
Учир нь Хойд Солонгосын дүрвэгч иргэд эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан, эрүү шүүлт амсаж, тав хүртэлх жилийн албадан хөдөлмөр эрхлэх ял сонсдог ба хэрэв тэд Өмнөд Солонгос, АНУ-ын Христийн шашинтнуудын тусламж авсан юмуу эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулсан бол бүх насаараа хорих юмуу цаазаар авах ял сонсдог аж. Түүнчлэн Хойд Солонгосын талаас дүрвэгчдийн гэр бүлийнхэнд хүртэл маш хатуу ханддаг гэнэ. Тухайлбал, 2003 онд Хойд Солонгосын 7 настай Пак Сён-хён охин эцэг, эхийнхээ хамт Хятадаар дамжин Монгол улс руу нэвтрэх гэж байгаад баривчлагдан албадан эх орон руугаа буцаагджээ. Харин Хойд Солонгосын албанхан охины эцэг, эхийг нь хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлээд зогсохгүй охиныг ч мөн өөр олон хүүхдүүдтэй хамт Чонгжин хотод орших шоронд хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлж, эсэргүүцэл үзүүлбэл зоддог байсан гэнэ. Азаар охиныг авга ах нь шоронгоос оргуулан Өмнөд Солонгост ирж байжээ. Түүнчлэн өнгөрсөн сард л гэхэд Хойд Солонгосоос дүрвэсэн есөн залуу Лаос улсад баривчлагдсан ба Лаосын Засгийн газраас тэднийг Хойдын талд хүлээлгэн өгсөн байна.
Үүний зэрэгцээ Өмнөд болон Хойд Солонгосын хооронд хийгдэх байсан яриа, хэлэлцээр цуцлагдсан асуудал олон улсын анхаарал татаж байгаа билээ. Хоёр Солонгосын яриа хэлэлцээрийн тов өчигдөр хэмээн зарлагдаад байсан боловч Хойдын зүгээс үүнийг цуцлах хүсэлт гаргаснаар хэлэлцээрийн тов дахин хэзээ зарлагдах нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар БНАСАУ-ын талаас яриа, хэлэлцээрийг төрийн дээд түвшинд явуулах хүсэлтэй байсан боловч Өмнөд Солонгос хэлэлцээрийн түвшинг доошлуулсанд Хойдууд дургүйцсэн гэнэ.