ҮСХ-ны тайланг сонсов

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

ҮСХ-ны тайланг сонсов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-ны 2010 оны үйл   ажиллагааны тайлан, 2006-2010 онд албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ. Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний долоон дэд зорилт, 288 арга хэмжээ үндсэндээ биелж, уг хөтөлбөрт 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орнуудын үндэсний тооцооны түвшин болон түүнийг нэвтрүүлэхэд олж авч буй амжилт, туршлага, хөгжлийн явц тодорхой болдог байна. Олон улсын зэрэгцүүллийн Milestone-ийн шалгуураар Монгол Улс эхний түвшингээс дөрөвдүгээр түвшинд үнэлэгдэх боломжтой болсон байна. Мөн Хүн ам орон сууцны тооллогыг дэлхийн бусад орны жишигт нийцүүлэн, олон улсын нийтлэг аргачлалын дагуу амжилттай гүйцэтгэжээ.
Дээрх мэдээллийг сонссоны дараа байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ҮСХ-нд үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулах ажлыг зохион байгуулах.  Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж, УИХ-д танилцуулах. Нэгдсэн дүнд үндэслэн хэрэглэгчдэд зориулж боловсруулах албан мэдээлэл, судалгааны чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх.  Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого зэрэг 2011 онд зохион байгуулах улсын хэмжээний тооллого, судалгааг чанартай гүйцэтгэх. Хөдөө аж ахуйн тооллого зэрэг  асуудлаар Статистикийн тухай хуульд зарим шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай хэмээн үзлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж