Төмөр замын ажлыг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Төмөр замын ажлыг эхлүүлжээ

Стратегийн оруудыг ашиглахтай холбоотойгоор УИХ өнгөрсөн оны зургадугаар сард Төмөр за­мын тээв­рийн талаар баримтлах бодлогыг батлан гаргасан бөгөөд хэрэгжилт ямар шатанд яваа талаарх танилцуулгыг өчигдөр сайд Х.Баттулга УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хийлээ.
Ямартай ч, Даланзадгад-Таван­толгой-Сайншанд-Чойбал­сангийн чиглэлд барихаар төлөвлөсөн тө­мөр замын газар шорооны ажлыг эхлүүлжээ. Энэ ажилд үндэсний 50 компани ханцуй шамлан орсон байна. Хэдийгээр үндэсний компаниудад төмөр зам барих туршлага бага ч, тэдгээрийг газар шорооны ажилд татан оролцуулснаар иргэдээ ажил­тай, орлоготой байлгах зорилго биеллээ олно хэмээн Засгийн газар үзжээ. Харин байнгын хорооны гишүүдийн хувьд говь талын нутгаар 1100 км үргэлжлэх төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байхад газар шорооны ажлыг эхлүүлсэн нь Засгийн газрын хувьд хууль зөрчсөн үйлдэл болж буй юм биш биз гэж болгоомжилж байна. Нөгөө талаас төмөр зам барина гэдэг авто зам барихтай адил зүйл биш тул, няхуур хандах ёстой хэмээн үзэв. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын тайлбараар бол цаг хугацаа хожих зорилгоор газар шорооны ажлыг эхлүүлсэн. Төмөр замын ТЭЗҮ ирэх долдугаар сарын эхээр гарчихна. Гэхдээ огт судалгаагүй ажлыг эхлүүлээгүй, мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг тодот­госон юм. Мөн Тавантолгойн IPO-г эхлүүлэхэд гадаадынханд Мон­­гол Улс дэд бүтэцдээ анхаарал хандуулаад эхэлжээ гэсэн мессежийг өгөх шаардлагатай байгаа тул ТЭЗҮ-ийг хүлээлгүйгээр ажлыг эхлүүлсэн” гэсэн нэмэлт тайлбар ч дагууллаа.
Тавантолгойн ордыг ашиглах хү­рээнд Монгол Улсын Засгийн газраас олон улсын тендер зарлаж, түүнд гадаадын зургаан консерциум тунаж үлдэн, хэлэлцээрийн ширээний ард суугаад буй. Тэдгээрээс ОХУ-ын консерциум Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор дэд бүт­цийн салбарыг хөгжүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бололцоотой гэдгээ илэрхийлсэн байна. Хэрвээ тус консерциум ялалт байгуулаад ороод ирвэл Монгол Улсын Засгийн газрын хувьд төмөр зам барихад шаардагдах зарим эх үүсвэрт толгой гашилгахгүй нь бололтой. Одоо бол хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж, дээр дурд­сан төмөр замын газар шорооны ажилд шаардагдаж буй зарим хөрөнгийг “Геомастер”, ХХК, “Эко Гидро Гео” ХХК–иудаас гаргуулан зээлээр гүйцэтгүүлж буй гэх. Мөн Монголын төмөр зам компани Хаан банкнаас жилийн есөн хувийн хүүтэй таван сая ам.долларын зээл авахаар болж гэрээ байгуулжээ. Ийм тайлбарыг сонссон УИХ-ын гишүүд золтой л толгойныхоо үсийг зулгаасангүй. УИХ-ын гишүүн Д.Тэр­биш­дагва “Төр мөнгө гаргаж, ийм том бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд малчид зээл авснаасаа болж, Хаан банкны барьцаанд орсон. Одоо Монголын төмөр зам Хаан банкинд барьцаалагдаад малчид шиг юм болох нь л дээ.  Оюутолгойгоос авсан урьдчилгаа мөнгө хаачив,  тараагаад дууссан уу гэж ирээд л бухимдав. Харин сайд Х.Баттулга “Жилийн есөн хувийн хүүтэй таван сая ам.долларын зээл тийм өндөр биш шүү дээ” гэж сөргүүллээ. Ямар ч байсан, Засгийн газар Оюутолгойн ордын урьдчилгааг иргэдэд сонгуулийн амлалтыг бие­лүү­лэх хүрээнд тараагаад дууссан бол Тавантолгойн ордын урьдчилгаа төлбөрийг дахин  тараана гэвэл УИХ-ын гишүүд Засгийн газрыг “дуэльд” дуудаж мэдэх нь.
УИХ-ын гишүүдийн уурыг бар­сан, Хаан банкны зээл, “Таван­толгой транс” компанийнхны хэрээс хэтэрсэн үйлдлээр солигдов. Жижиг Тавантолгойн ордод олборлолт явуулж буй тус компанийн хувьд нүүрсийг урд хөрш рүү тээвэрлэх явцдаа өмнийн говийн газар шороог там болгож буй ажээ.  Ойр хавьд нь хүн, мал байтугай амьтан ч тогтохын аргагүй болж байгаа гэнэ. Уур нь бадарсан гишүүд ээлж дараагаар “Байгалийн баялагийг ашиглаж бол­но,  гэхдээ урьдчилаад авто замаа бариад нүүрсээ тээвэрлэж болдоггүй юм уу. Монголд төр засаг гэж байна уу. Салбарын яам нь үүнд анхаарч байна уу. Яагаад замаа тавьсан цагт нүүрсээ экспортол гэсэн шаардлагыг Засгийн газар тавьж, болдоггүй юм бэ” гэсэн асуултуудыг угсруулан тавив. Сайд Х.Баттулгын хариултаар бол 2009 онд 280 дугаар тушаалыг тэрбээр гаргаж, “Замаа тавьж байж, бүтээгдэхүүнээ зөө” гэсэн шаардлага тавьсан ч, хүлээж аваагүй аж. Газар дээр нь очоод шаардлага тавьсан Зам, тээвэр барилга, хот байгуулалтын яамныханг элдэв янзаар нь хэлдэг. Үндсэндээ Монгол Улс дотор нэг вант улс байгуулчихаж… Бас болоогүй хэргийн эзэн саяхан нэг хэвлэлд ярилцлага өгсөн. Түүндээ “Өмнөговь аймгийн баялгийг Дорноговийнхон иднэ гэж байхгүй шүү” хэмээн анхааруулаад авчээ. Ийм нэг төрд захирагддаггүй олигархийг яах вэ гэсэн яриа өрнөв.  Олигархуудын өмнө төр хүчгүйдэж байгаагийн бо­дит жишээ энэ болж буй бололтой.
УИХ-ын гишүүд бол толгой сэгсрэн, “Арай ч дээ Монгол төрийг дарлана дарлана гэхэд дэндэж байна” хэмээн шогшроод авлаа. Сайд Х.Баттулгын хувьд ч, ашигт малтмалын лицензтэй холбоотойгоор төрөөс нэгдмэл бодлого гаргахгүй бол лицензтэй бүхэн “Тавантолгой транс”-ынхны нэгэн адил Монголын тал нутгийг түйвээж болзошгүй тул, энэ асуудалд УИХ –ч санаачлагатай ажилламаар байна гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж