
“Нью-Йорк сити балет” компанийн шилдэг найман гоцлол бүжигчин өчигдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа саатлаа. Энэ зар анх түгсэн цагаас л дэлхийг гайхуулагч тэднийг дэргэдээс нь харах гэж хүлээсэн мөч нисэх мэт одсон ч театр ороод хүлээсэн хэдхэн хоромд цаг хугацаа мөлхөх шиг удаан санагдав.
Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар хун” уран сайхны кино гэхээр хэн хүний санаанд “Нью Йорк Сити” балетын компани буудаг болов уу. Бидний хувьд тайзнаас л хардаг байсан ертөнцийг энэ кино тайзны ар дахь амьдрал, гол дүрийн төлөөх тэмцэл, атаа хорсол, үзэн ядалт, ялалт, тэсвэр тэвчээр гээд жаргал, зовлонтой нь бүгдийг хамт дэлгэн харуулсан. Европын төдийгүй балетын урлагийг амьдруулагч бүжигчин болж, тайзнаа гарахын төлөө тэд хүүхэд нас, залуу насаа золин байж олон арван жил зөвхөн энэ л урлагийн төлөөх хатуу тэмцэл, тэсвэр тэвчээрийн араас шантралгүй босон, тайзнаа гарч, бидэнд тэр л гайхалтай цаг гарангийн тоглолтыг бүхий л бие, сэтгэлээрээ дамжуулан хүргэж, сэтгэлийн цэнгэл өгдөг гэхээр тэднийг бишрэхгүй байхын аргагүй.
Энэ үдшийн зочдоос хамгийн их хүлээсэн зүйл бол “Хар хун” кинонд гардаг “Хунт нуур” балетын гоцлолууд байлаа. Дэлхийд хамгийн алдартай “цагаан хун” ханхүүгийнхээ хамт тайзнаа дүүлэн нисэв. "Нью-Йорк сити" балетын компанийн төдийгүй дэлхийн хамгийн өндөр балетын гоцлоочид энэ л тайзнаа гайхалтай бүжин үзэгчдийн зүрхийг уяраасан бол эрхэмсэг “Хар хун” өөрийн хүч чадлыг гайхууулан үзэгчдийг бишрүүлсэн.
Хар, цагаан хунгийн гоцлолууд болон Баленчины дэглэсэн цоглог, хэмнэлтэй орчин үеийн жааз бүжгийн элементийг шингээсэн гоцлол бүжгүүд үзэгчдийн нүдийг баясган догдлуулсан шүү. Мөн тоглолтын бас нэгэн шигтгээ бол Астор Пьяццоллагын “Танго”-г “Арга билэг” этник жааз урсгалаар тоглон Нью Йоркийн балетын тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт хүргэсэн нь үзэгчдэд өрнө дорнын урлаг хэрхэн нэг цэгт огтолцон буйг гайхалтайгаар харуулсан юм.

“Тод арт” аженси захирал Б.Сэргэлэн:
-“Юуны өмнө урлагийг таньд ойртуулна гэдэг уриатайгаар үйл ажиллагаагаа 10 гаруй жил амжилттай өрнүүлж байгаа Монголын урлагийн зөвлөлийн хамт олонд баяр хүргэх ёстой гэж би бодож байна. Монголын үзэгчид XXI зууны эхээр Комаки, Якут, Буриад, “Бостон” балет компани, “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”, Английн хаьан хааны “Роял” баллет, ABT Америкийн балетын театруудын уран бүтээлчдийг эх орондоо үзэж байсан. Тэгэхээр монголын үзэгчид өнөөдөр нэн ялангуяа сонгодог урлагийн тэр дундаа балетын үзэгчид өнөөдөр муухан шүүмжлэгч нараас дутахгүй маш сайн бэлтгэгдсэн гэж хэлж болно. XX зуунд ч тийм байсан нэн ялангуяа глобалчлалын бэлэг тэмдэг болсон XXI зуунд гоо сайхныг дээд мэдрэмж, хөгжмөөр илэрхийлэгддэг балетын урлагийн үзэгчид бол монголд маш сайн бэлтгэгдсэн. Яагаад гэвэл ДБЭТ–ын хөтөлбөрт тоглогдож байгаа балетууд болон бага хугацаагаар ч гэсэн айлчлан ирсэн тэр чадварлаг уран бүтээлчидтэй маш сайн танилцсан үзэгчид бол монголчууд. Тэгэхээр өнөөдөр мэдээж Америк тивийн хамгийн анхны, нэлээд туршлагатай Баленчиныг дэлхий даяар мэдэхгүй хүн байхгүй. Анх удаа монголд ирж байгаа учраас монголын үзэгчид шинэлэг зүйл хүсэж байсан түүнийгээ ч энэ тоглолтоос олж авч байх шиг байна. Маш олон хүмүүс асуудаг л даа. Энэ бүжигчин ямар байна, тэр компани хэр вэ, монголынх ямар вэ гээд. Ерөнхийдөө балетын ерөнхий суурь ойлголт бол бүгд ижилхэн. Монголы Оросын балетын суурь бол өөрөө Оросын балет байдаг. Георгий Баленчини буюу Жорж Баленчин нь Оросын балетыг Америкт аваачаад техник оруулж арай өөр хэлбэрт оруулсан. Түүнээс суурь нь яг ижилхэн учраас бидний таньдаг суурь бол Нью Йорк сити балетад явж байгаа. Мэдээж балетын урлаг бол өөрөө хөгжмөөр илэрхийлэгддэг, маш гоё мэдрэмжийг өөрийнхөө биеэрээ, нүдээрээ дамжуулж хүргэдэг адармаатай юм шиг мөртлөө харж дурладаг урлагийн төрөл. Балетыг үзэхээр ирж байгаа үзэгчдийн сонголт бол зөвхөн тэр хүнийх л байдаг. Хэн нь чамд илүү таалагдаж байна түүнд дурладаг. Энэ дэлхйин бүх балетчид өөр өөрийнхөөрөө гайхамшигтай байдаг. Тэд нэг ижил хөгжим дээр тоглож байгаа балетын элментүүдийг яг өөрийнхөөрөө л үзэгчдэд хүргэдэг. Хэдийгээр балетын техник, тавилт нэг байдаг ч өөрийнхөөрөө хүргэдэг. Тэрийг яаж хүргэж, үзэгч хүлээн авч байна гэдэг л тухайн агшны огтолцол, нэгдэл юм. Тэгэхээр хооронд нь өрсөлдүүлэх, ангилах бол ямар ч шаардлагагүй, илүү зүйл. Тэрний оронд та оюуг ухааныхаа хязгааргүй ертөнцийг дүүргээд харах урлаг учраас нүд баясган зүрхээ улам гоё дурлуулж мэдрэмжээ л гоё болгоход балет тусладаг бол уу гэж бодож байна. Түүнээс биш балетын бүжигчид бүгдээрээ мундаг, гоё, өөр өөр байдаг.
“Чойжин ламын сүм” музейн захирал Д.Отгонсүрэн:
-“Америкийн бүжгийн оддын тоглолтыг үзээд сэтгэл маш өндөр байна. Их сайхан тоглолт боллоо. Имй сайхан Нью Йоркийн гоцлол бүижгчдийг Монголд урьж авчирсан Монголын урлагийн зөвлөл, ивээн тэтгэсэн Монре даатгалын хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн монголын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сайхан арга хэмжээг үзэгчдэдээ зориулан зохион байгуулсан Монголын урлагийн зөвлөлд дахин баярлалаа гэж хэлье. Тоглолт бол маш сайхан байлаа. Нью Йоркийн гоцлоочид нь ирсэн учраас арай өөр байлаа. Энд ирэн дэргэдээс нь “Цагаан хун”, “Хар хун”-ын үзлээ. Мөн контемпорари маягын бүтээлүүд орсон байна. Маш их таалагдлаа. Би найзуудтайгаа үзсэн. Бүгдээрэнд нь маш их таалагдсан сайхан байна”
“Түмэн эх” чуулгын захирал Т.Отгонсүрэн:
-“Үнэхээр гоё гайхамшигтай мундаг байна. Монголд тоглогдож байгаагүй номерууд анх удаа тоглогдлоо. Мөн өмнө нь үзэж байсан “Хун нуур” балетын хэсгүүд ч сайхан байлаа. Нью Йоркийн гоцлол балетчид бол чадварлаг, эрч хүчтэй байлаа. Ялангуяа нэгдүгээр хэсгийн хамгийн сүүлийн бүжиг маш их хэмнэлтэй, бүжигчдийн ур чадварыг харуулж байлаа. Мөн хамгийн сүүлийн “Огт хамаагүй” гээд бүтээл жааз хэлбэрийн гоё уран бүтээл болж өнгөрлөө. Эдгээр уран бүтээлчид манай “Түмэн эх” чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг үзсэн. Тэд монголын бүжигчдийн тухай гоё юм байна, нүүр нь ямар их гялтганасан нүүрний хувирал сайтай бүжигчид байна” хэмээн шагшин магтаж, бүжигчидтэй маань танилцсан. Өнөөдөр орой /өчигдөр VI/13/ болох “Хар хун” үдэшлэгт манай бүжигчид бие биелгээгээ заах бөгөөд мөн эдгээр найман бүжигчдэд ирсэн бүх хүмүүст зориулан жааз бүжиг заана гэсэн. Тэнд монголын бүжигчид Америкийн бүжигчидтэй хоорондоо туршлага солилцох ийм сайхан үйл явдал болох гэж байна”
“Ардчилалын боловсрол төв”-ийн захирал Г.Ундрал:
-“Маш сайхан юм байна. Үнэхээр таалагдлаа. Бид чинь Америкийн балетыг тэр болгон үзээгүй шүү дээ. Өмнө нь энд тэнд явж байхдаа үзэж байсан. Бид чинь Оросын сонгодог балетаар хүмүүжчихсэн, түүнийг илүү үзчихсэн болохоор өөрийн эрхгүй харьцуулж байна л даа. Оросууд бол сонгодог балетаараа өөр байдаг юм байна гэж миний хувьд санагдлаа. Энэ тоглолт бол үнэхээр сайхан гайхамшигтай байлаа”
Кино найруулагч Б.Амарсанаа:
-“Сайхан тоглолт боллоо, таалагдлаа. "Нью Йорк сити" балет бол дэлхийд алдартай. Бид сонгодог балетыг бол бага сага мэднэ шүү дээ. Ер нь Америкийн балетын урлаг ямар байдгыг сая нүдээрээ харлаа. Орчин үеийн балет үнэхээр таалагдлаа. Монголын үзэгчид Америкийн соёлын гайхамшиг болсон балетын өндөр оргилуудыг харлаа. “Арга билэг” хамтлагтай хамтран хийсэн “Танго” бол үнэхээр гайхалтай. Ямар гоё хосолж чадаж байна аа. Манай залуус тэр мундаг аялгуунуудыг нот харахгүй тоглож байна шүү дээ. Би бол бишрэн “Арга илэг” хамтлагаараа бахархсан. Монголчууд ч гэсэн авьяастай гэдгийг дахин нэг харууллаа. Өнөөдөр дэлхийн томчуудтай монголчууд хөл нийлүүлэн зэрэгцээд тоглоод том уран бүтээлийн ард гараад байж байна гэдэг бол сайхан бахархууштай байна”
“Америкийн одод Монголд” тоглолт өнөөдөр Дуурь, бүжгийн эрдмийн театр 19.00 цагт дахин ганцхан удаа тоглох юм. Дэлхийн оддыг дэргэдээсээ мэдрэх ховорхон боломжийг бүү алдаарай. “Америкийн бүжгийн одод” тоглолтын эх орондоо үзэх боложмийг олгон уг тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Монре” даатгал, ивээн тэтгэгчээр ажилласан Хас банк, АНУ-ын ЭСЯ, ноён С.Рагчаа, нэр нь үл мэдэгдэгч эрхэм, Жэйсон Кокс, “Төгөлдөр сан”, “Таван богд” групп, “Мон эм импекс” концерн, “Сайнд оф Монголия” ХХК болон уг тоглолтыг санаачлан зохион байгуулсан Монголын урлагийн зөвлөлд баярлалаа. Браво…





