Туркийн Ерөнхий сайдыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхий сайдыг эсэргүүцэв

Туркийн жагсаал хоёр­хон долоо хоногийн дотор асар хурдацтайгаар хүрээгээ тэлэв. Хамгийн сүүлд цагдаа нар нулимс асгаруулагч цацан Таксим талбайд жагсаж байсан оюутнуудыг хүчээр тараасан. Гэвч энэ нь бага боловч намжих төлөвтэй байсан эсэргүүцлийн галыг улам өрдөж орхив. Тэр хэрээр тус улсын Ерөнхий сайд  Ресеп Тайип Эр­доганыг дэмжигчид цөөрч байгаа бололтой.
 

ЖАГСАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ УЛАМ ХҮЧТЭЙ БОЛОВ

 
Уг нь Эрдоган Туркийн хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг. Түүний нам гурван сонгууль дараалан ялалт байгуулсан нь үүний нотолгоо юм. Гэвч энэ удаад Туркийн жагсагчид Эрдоганы Засгийн газрыг унагааж магадгүй болчихоод байна. Өнгөрсөн сарын 31-нд Истанбулын төв талбай дахь Гези паркийн моднуудыг тайрж, шинээр янзлах Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэгч ногоон хөдөлгөөнийхөн жагссан. Харин энэ сарын 4-нөөс эхлэн жагсаал өргөжиж, Туркийн бусад хотуудыг хамарсан байна. Улмаар энэ нь Засгийн газрыг үйл ажиллагааг бүхэлд нь эсэргүүцэх хөдөлгөөн болж хувирчээ. Түүнчлэн цагдаа нар болон жагсагчдын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн гарсан юм. Туркийн Ерөнхий сайд Эрдоган өнгөрсөн пүрэв гарагт жагсагчдыг Гези паркийг чөлөөлөхийг хүсч, сүүлийн удаа анхааруулга гаргалаа хэмээн хэвлэлүүд бичиж байв. Тэгээд өнгөрсөн баасан гарагт жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Гези паркийг шинэчлэх асуудлыг дахин ярилцахаар болсон. Туркийн эрх баригчдын зүгээс үүнтэй холбогдуулан бүх нийтийн санал асуулга явуулъя гэжээ. Үүнийг нь сөрөг хүчнийхэн нь зөвшөөрсөн боловч хэд хэдэн болзол тавьсан байна. Тухайлбал, санал асуулгын асуулт нь “Гези паркийн загварыг шинэчлэхийг дэмжиж байна уу” гэх агуулгатай, маш энгийн байх ёстой. Мөн зөвхөн Истанбулын иргэд дунд явуулах гэх мэтийг шаарджээ. Гэвч Таксимын талбайгаас жагсагчдыг гарахыг шаардсан Туркийн цагдаа нар хоёр удаа нулимс асгаруулагч цацжээ. Хэдийгээр Геки паркт жагсаж байсан иргэд тарсан боловч гадны ажиглагчид цагдаа нарын түрэмгийлэл асуудлыг хурцатгалаа хэмээн дүгнэсэн байна.
 

ЕВРОПЧУУД ЕРДОГАНЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ

 
Истанбул хотын хүн амын тоо 19 саяд хүрдэг. Энэ утгаараа мусульман шашинтнуудын хамгийн том хотод тооцогдоно. Тэгэхээр Истанбулд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн Арабын хувьсгалын үргэлжлэл байж магадгүй гэж үзээд дэлхийн улс орнууд үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, Турк улс Европын холбооны гишүүн болох хүсэлтээ гаргаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнтэй холбогдуулан зөвхөн энэ асуудлыг хариуцсан сайдын албан тушаалыг ч бий болгосон юм. Харин үймээнтэй холбогдуу­лан Европын парламентаас Туркийн Ерөнхий сайд Эрдоганыг жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэхээ зогсоохыг шаарджээ. Үүний хариуд нөхцөл байдал тйим ноцтой биш байгаа бөгөөд энэхүү жагсаалыг нэр бүхий хэдэн хүн удирдаж, олон түмнийг турхирч байна гэх утгатай мэдэгдлийг Туркийн Европын холбооны сайд Эгэмэн Багис хийсэн байна. Харин АНУ-ын хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэдэг сонирхолтой асуулт. Учир нь Барак Обамагийн засаг захиргаа саяхан Сири рүү цэргээ оруулахаар болсон. Сирийн Засгийн газар босогчдыг дарахын тулд химийн зэвсэг  хэрэглэсэн гэх дүгнэлтийг шинжээчид гаргасан. Тиймээс хурцадмал байдал нь намжих тийшээ хандаж байсан Сири рүү америк цэргүүд орох нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэсэн тохиолдолд АНУ-ын хувьд Ойрхи Дорнод дахь холбоотон орнуудынх нь дэмжлэг маш чухал. Түүний нэг нь Турк юм. Туркийн дотоод улс төр тогтвортой байж гэмээнэ АНУ тайван байх бололтой. Тиймээс Туркийн жагсаал даамжирч байгаа нь америкчууд Сири рүү цэргээ оруулах эсэхийг шийдэх бололтой.
 

ТУРКИЙН ЖАГСААЛЫГ ЦЭРГИЙНХЭН НЬ ТУРХИРЧ БАЙНА

 
Эрдоганы нам хүчирхэг бай­гаагийн шалтгаан нь Гюлэны хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Төв Азийн орнуудын ард иргэдийг хил хязгаараас үл хамааран шашин шүтлэгээрээ нэг бүлэглэлд багтахыг уриалдаг үйл явцыг Гюлэны хөдөлгөөн хэмээн нэрлэдэг. Үндэслэгч нь болох Фетулла Гюлэн анх Туркт хамгийн их дэмжлэг авч, улмаар мусульман шашинт бусад оронд хөдөлгөөнөө идэвхжүүлсэн юм. Харин Эрдоганыг анхандаа Гюлэны хөдөлгөөнийхэн маш их дэм­жиж байв. Гэвч сүүлийн жилүүдэд түүний Шударга хөгжлийн нам болон хөдөлгөөнийхний хооронд зөрчил гарах болж, улмаар энэ нь даамжирчээ. Истанбулын талбайд байрлах Гези паркийн шинэчлэл нь зарим талаараа шашны уламж­лалт ёсыг эвдэж байна гэж үзсэн хүмүүс бий. Харин тэднийг Гюлэны хөдөлгөөнийхөн улам дэвэргэж байгаа гэх үндэслэл бий. Энэ тэм­цэлд хэн нь ч ялж магадгүй. Мэдэлд нь цэргийн хүч байгаа гэдэг утгаараа Эрдоган илүүрхэж мэдэх ч Гюлэны хөдөлгөөн бол шашны итгэл үнэмшил дээр суурилсан учир иргэдийг хааш нь ч эргүүлж мэднэ. Нөгөөтэйгүүр Туркийн сөрөг хүчний удирдагчид Эрдоганыг шүүмжилсээр байгаа юм. Сирийн цагаач иргэдийг хүлээж авснаас болж Туркийн хил орчмын хотуу­дад хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрж, хүний амь үрэгдсэн. Үүнээс болж сөрөг хүчнийхэн Эрдоганы Засгийн газрыг шүүмжилж байсан нь энэ удаагийн тэмцлийн үеэр дахин сөхөгджээ. Өөр нэг асуудал бол Турк дэх цэргийн хүчнийхний ноёрхол. Туркт 1960-1970 онд дөрвөн удаа цэргийн эргэлт гарч байв. Харин хожим нь ардчилсан сонгуулиар ялалт байгуулж гарч ирсэн Эрдоган цэргийнхний эрх мэдлийг сулруулж чадсан юм. Тиймээс санамсаргүй мэтээр эхэлсэн дээрх эсэргүүцлийн хөдөлгөөний ард хуучин цэргийн эрх мэдэлтнүүд байгаа бололтой.

Эрдоган Туркийн засгийн эр­хэнд гарснаас хойш тус улсын эдийн засаг хөгжиж, шинэ шатанд гарсан гэж үздэг. Ямартай ч “Washington Post” сонинд Туркийн иргэн 50 настай Ясир Оздемир “Шинэ зам барьж, дэд бүтцээ хөгжүүлэх зэргээр Эрдоган маш их зүйл хийсэн. Бас тэр биднийг цэргийн дарангуйллаас гаргасан. Даанч паркийн асуудалд бууж өгөхгүй хэтэрхий зөрүүдэлснээс болж байдлыг муутгаж байна” хэмээн ярьсныг барууны зарим хэвлэл иш татжээ.
 

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж