй аж. Түүнчлэн шүхэрчин, гал сөнөөгч Л.Баярмагнай энэ албанд 33 дахь жилдээ ажиллаж байсан юм. Бас л тэр харамсалтай өдөр үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Түүний ээж У.Төмөр хүүгийнх нь үхэлд хүргэсэн буруутанг эрж, олон жилийн турш явж буйгаа хэлж байлаа. Тэрээр “Энэ хэрэгт хариуцлага яримаар санагддаг юм. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчид өргөдөл өгчихөөд байна. Тэр өглөө Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрынхан аврагчдыг дуудаагүй. Бороо орж байна, түймэр унтрах байх. Маргааш хариу хэлье гэсэн байдаг. Гэтэл дээрээс нисэх тушаал өгсөн байсан. Үүнд хариуцлага нэхмээр байна. Тухайн үед албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн зүйл ангийг хуулиас хасч, эргээд дөрөвдүгээр сарын 20-нд хуульдаа оруулчихсан байсан” хэмээв. Зургаан жилийн өмнө гарсан харамсалт ослоос гадна аврагчдын ажил албанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангалтгүйгээс амиа алдсан хэрэг хууч­раагүй байна. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийн улмаас дөрвөн залуу амь үрэгдсэн. Онцгой байдлын албаныхны нийгмийн баталгааг хэр­хэн хангаж буй та­лаар тус газрын дарга, онцгой байдлын хурандаа  Т.Дуламдорж “Албан хаагчдын нийгмийн ба­талгааг хангах чиглэлээр хэрэгжиж буй Ерөнхий газрын нийгмийн баталгааг сайжруулах дэд хөтөлбөрийн хү­рээнд манай албаныхан 80 орчим орон сууцтай болсон. Өнгөрсөн онд 70 айлын орон сууц ба­рихаар санаачлан, ажил­лаж байна. Түүнчлэн энэ онд шинээр олон ан­гиуд ашиглалтад орж байгаа.  Аврах, гал унт­раах ангиудын дэргэд 10 айлын орон сууцтай барилгуудыг бариулж байна. Түүнчлэн аймаг орон нутгийн Засаг дарга нартай хамтран албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажилд зуучлах зэргээр ажиллаж байна” гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж