
Энэ жил ЭЕШ-д 43875 хүүхэд орохоор бүртгүүлсэн. Тэдний 6440 нь өнгөрсөн онд ЕБС төгсөгчид. Ноднингоос энэ жил рүү шилжин шалгуулагчдын хувьд бага боловч туршлагатай болохоор цочроо нь гарчихсан гэж болно. Шинээр ЭЕШ өгч буй хүүхдүүдийн хувьд хүний өөрийн зан чанар, зохион байгуулалтаас шалтгаалсан жижиг сажиг алдаа гаргах нь бий гэнэ. Шалгалт эхлэхээс цагийн өмнө тухайн сургууль дээр очсон байхыг шаарддаг хэдий ч хүүхдүүд цаг тулгаж очсоноос сандарч тэвдэх, тэвдсэнээсээ болж шаблоноо буруу бөглөх нь энүүхэнд аж. Түүнчлэн ЭЕШ-ын өмнөх орой айж түгшээд, эсвэл хичээл давтан нойр муутай хоносноос шалгалтын танхимд чимээ шуугиангүй нам гүм орчинд ормогцоо нойрмоглох, бүр ширээгээ дэрлээд унтаж орхих нь бий ажээ. Тиймээс эцэг эхчүүд шалгалтын үеэр хүүхдүүдээ аль болох амрааж байхыг мэргэжилтнүүд онцгойлон сануулж байлаа.
Бүх шинжлэх ухааны хаан математик гэдэг. Гэтэл хамгийн хүнд энэ хичээлийг хамгийн олон хүүхэд сонгон шалгалт өгдөг ажээ. Энэ жилийн хувьд л гэхэд математикийн шалгалт өгөхөөр 37792 хүүхэд бүртгүүлсэн байна. Араас нь англи хэл, нийгмийн ухааны хичээлүүд жагсчээ. Харин хойтон жилээс хүүхэд бүр монгол хэлний шалгалт өгнө. Ингэхээс аргагүй байдал үүсчихээд байгаа болохоор ийн шийдсэн хэрэг. Гадаадад их дээд сургуль төгссөн, орос, англи, хятад хэлийг унаган хэлд унаган хэл шигээ сурсан ч буцаад монголоор орчуулж, ярьж чадахгүй, монгол хэлээр өргөдөл ч бичиж мэдэхгүй хагас монгол хэлтнүүд олширч, түүнийгээ төрийн албанд ашиглаж байгаагаас хүүхэд бүрийг эхлээд монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичүүлж сургах гэсэн зорилго дээрх шийдвэрийн ард нуугдан байгааг дуулгая. “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл” гэсэн их найрагчийн мөрийг үнэнхүү ажил хэрэг болгохгүй бол гадаадад төгсөгчид төдийгүй дотоодын сургуулиуд ч хагас монгол хэлтнүүдийг бэлтгэсээр байна. Нийслэлээс мянган км-ийн алсад орших Баян-Өлгий аймагт очсон сэтгүүлчдийн асуултыг Ж.Сауле сайд орчуулж байж ойлголцсон гэхээр монгол хэл, соёл мартагдах аюул ойрхон ирсний баталгаа биз ээ. Халхаар асуусныг ойлгосон ч үл ойлгогчийн дүр эсгэх хасаг санааг давж гүйцэхгүй төрийн бодлого байж боломгүй.
Энэ жилийн ЭЕШ-аас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай танхимыг бий болгосон нь сайшаалтай. Тэдний хувьд сурч боловсрох боломж нь хязгаарлагдмал ч хүсэл сонирхол нь эгээ л эрүүл хүүхдийн нэг адил байдаг. Бусдын дайтай амьдрах их хүслийг нь эрүүл хүүхдүүдтэй харьцуулшгүй. Тэр хэрээрээ ч асар их тэвчээр заяасан байдгийг жолооны сургуулийн багш нар баталдаг. Жолоонд сурч буй сонсголын бэрхшээлтэй хүмүүс багшийн заасныг эрүүл хүмүүсээс илүү ягштал биелүүлдгээрээ онцлог. Өөр бусад илүү мэдээллээс хол хөндий болохоор өөрт нь зориулсан ашигтай мэдээллийг л хүлээн авдагтай ч холбоотой гэж багш нар үздэг юм билээ. Ямартай ч энэ жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандсан нааштай хандлага ЭЕШ-ын журамд багтах боллоо.
Орчин үеийн хүүхдүүдийн хэрэглээ улам бүр тэлсээр байна. Үнэтэй чамин гар утаснаас эхлээд өмсгөл зүүсгэл нь хүртэл ээж ааваасаа илүү гарч мэднэ. Эцэг эхчүүд ч өөрсдийгөө гэхээсээ илүү хүүхдээ бусдаас дутахааргүй өсгөхийг хичээнэ. Энэ нь айлууд ганц нэг хүүхэдтэй болсонтой холбоотой. Чамин тансаг хэрэглээг орчин үеийн “шипи” дагалдан байхыг үгүйсгэхгүй тул ЭЕШ-д элдэв техник хэрэгсэл авч орохыг хориглодог. Тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютор, МР3, МР4, дуу хураагуур гэхчилэн бусдад саад учруулах, хууран мэхлэхэд ашиглаж болохуйц бүхнийг хэрэглэж болохгүйг ЭЕШ-ын дүрэмд нарийвчлан заажээ. Гар утас ч хориотой. Гэвч шалгалтаас шалгалтын хооронд эцэг эхтэйгээ холбоо барих шаардлагатайг нь бодолцож гар утсыг унтраалган ширээн дээр нь тавиулдаг ажээ.
ЭЕШ-ын сэдэв даалгаврыг найдвартай эсэхэд эргэлзэх хүн олон бий. Монголчууд цөөхүүлээ, дээр нь ах дүүсэг. Ах дүү, адаглаад хамаатан садангүй хүн үгүй болохоор ЭЕШ-ын сэдэв даалгаврыг боловсруулсан багш нар задруулчихсан байх вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл энэ талаар Боловсролын үнэлгэний төвийн захирал хэлэхдээ “Сэдэв даалгавар боловсруулах нь ЭЕШ-ын хамгийн гол ажил юм. Сэдэв даалгаврын блупринтийг жил бүр шинэчлэн БҮТ-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулдаг. Уг блупринтийн дагуу хичээл тус бүрээр их дээд сургууль, ЕБС-ийн багш нараас бүрдсэн баг сэдэв даалгаврыг боловсруулдаг. Энэ ажлыг цагдаагийн хамгаалалтад боловсруулж, хадгалах шалгалтын байранд хүргэх үүргийг Тагнуулын ерөнхий газар зохион байгуулдаг. Мөн тест боловсруулсан багш нар шалгалт дууссан сүүлчийн өдөр тухайн объектоос бууж ирдэг учир шалгалтын материалын найдвартай эсэхэд эргэлзэх хэрэггүй” хэмээн хариулжээ.
Бас нэгэн эргэлзээ хар дагуулсан зүйл бол шалгалтын дүн. Мэдээж хүүхэд бүр өөрийн хариултаа үнэн зөв гэж итгэдэг. Тиймээс ч шалгалтын дараа дүн оноондоо сэтгэл ханамжгүй дахин нягтлуулахаар хандах тохиолдол олон. Гэвч нэг асуултад хоёр харилт сонгох ч юм уу, нэгийг нь дугуйлаад нөгөөг нь цэглээд орхичихсон зэрэг алдаа гаргасан байдаг гэнэ. Тиймээс хариултын хуудсыг журмын дагу бөглөхөд анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дугуйгаас нь давуулан будах, илүү гаргах, нэг хариултыг сонгочихоод буцаад баллах зэрэг түгээмэл алдааг санаатай болон санамсаргүй байдлаар гаргахгүй байхыг дуулгая. За ингээд өнөөдрөөс эхлэн ЭЕШ өгч байгаа бүх хүүхдүүдэд амжилт хүсье. ЭЕШ-ын дүн долдугаар сарын 1-ний өдөр гарна. Тэгээд их дээд сургуулийн бүртгэл эхэлнэ. ЭЕШ-ын дараах их дээд сургуулиудын бүртгэл гэж картын барааны оочер дугаарыг санагдуулсан бараан саарал өдрүүдийн тухай, түүнийг боловсронгуй болгох боломжийн тухай дараа тухтай ярилцъя. Ямартай ч наадам хүртэл ЕБС төгсөгчид завгүй байх нь.