Туркчүүд түүхийнхээ төлөө “асч” байна

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Туркчүүд түүхийнхээ төлөө “асч” байна

Анх Жези талбайг шинэчилж, шинэ цэцэрлэгт хүрээлэн барина гэдгийг эсэргүүцсэнээр эхэлсэн туркчүүдийн бослого яг одоо үндэстнийг хамарсан том хэмжээний жагсаал, сөрөг хүчний эсэргүүцлийг дагуулсан улстөрийн “тоглолт” болтлоо өргөжөөд байна. Европийн холбоо хүртэл энэ талаар хуралдаж амжсан гэж бодохоор байдал хэрхэн хурцадсаныг харж болно. Олон нийтийн сүлжээ сайтуудын гүйцэтгэх үүрэг ч жагсаалын уур амьсгалтай зэрэгцэн хүчээ авсаар байна. Туркийн ард түмэн энэ асуудалд цөхрөлтгүй байр суурьнаас хандаж, элдэв улстөрчдийн явуулгагүйгээр тэмцэж байна. Сөрөг хүчин үүнийг соргогоор өлгөн авч байгаа ч аль хэдийнэ аль нэг намын хүрээнээс хальж гарсан гэдгийг одоогийн байдал бэлхнээ харуулж байгаа билээ.


Жези талбайн хажууд хүнд даацын болон цемент холих машин, хүнд голч төмрүүд байрлуулж, худалдааны төв барихаар бэлэн байдалд байгаа ч тэдний “дайралт”-ыг зогсоохын төлөө Туркийн ард түмэн ийн хүчтэй тэмцсээр… Одоогоор цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, цахилгаан буу зэргийг ашиглаж байгаа ч гал мэт ассан туркчуудыг  номхотгож чадахгүй хэвээр байгаа. Ганцхан талбайн газраас болж сүр бадрууллаа гэж харах хэсэг байгаа ч дэлхийн өнцөг булан бүрт байгаа эгэл жирийн иргэд туркчуудын тэмцлийг дэмжиж байна. Учир нь энэ талбайтай Туркийн эрт үеийн болоод орчин үеийн түүх гүнзгий холбогддог болохоор Туркийн ард түмэн тэр түүхийнхээ төлөө нэгдэн боссон биз ээ.


Аварга загасны хараанд

Дэлхийн томоохон улс гүрнүүд, АНУ тэднийг аль хэдийнэ хараандаа авчихсан байгаа. Алив нэгэн жагсаал цуглааныг улстөрийн байр сууринаас ажиглах дуртай тэд үүнийг Эрдоганы засаглалыг эсэргүүцэх, одоогийн байдлаасаа гарах, ДНБ-ийг өсгөхийн тулд хийж байгаа тэмцэл хэмээн харж байгаа бололтой. Тиймээс ч тэд ямар нэгэн байдлаар албан ёсны байр суурь илэрхийлсэн мэдээллийг хийхгүй байна. Европийн холбоо уг асуудлыг нэн даруй шийдэж, хүчирхийллийн замаар бус энхтайванч байдлаар шийдэхийг уриалсан. Гэхдээ яг одоо бол Ерөнхий сайд Эрдоганы засаглал ч тэр, Туркийн ард түмэн ч тэр өөрсдийн байр сууринаас ухрахгүй гэдгээ хатуу мэдэгдээд байгаа. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл нөхцөл байдал улам хүндэрнэ. Харин тэр үед энэ жагсаалыг хэрхэн дарахыг Эрдоганы засаг тийм ч амархан шийдчихгүй болов уу.

Нөгөө тийшээ хэлбийх эрсдэл

Яг одоо бол ийм эрсдэл бий. Учир нь Туркт мусульман шашинтай олон иргэд байгаа. Туркийг социалист замаар удирдах хүсэлтэй бүлэглэлүүд ч цөөнгүй. Тиймээс эмх замбараагүй байдал, дэлбэлэх, буудалцах байдалд хүрэх эрсдэл хаалганы урд байгаа. Харин яаж энэ бүгдээс сэргийлэх вэ гэдэг нь Эрдоганы асуудал. Эрдоган үүнийг ийм байдалд хүргэхгүй, бид эцсийн шийдвэр дээрээ бат зогсоно гэдгээр таглаж байгаа юм. Олон нийтийн цахим сүлжээ, дэлхийг хэрсэн блогуудыг харвал яг энэ эрсдэл хэзээ ч бодит байдал болоход бэлэн байгаа бололтой.

Эрсдэлийг арилгах, эрчмийг сулруулах зорилгоор Эрдоган жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, хэрхэн шийдэх арга замыг хэдэнтээ хайж үзсэн. Гэхдээ ажил хэрэг болсон зүйлс ажиглагдахгүй л байна. Туркийн улстөр, урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд жагсагчдын талд байгаа гэдгээ илэрхийлж, Эрдогантай уулзалт зохион байгуулсан. Гэтэл яг энэ уулзалт болсноос хэдхэн цагийн дараа Таксимын талбай дээрх бослого улам хүчээ авсан билээ.

Улстөрчид хэзээ ч байгаагүй

Эрдоган болоод түүний засаг захиргааныхан энэ жагсаалын эхлэлийг сөрөг хүчнийхэн эхлүүлсэн гэж эхэн үедээ бодож байсан юм. Арга ч үгүй юм сөрөг хүчний таван намын бүлэглэл яг одоо Эрдоганыг унагаах хүсэлтэй байгаа. Сүүлийн хэдэн жилийн хөгжлийн эхийг Эрдоган тавьсан гэдэгт Туркчууд итгэж байгаа нь тодорхой. Тиймээс сөрөг хүчний нэр хүндийг өсгөх, аврах хүсэл тэдэнд бий. Гэхдээ Туркийн ард түмэн аль нэг намын үзэл суртлаар үүнийг эхлүүлээгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Хэдийгээр жагсаалын эхлэл болоод өрнөл нь сөрөг хүчинтэй холбоогүй ч тэдний тавьсан асуудлыг дэмжиж, Эрдоганы засаглалыг муулах нь тэдэнд тэр бүр олдоод байхгүй “хөзөр”. Тиймээс сөрөг хүчин үүнийг ард түмнийхээ талд байгаа гэдгээр тайлбарлаж, өдөр бүр Эрдоганы засаг захиргааг муулсан ухуулах хуудас, илтгэлүүдийг тавьж байгаа аж.
 
Жагсаал эхэлснээс хойш хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд дөрвөн хүн нас барж, мянга мянган иргэн бэртэж гэмтжээ. Зарим газарт дэлбэрэх бодис, шатах материал зэргийг жагсаалдаа ашиглаж байгаа нь эрсдэл дагуулсаар байна. Мөн залуучууд энэ хөдөлгөөнд элсэх нь их байгаа тул ихэнх газрууд цагийн ажилтан хайхад хүрээд байгаа ажээ. Ямар ч байсан энэ долоо хоногийн сүүлээр Эрдоган шийдвэрээ гаргана. Гэхдээ ард түмний талд уу, Засгийн газрын талд уу гэдэг нь одоо ч эргэлзээтэй байна. Эсвэл бүр гаргахгүй байж ч болох юм.

Монгол Улсаас хэдэн мянган км-ын алсад байгаа энэ улсад жагсаал цуглаан энэ мэтчилэн эсрэгээрээ өрнөж байна. Тэд хэн нэгэн хүний шахалтаар үүнийг хийгээгүй, Туркийн парламентад багтахын төлөө жагсахгүй байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалахын тулд, эртний Түрэг үндэстний соёл уламжлал гээхгүйн төлөө Туркийн залуу үе тэмцэж байна.  Жези талбай ард олондоо үлдэнэ гэж найдъя.

Б.СҮХ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж