Европ дахь сонгогчид идэвх муутай байна

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Европ дахь сонгогчид идэвх муутай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй иргэд оролцож байгаа. Өчигдөр эхэлсэн эл сонгуулийн дүн өнөөдрийн 11 цагийн байдлаар тийм ч хангалттай биш байна. Нийтдээ дэлхийн өнцөг булан бүрт 1750 сонгогч саналаа өгсөн нийт бүртгэлтэй иргэдийн 28-30 хувь юм байна.

Өнөөдөр амралтын өдөр таарч буй болохоор Сөүл, Улаан-Үүд, Эрхүү, Бээжин, Вашингтон хотуудад амьдарч буй иргэд харьцангуй идэвхтэй байгааг Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга С.Сүхболд хэлж байна. Сөүл хотод 1457 сонгогч бүртгэлтэй байгаагаас 239 нь, Бээжинд 293 монгол иргэн санал өгөхөөс 105 нь саналаа өгчээ. Харин Европын орнуудад амьдарч буй иргэдийн сонгуулийн ирц тааруухан байгааг мөн сануулав. Шведийн Стоккольм хотын 162 сонгогчоос 49 нь, Варшавын 166 сонгогчоос 33 нь л саналаа өгөөд байгаа юм. Тиймээс Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссоос гадаадад буй нийт монголчууддаа хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тус комисс нь гадаадын улс орнуудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа гэнэ. Сонгууль маргааш мөн үргэлжилнэ.

Сонгуульд оролцсон иргэдийн саналыг хуудсыг битүүмжлэн Монгол руу илгээх бөгөөд эх орондоо байгаа монголчуудын саналын хуудсын хамт зургадугаар сарын 26-ны өдөр нээж, бусад саналын хуудсын хамт тоолох ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж