
Германы мөрдөх ажилтнуудын эрэн сурвалжилж яваа Макс гэх герман эр өдгөө 57 настай, Германаас гадна хэд хэдэн улс дамнан хөрөнгө оруулагчдыг залилж, хамгийн сүүлд оргон зугтахдаа 18 сая евротой болсон байсан талаар тус улсын хэвлэлүүд бичиж байна. Хөрөнгө оруулагчдын мөнгөнөөс 18 хувийг нь хувийн дансандаа шилжүүлчихээд зугтчихсан зайтай эр гэж байгаа. Энэ нь түүний үйлдсэн залилан луйвруудын зөвхөн ганцхан удаагийн тохиолдол нь гэнэ билээ. Энэ зууны зартай луйварчин эр байх нь. Түүнтэй “Royal Castle”-д хамтран амьдарч байсан гэх 50 орчим насны Ё.Гантуяа гэдэг эмэгтэйг Германы шүүхийнхэн бас л эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл тархлаа. Яаж яваад монгол эмэгтэйтэй танилцаж, нэг гэрт хамтран амьдарч байсныг нь мэдэхгүй. Герман эрчүүд монгол эмэгтэйчүүдийн ажилсаг мөртлөө илэн далангүй, юугаа ч нуудаггүй занд нь дуртай байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ ямар ч гэмгүй монгол эмэгтэйг энэ герман эр хөлдөө чирч байгаа бол яана. Аль эсвэл хамтарч луйвар хийж байсан уу гэдэг нууц хэвээр байна. Германы шүүхээс Максыг эрэн сурвалжилж эхэлсний дараа тэр хоёр Швейцарьт мэс засал хийлгэн, нэр зүсээ өөрчилж, Европын орнуудаар тэнүүчилж сураггүй болцгоосон гэж үзэж байжээ. Германы шүүх 2009 онд Интерполд хандан Макс Клойберийг эрэн сурвалжлуулсан ч баригдахгүй байсаар хамгийн сүүлд Монголд хувийн онгоцоороо ирсэн сураг чимээ сонссон аж. Харин Ё.Гантуяа гэгч эмэгтэй Монголд байхгүй, Хонконг, Токио, Макаод байж болзошгүй гэсэн мэдээлэл л үлдсэн байна. Харин герман эр Монголд орогнож байгаа гэнэ. Германы шүүх Ё.Гантуяа, Максимлян Лёонхард Клойбер нарыг барьж өгсөн хүнд 20, 20 мянган еврогийн шагнал амлаад байна гэх.
Луйварчин герман эрийн хамтран амьдрагч Ё.Гантуяагийн тухайд тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр жил гаруйн өмнө “Royal Castle”-ийн СӨХ-ны даргаар Гантуяа гэдэг эмэгтэй ажиллаж, тус хотхонд орж гарах гадна дотны хүмүүст зөвшөөрөл өгч байсан гэх мэдээлэл байна. Харин Монгол Улсын хэмжээнд Ё овогтой Гантуяа гэдэг нэртэй эмэгтэй 16 байдаг гэнэ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
