
Орчин үеийн таван төрөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээний хоёр дахь гараа Итали улсад боллоо. Тус улсын үзэсгэлэнт Сардини арал дээр болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд эхний өдөр зөвхөн морь унах төрлөөр өрсөлдсөн бол дараагийн өдөр нь туялзуур сэлмээр хүч үзсэн байна. Энэ төрлийн тэмцээнд дэлхийн чансааны тэргүүн, Оросын тамирчин Александр Лесан манлайлжээ. Түүнийг олимпийн хошой аварга Андрей Мойсеев дасгалжуулж байсан юм. Харин дараа нь болсон усанд сэлэлтийн тэмцээнд тэргүүлэгчид тийм ч сайн байсангүй. Харин Польшийн залуу пентатлонч Ремигуш Голис 200 метр зайг нэг минут, 54 секундэд туулж, усанд сэлэлтийн тэмцээнээс бүтэн оноо авч чадсан юм. Гэхдээ нийлбэр оноогоор Александр Лесан тэргүүлсэн хэвээр байлаа. Учир нь өмнөх өдөр нь зохиогдсон морь унах тэмцээнд тэрбээр сайн байж, 16 онооны зөрүүтэйгээр тасраад байсан юм. Харин сүүлчийн тэмцээн нь гүйлт болон буудлагын тэмцээн байсан. Тэмцээний төгсгөлд тэргүүлэгчийн байр өөрчлөгдөж, дэлхийн чансааны хоёрт бичигдэж байгаа Унгарын тамирчин Адам Мароси сүүлийн уралдаанд тун нямбай байсны ачаар ялагч болжээ. Тэрбээр таван удаа буудлага хийхдээ нэг ч алдаа гаргаагүй бөгөөд энэ амжилт нь Италийн гараанд түрүүлэхэд хангалттай байсан юм. Харин энэ гарааны удаахь байрт дэлхийн чансааны тэргүүн Оросын тамирчин Александр Лесан, Америкийн Жастин Кендрис нар орсон байна.
Италийн гарааны эрэгтэйчүүдийн аварга ийнхүү эцсийн мөчид шийдэгдсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд эсрэгээрээ байлаа. Триатлоны спортыг анх эртний грекчүүд төгс хүнийг бий болгох зорилготойгоор санаачилсан гэж үздэг юм. Тэгвэл энэ зорилгын илрэл гэмээр тун тэгш амжилтыг Орос бүсгүй гаргажээ. Анхны тэмцээн болох туялзуур сэлэмний төрөлд ОХУ-ын туршлагатай тамирчин Доната Римсайте түрүүлж чадсан юм. Таван төрөлтөөр найм дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр сүүлийн жилүүдэд гэмтлийн улмаас тэмцээн, уралдаанд оролцоогүй байсан ч усанд сэлэлт, буудлага, гүйлт гээд эхний өдөр болсон дөрвөн тэмцээнд бүгдэд нь Доната Римсайте түрүүлсэн байна. Харин хоёр болон гуравдугаар байруудын төлөө Берарусийн тамирчин Анастасия Прокопенко, Польшийн Магдалена Валес нар хүчтэй өрсөлдөж байсан юм. Улмаар Анастасия Прокопенко мөнгөн медалийн эзэн болсон бол Английн тамирчин удаалсан байна. Орос бүсгүйн хувьд 2009 оноос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй бөгөөд сүүлийн хоёр жилд оролцсон анхны уралдаандаа ийнхүү түрүүлж чадсан байна. Ийнхүү тэрбээр “Дэлхийн цом”-ын тэмцээнийг ерөнхий дүнгээр тэргүүлж эхэлжээ. Таван төрөлтийн дараагийн цуврал Унгарын Будапешт хотноо ирэх сарын 5-нд эхэлнэ.
Score Studio