Дорнын говийн сувдан сондрыг хэлхэж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Дорнын говийн сувдан сондрыг хэлхэж байна

Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг
судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа
шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын өвд
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой “Сувдан Сондор” найм дахь
удаагийн соёл эрдэм шинжилгээний аялалын баг Дорноговь аймгийн нутгаар
5-р сарын 17-оос 28-ны өдрүүдэд  ажилласан юм.

“Сувдан
Сондор-8”-ыг Монголын Соёл Яруу Найргийн Академи, Лувсанданзанравжаа
Академи санаачлан зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын
газар хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж,
Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам, “Нью Жуулчин Турс” ХХК дэмжин
оролцсон бөгөөд шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, орон
нутгийн төр захиргааны байгууллагын ажилчид болон хэвлэл мэдээллийн 30
гаруй хүн оролцжээ.

Манай сайт “Дорнын говийн сувдан сондор” цувралыг толилуулж байна. Өмнөх дугаарт Гуа тээг, Солирын тогоог хүргэж байсан бол энэ удаа Цувираагийн хийдийг толилуулж байна. 

3. Цувираагийн хийд

Хүүгэх салхинаа үлгэр домгийн орон босоод ирэх мэт. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл сэргээд хөх тэнгэрийн хаяанаа тэнгэрийн орон сүндэрлэн харагдах шиг хөх цэнхэр зэрэглээн дунд өвгөдийн морьдын тоос босно.

Өндөр тэнгэрт ханьсан эргэлдэх хоёр бүргэд. Тэнгэрийн хамгаалагч гэлтэй тэд биднийг дээрээс ширтэн эргэлдсээр. Газарт ганц хайлаас мод салхинд бүүвэйлэгдэн зүүрмэглэжээ. Замын хажуугаар машинтай уралдан хэсэг хулан гараад ирэх. Тоолж үзэхнээ ес. Бэлгэдлийг ямагт бэлэгшээдэг монгол хүмүүс болохоор бид их л баярлав. Учир нь эдгээр есөн хулан биднийг Анхдугаар ноён хутагтын бүтээсэн түүхт Цувираагийн хийд рүү замчлан ханьссан юм.

Эл газрын түүхийг ийн үгүүлэх ажээ. 1666 онд алтан ургийн Сономдайчин хун тайжийн хүү, Говийн ноён хутагтуудын анхны дүр Агваангончиг бээр Амгалант хэмээх номын газар дүвлэжээ. Мөн Говь мэргэн вангийн хошуу тус сүмтэй хамт эл газар төвлөн төр хийгээд шашны хос ёс зэрэгцэн оршиж байжээ. Өдгөө хуучин сүмийн туурь малын хашаа болоод хүүгэх салхинаа домог л хүүрнэнэ.

Зуугаад жилийн оршоод байтал Хунхууз хэмээх зуйгуул дээрэмчид  довтолон ирж сүмийг нь галдан нурааж, улмаар лам нарыг нь хажуугийн хайлаас модонд хөлнөөс нь дүүжилж хомроголон устгасан гэх ажээ. Тухайн газрын онцлог уу, хайлаас модод жалга болгонд нэг нэгээрээ цувран байршиж ургажээ. Ийм ч учраас уг газрыг Цувираа буюу цуварсан хайлаасын орон гэж нэрлэсэн байх гэж бодлоо. 

Хунхууз нарын эл дээрэнгүй балмад үйлдлийг нутгийн ард олон тэвчин эс чадаад, нэгдэн нийлж, хуучин байсан бэхлэлтийг мориноос өндөр болгон өндөрлөжээ. Улмаар солирын тогооны амсар дээрх харуулын шивээнээс тандалтаа хийж, Хунхууз нартай тулалдан ялж, нутгаасаа хөөн явуулжээ.

Цувруулж эгнүүлсэн барьсан хагас дугай хадан хашлага. цэргийн зориулалт бүхий бэхлэлт. Хэзээ нэгтээ хүмүүсийн гараар өрөгдсөн шивээ… Цувираагийн хийдийн наана байх эл шивээг археологич Б.Бадрах “Ийм бэхлэлтийг 13, 14-р зууны үед хийдэг байсан. Магадгүй тэрнээс ч өмнө байх. Нутгийн ардын дунд Хутагттай холбоотой мэдээ домог нь л үлдсэн байх” гэв. Нутгийн иргэдийн яриаг түүхийн жим рүү урагшлуулж, эл газарт судалгаа хийлгэх хэрэгтэй юм шиг санагдав. Магадгүй эртний цэргийн зориулалттай газрын үлдэгдэл, хожим нутгийн ардуудад өөрсдийнхөө өв соёлыг хамгаалан босоход дэм болсон байхаа.

Хуучин хийдийн туурьнаас салхин аялгуу цуурайтуулж хууч ярианд дэм өгнө. Эртнээсээ хүмүүний өлгий байсан эл газар хэдэн зуунаараа үе улиран суусаар. Өдгөө цагийн нутгийн эзэд ч өөрсдийн түүхээ бичсээр.

Цувираагийн хийдийг тэр үед сүйтгэсэн нь эргэн сэргээлгүй гурван зуун жил болсон байхад “1937 онд устгагдсан” хэмээх төмөр самбараас харагдана. Олон хүний амь нэгэн цаг дор сүйдсэн учраас нутгийн ардууд эл газраас дайжин дөлж нүүдэллэсээр эзгүй зэлүүд газар болсон байна.

    Гэвч цуварч ургасан хайлаас модод өтөлж өвгөрөн унасаар, шинэ залуу хайлаас модод нахиалан төлжсөөр зуун зууныг гэтлэн айсуй.

О.МӨНХНАРАН




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж