Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж, УИХ-ын зарим байнгын хороод хуралдана. Үдээс өмнө хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээс гадна “Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг сайжруулах арга зам” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр болов.

Хэлэлцэх асуудал нь тийм ч тодорхой болоогүй нэгэн хуралдаан зарлагдсан нь Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан байгаа бөгөөд Улсын Их Хурлын зарим гишүүний хүсэлтийн талаар хэлэлцэх гэнэ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж