Ипотекийн зээл бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл бэлэн боллоо

Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж
буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Монголын
арилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн
хэмжээ бараг л нэг их наядад дөхжээ. Тэдний авсан зээлийн хэмжээ 15,7
хувь. Энэ бүх зээл даваа гаригаас эхлэн найман хувийн
зээл рүү шилжих гэж байна. Ингэхдээ зээлдэгч болгоныг банкны үүдэнд дараалуулан
зогсоохгүй байх талаар ярилцжээ. Өөрөөр хэлбэл, өмнө өндөр хүүтэй авсан
зээлээ найман хувь руу шилжүүлэхгүй гэх хүн байхгүйгээс хойш банкууд
зээлийн нөхцөлийг найман хувьд автоматаар шилжүүлэх нь зөв юм гэсэн байр
суурь дээр тогтжээ. Харин зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгаатай
холбоотойгоор багахан хэмжээний хураамж төлж магад гэнэ. Энэ бол орон
сууцны зээл төлж буй хүмүүст  тун таатай мэдээ. Харин арилжааны банкууд
үүнд ямар байдлаар хандах вэ, араас нь шинээр зээл авч буй иргэд чухам
ямар нөхцөлөөр ямар материал бүрдүүлэх вэ гэхчилэн олон асуултын хариуг багцлан хүргэж байна.


УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 30 ХУВЬ БАЙНА

Шинээр зээл авах иргэд байрныхаа 30
хувьтай дүйцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг төлөхөөс аргагүй нь. Энэ
бол Монголбанкнаас барьж буй хатуу босго. Арилжааны банкууд ч энэ л
шаардлагыг тавих ажээ. Аливаа бизнест эрсдлийг тооцдог нарийн жаяг
байдагчлан ийн тогтоохоос аргагүй гэж Монголбанкныхан хатуу мэдэгдэж
байна. Харин Засгийн газрын зүгээс бол ирэх намраас эхлэн урьдчилгаа
төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журмыг гаргана гэдгээ амласан гэнэ. Ингэхдээ
ямар үзүүлэлтээр хэнд хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэхээ тухайн үед
мэдэгдэнэ гэжээ.

Жилийн найман
хувийн хүүтэй зээлийг эдийн засагт хийж буй реформ хэмээн зарласан.
Үүнийхээ бэлтгэлийг  эртнээс базааж, оны эхэнд зээлийн эх үүсвэр болгож 
800 тэрбум төгрөг олгохоор гарын үсэг зурсан. Түүнээс энэ жил 500
тэрбум орчим нь л иргэдэд зээл болон гарах болов уу  гэсэн таамаглал
байгаа ажээ. Учир нь хүн бүр орон сууцтай болохыг хүсч байгаа ч боломж
бололцоо нь хүрэлцдэггүй. Өрөөр хэлбэл, хүссэн бүхэнд бус зээлийн
урьдчилгаа төлбөртэй, орлого нь зээл эргэн төлөх боломжтой хэсэгт л зээл
олгогдох юм. Өнөөдөр Монголд зээл аваагүй хүн ховор. Хэрэглээний,
автомашины, цалингийн зэрэг жижиг зээлтэй иргэд эхний ээлжинд тэрхүү
зээлээ төлж байж ипотекийн зээлд хамрагдах үүд нээгдэнэ. Нөгөөтэйгүүр
зээл төлөх хэмжээ өрхийн сарын орлогын 45 хувиас ихгүй байх ёстой
гэхчилэн тооцоод үзэхээр хүссэн хүн бүр зээлд хамрагдах боломжгүй нь
үнэн болж таарав. Үүнийг хүмүүсээ ялгаварласан хэрэг, байртай,
боломжтойд нь үйлчлээд гэр хороололд амьдардаг хураасан хумисан
хөрөнгөгүй ядруу хүмүүст бол хамааралгүй зээл байна гэж шүүмжлэх хүн
олон байна. Үүнийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Монголын нийт
хүн амын 60-80 хувь нь дундаж давхаргынхан гэж үздэг. Үндэсний
статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн дундаж орлого 900
мянган төгрөг гэдгийг зарласан. Тэгэхээр 900 хүртэлх мянган төгрөгийн
цалинтай дундаж орлоготой хүмүүсийн тусын тулд энэ найман хувийн хүүтэй
зээл үйлчилнэ. Түүнээс биш тэтгэврийн хөгшид,  залуу гэр бүл зэрэг
урьдчилгаа төлбөр дутмаг, сарын орлого хүрэлцэхгүй хүмүүст зориулсан
төрийн орон сууцны тусдаа хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, боломжтой
болтлоо төрийн орон сууцанд түрээсээр амьдрах болон удаан хугацаанд
эргэн төлөх байдлаар өөр хөтөлбөрт хамрагдах юм" хэмээн тайлбарлалаа.

Өнгөрсөн
хугацаанд монголчуудын авсан зээлийн дийлэнх хэсэг нь хэрэглээнд
зориулагдсан байдаг ажээ. 2011 онд л гэхэд нийт зээлийн 70 хувийг цалин,
тэтгэвэр, богино хугацаат хэрэглээний зээл эзэлж байв. 2012 онд ч
ялгаагүй хэрэглээний зээл л давамгайлж байж.  Нэгэнт цалингаа хураагаад
орон байртай болох найдваргүйгээс хойш зурагтынхаа инчийг томруулж,
машин авч унах зэргээр олсон хэдийгээ үрж зарж санаагаа амраасан гэх үү
дээ. Тэгвэл найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаа төлбөртэй ипотекийн
зээл зах зээлд нийлүүлснээр хүмүүс жижиг хэрэглээгээ хязгаарлаж,
урьдчилгаа төлбөр цуглуулахад анхаарч эхэлнэ гэдгийг мэргэжлийнхэн
онцолж байна. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийг нийгмийн даатгалын дэвтэрт
бичигдсэн орлогыг баримталж олгоно. Гэтэл зарим хувийн компаниуд, тэр
дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дунд  үндсэн цалинг
багаар тогтоож нийгмийн даатгалын шимтгэл бага төлөх нь түгээмэл.
Ажилтан, ажиллагсдын хувьд  чнийгмийн даатгалын шимтгэл их  бага төлөх
нь ямар ч хамааралгүй мэт ойлгодог. Тэгвэл найман хувийн зээл авахын
тулд цалингаа үнэн зөвөөр бичүүлэх шаардлага иргэдэд тулгарахын хэрээр
нийгмийн даатгалын сангийн орлого ч нэмэгдэнэ гэсэн тооцооллыг
мэргэжлийнхэн хийгээд байна. Ингэж гэмээнэ нийгмийн даатгалын санг
ипотекийн зээлтэй уях бодлогын үндэс суурь тавигдах ажээ. Нийгмийн
даатгалын сангийн хөрөнгө цаашид 200 тэрбумаар нэмэгдэх боломжтой гэсэн
тооцоо ч гарчээ.

ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДВАР 30 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Ипотекийн
зээлийн хүү буурснаар өмнө нь зээл авсан иргэдэд 30 хувийн хөнгөлөлт
мэдрэгдэх төдийгүй хүмүүсийн худалдан авах чадвар ч төдий хэмжээгээр
өснө гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь зээл авсан иргэдийн
дундаж хүү 15,7 хувь. Түүнийг найман хувь болгон бууруулснаар дээрх
хөнгөлөлт ирэх ажээ. Одоогийн байдлаар 31 мянга гаруй иргэдэд олгоод
байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл нь ДНБ-ий 7-8 хувьтай
тэнцэж байгаа юм. Үүнийг 30-40 хувь, цаашлаад 50 хувьд ч хүргэсэн эдийн
засагт эрсдэл үүсгэхгүй гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв. Харин
эсрэгээрээ нааштай олон үр дагавар авчрах ажээ. Хүмүүс цалин тэтгэврээ
хэрэглээний зээлд зориулахаа больж, хуримтлуулж эхлэхийн дээр тэр хэрээр
олон төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа тансаг зэрэглэлд багтдаг
автомашины үнэ буурах хандлага ажиглагдана гэж зарим эдийн засагчид хэлж
байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн мастер гэрээнд гарын үсэг зурж, арилжааны банкуудад эх үүсвэр байршууллаа

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох
хүрээнд Монголбанк, Арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийг ерөнхий гэрээ”-г баталж, өнгөрсөн баасан гаригт гарын үсэг
зурсан байгаа. Ингэснээр энэхүү шинэ тогтолцооны хүрээнд орон сууцны
ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгох зориулалт бүхий
зээлийн эх үүсвэрийг Монголбанк гэрээ байгуулсан банкуудад байршуулж байгаа юм.

Ирэх долоо хоногийн даваа гаригаас
Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр
хэрэгжиж эхэлнэ. Иймд Засгийн газраас баталсан орон сууцны 8 /±1/ хувийн
хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд баталсан зээлийн журмыг
уншигчдадаа танилцуулж байна.


Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж