Г.Дэнзэнгийн оронд Ч.Сайнбилэгийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.16-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнгийн оронд Ч.Сайнбилэгийг томиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өнгөрсөн пүрэв гаригт буюу зургадугаар сарын 13-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд, Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ч.Сайнбилэгийг томилсон байна.

Г.Дэнзэн нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албыг хашиж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн хавраас эхэлж Тавантолгойн тендерт эхнэрийнхээ компанийг ялуулсан, төрсөн эгчийгээ “Эрдэнэс тавантолгой” компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилсон зэрэг дуулианд нэр холбогдож ирсэн билээ. Харин Г.Дэнзэн нь Тавантолгойн тендертэй холбоотой асуудлыг үгүйсгэж “Намайг гүтгэж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай ч энэ асуудлын хүрээнд шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл бас цухалзах болсон. Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихдаа давхар “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг хэд, хэдэн албыг давхар хашиж байсан юм.

Ч.Сайнбилэг гэж хэн бэ?

Ч.Сайнбилэг өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газар дэд даргын алба хашиж байсан ажээ.

Ч.Сайнбилэг нь 1966-1974 онд Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын 8 жилийн дунд сургууль, 1974-1976 онд Хөвсгөл аймаг, Мөрөн хотын 1-р 10 жилийн дунд сургууль, 1976-1981 онд Монгол Улсын Их Сургууль, 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.  Физикч, физикийн багш, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

1981-1982 онд Дээд ,тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын улсын хороонд мэргэжилтэн

1982-1985 онд ХХАҮТехникумд багш

1985-1996 онд Олон улсын “Найрамдал” зусланд багш

1996-2000 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

1998 онд Олон улсын “Найрамдал” төвийн ерөнхий захирал

2000-2004 онд “Эн Ар” ХХК-ийн ерөнхий захирал

2004-2006 онд УИХ-ын гишүүний зөвлөх

2006-2009 онд “Шарын гол энержи” ХХК-ийн ерөнхий менежер

2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдон ажиллахаар болж байна.

Сонгуульт ажил:

  • Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүн.
  • Монгол-Австралийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулах хорооны гишүүн.
  • 1996-2000 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч.
  • 2000-2004 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж