“Шинэ мянганы яруу найраг” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

“Шинэ мянганы яруу найраг” номын нээлт боллоо

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс эрхлэн “Шинэ мянганы яруу найраг” түүврийг уншигчдын гар дээр тавиад байна. Энэхүү түүвэрт 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед утга зохиолд хөл тавьж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн 85 найрагчийн шүлэг багтсан юм. Өчигдөр болсон уг номын нээлтэд Д.Нацагдоржийн шагналт, СЗГ, яруу найрагч Ш.Дулмаа, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ломбын Нямаа, "Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарын өмнөх үеийн төлөөлөл болон Ш.Лхамноржмаа, Ж.Мөнхбат, Н.Гантулга тэргүүтэй нэгэн үеийн яруу найрагч “Болор цом”-ын эзэд оролцлоо. Энэ үеийн найрагчдын ихэнхийг нь сурган хүмүүжүүлсэн яруу найрагч Ш.Дулмаа найрагч шинэ номыг мялааж "Бидний үед ард түмнээ уриалан дуудаж, олон сайхан зүйлийг хийж байсан. Шинэ мянганы залуучууд орчин үеийн яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын өнгө аясыг тодорхойлж ард түмэнд шинэ зүйлийг бэлэглэж, сэтгэл санаа оюун бодлын их хүчийг өгнө гэж итгэж байна. Манай ард түмэн зовох нь зовж, жаргах нь жаргаж шинэ эрин үетэй учирч байгаа. Монголын яруу найргийг өөдрөг өнгөтэй байлгах, шинэ үзэл санаа, шинэ сэдлийн их уурхайг бэлэглэх үүргийг "Шинэ мянган"-ы залуучууд хүлээж байгаа юм. Та нарт ядуу хүн ч уншаад сэтгэлээ гэрэлтүүлэх, баян хүн ч уншаад ядуугаа энэрэх, ухаантай хүн ухаанаа цэлмээх зохиол бүтээлийг гаргаж, ард түмэндээ бэлэглэх үүрэг иржээ” хэмээн залуу найрагчиддаа сэтгэлийн үгээ хэлсэн бол Ломбын Нямаа найрагч шинэ ном бүртээ шат ахиж, дэлхийн олон хэлээр шүлэг бүтээл туурвиж, дэлхийн дэвжээнд гарахыг захилаа. Харин 90-ээд оныхноо төлөөлөн ирсэн найрагч А.Эрдэнэ-Очир “Нэг тийм юу нь мэдэгдэхгүй хүлээлт байдаг даа. Тийм сонин хүлээлт бидэнд байгаад л байсан. Тэр хүлээлтийн хариулт энэ ном боллоо” гэсэн юм. Дашрамд дуулгахад, "Шинэ мянган" нэгдэл нь нэгэн үеийн яруу найргийн дууны шүлгийн цомог, үргэлжилсэн үг, туужийн түүврийн номыг залуу яруу найрагчдаа дэмжин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү түүврээрээ Монголын утга зохиолын бүх үеийнхэндээ, яруу найрагт хайртай уншигчиддаа хүндэтгэл үзүүлж байгаа ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж