Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

“Тэнэг” Дэнзэн

Монголын улстөрийн тогооны хавьцаа олигтойхон тус дэм хүргэхгүй хэрнээ гар хөлөө ээсэн шигээ явдаг нэг нөхөр бөөн баяр болчихсон явахтай саарал ордны гадаа таарав. Уг нь энэ нөхөр энэхүү шинэчлэлийн гэгдэх Засгийн газрыг гарч ирсэний дараахнаас нэлээд зүс гундуухан явах болж, тэр ч бүү хэл мань мэттэй таарахаараа мэндэлдэг болоод байсан юм, хөөрхий. Тиймээс таньж мэддэг нэг нь түүнийг газрын амьтан газартаа бууж ирлээ дээ хэмээн ярилцдаг байлаа. Тэрбээр үг сүггүй гар хөл барьж мэндлээд, хоол унданд хамт орьё л доо гэж байна. Үгүй гэлтэй биш, бас яагаад гэв гэнэтхэн доорд маньтайгаа ярьж эхлээд, бас хачин их баяртай явааг нь сонирхмоор санагдаад явчих нь тэр. Нөгөө талаас мань хүн 10 жилд нэг ангид хамт байснаа арай одоо гэв гэнэтхэн санаж байгаа юм биш биз дээ ч гэх шүү ухааны юм бодоод амжлаа
.
Ашгүй эрхэм нөхрийн баярласны учрыг олох гэж элдэв долоон битүү асуулт тавих хэрэг гарсангүй. “Нөгөө муу хар Дэнзэн, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дэд сая ажлаа өгсөн байна. Яагаав Норовын Алтанхуягийн хүргэн, нөгөө 17 тэрбумын тээндэр хусдаг нөхөр. Тэр ичсэн нэрэндээ ажлаа өгч байгаа юм. Одоо ч муусайн дуракуудыг ээлж дараалуулаад ингээд унагаад өгнө дөө” гэнгээ учиргүй инээгээд л цаанаа нэг бах тав нь ханасан шинжтэй харагдлаа.

Ингэж сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь байн байн гарах болсон Г.Дэнзэн хэмээх нөхөр ажлаа өгчээ. Үүнд миний бие нэг их гайхсангүй. Мань нөхрийн хувьд үүнийг сонсоод намайг мөн л  магнайгаа хагартал баярлана гэж бололтой. Мэдээж би юу гэж бөөн баяр болох вэ дээ, ямар түүнийг таньж мэдэх биш. Харин ч бүүр гайхав. Энэ Дэнзэн гэж ямар “тэнэг” залуу вэ гэж. Яагаад гээч, тэр наад зах нь “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” хэмээх уламжлагдаж ирсэн заншлыг эвдсэн асар “тэнэг” залуу байгаа юм. Уг нь тэр нэгэнт л хулгайч нар давамгайлсан улстөр хэмээх тогоо руу орсон юм чинь адилхан хулгай хийгээд л эсвэл, хулгайч нарыг хаацайлаад хэд гурван төгрөг цохисон шигээ явж байсан бол юу гэж 17 тэрбум төгрөгтэй холбогдож, Ерөнхий сайдын хүргэн идэж ууснаараа цоллуулах вэ дээ. Харин ч ухаантай золбоотойгоороо дуудуулаад өмнөх үеийнхэн шигээ гэдсээ илээд хэвтэж байхгүй юу. Гэтэл энэ нөхөр яав? Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдон очингуутаа л 300 ортой төрөх эмнэлэг яагаад баригдсангүй вэ гэдгийн араас мөшгөөд баахан нөхдийн дур дургүй хоёрыг зэрэг хүргэж эхлэв. Энэ дотроос дургүйцсэн нь олон байсныг хэлэх хэрэгтэй. Харин төрөх эмнэлгийг хүлээж байсан эхчүүд эмэгтэйчүүд дуртай байлгүй яахав. Дараа нь энэ нөхөр “давраад” Эрүүл мэндийг хариуцдаг яамны төрийн нарийн бичгийн даргатай холбоо бүхий бас л бөөн мөнгөний хэргийг гаргаад ирлээ. Бас л баахан нөхдийн дур дургүй хоёр улам ихээр хүрэв. Г.Дэнзэн ингээд зогссонгүй. Иргэний нисэхийнхнийг шалгаад баахан мөнгөний будилааныг илрүүллээ. Мөн л баахан хүний дур дургүй хоёрыг улам ихээр хүргэв. Нөгөөдүүл нь ч хөөрхийс арваас дээш жил хоригдох ял аваад шоронд морилох шиг боллоо. Харин эрхэм Дэнзэн хүний өөрийн намын хэсэг нөхдийн дур дургүй хоёр туйлын ихээр хүрээд байгааг мэдэж мэдэрсэн хэрнээ “эргүү” юм шиг зөрөөд татварынхны хэргийг гаргаад ирлээ. Дараа нь гаалийнхнийг шалгаж эхлэв. Ашигт малтмалынхныг ч зохих газрынх нь сонорт хүргэчихэв.

Манайд ийм нэгэн “тэнэг” залуу тодорсонд миний бие үнэхээр баяртай байгаа юм. Тэгээд ч ирж байгаа цаг юм хойно цаашдаа ийм “тэнэгүүд” улам олширно гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Зөв байна, миний дүү. Яадгийм том даргын хүргэн болоо л биз, ийм албан дээр очоо л биз. Бас эрхэм Н.Алтанхуягийг ч ойлгож байна. Яагаад гэхээр хэрвээ мань нөхөр хяналт шалгалт, дотоод аудит хариуцсан энэ албан тушаал дээр залуухан зоригтой, муу санаа суугаагүй, авлигын торонд орооцолдоогүй, эрчтэй, зоригтой, хамгийн гол нь итгэлтэй хүнээ тавиагүй бол бид өнөөдөр тэрбум тэрбумаар нь төгрөг мөнгө цохидог төсвийн хулгайчдын тухай дуулж сонсох байсан гэж үү? Үгүй байх. Магадгүй гадаадад л ганцхан ийм бузар булай мафи энэ тэр байдаг тухай яриад л авлигчдаа бурхан мэт шүтээд явж байх асан гэдэгтэй толгойгоо тавиад мөрийцөхөд ч бэлэн байна. Саяхан л УИХ-д сонгоод, зарим нэгийг нь цаашдаа төрд байх ёстой маш цэвэрхэн хүмүүс гээд шүтээд байсан нөхдүүд ямар аймаар хулгайчид байсныг мэдээд, мөн өөрийнхөө амьдралтай зүйрлээд харахаар өөрийн эрхгүй боогоод үхчихмээр санагдаж байна шүү дээ.  Хамгийн гомдмоор нь тэдэнд миний бие л гэхэд ямар их итгэж, заримын нь төлөө амиа өгөхөөс ч буцахааргүй явснаа бодохоор өөртөө гутарч үхмээр.

Эцэст нь хэлэхэд зүгээрээ Дэнзээн, чи зөв юм хийж гэж хэлмээр байна. Ажлаа өгч байгаад 17 тэрбумтай холбоотой эсэхээ шалгуулчих. Залуу хүний замын хүзүү урт учраас чиний өмнө их ирээдүй бий. Мөн битгий шантраарай, залуу насныхаа  зориг зүрхийг бүү гээгээрэй. Цаашид “чиний өрөөсөн” гуя манай нийгэмд улам олширч, харин бөөн баяр болон харайж яваа энэ хүн шиг нөхдүүд улам цөөрөх болно. Цаг нь тийм юм. Бас Ерөнхий сайдын хүргэн байхаа боливзой. АН, МАН-ын авлигаар хамтрагч цөөн нөхдүүд л бузар булхайг нь дэлгээд эхлэхээр чамайг 17 тэрбумтай албаар холбогдуулж, Ерөнхий сайдын хүргэн гэдгээр чинь баалаад байгаа юм. Хэрвээ чи амьдралаар жаахан тааруу явсан бол Н.Алтанхуяг гэж хүний үнэргүй нөхөр хүргэнээ огтхон ч тоохгүй байна гээд л баахан шаагилдах байсан биз. Зүгээр ээ хө, 17 тэрбум төгрөгтэй нэр холбогдсоны чинь төлөө хараах бус хэдэн арван 17 тэрбум төгрөг хулгайлаад халаасалчихсан төсвийн хулгайчид, мөнгө угаагч нарыг ил гаргасны тань төлөө баярлах хүмүүс улам олшрох болно. Миний өмөөрөөд байгаагийн хамгийн гол учир ердөө л энэ.

Э.ЦАСЧИХЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж